sonin.mn

“Тээврийн хөгжлийн банк” тойрсон олон жилийн хэрүүл өнөөдөр ч цэгцрээгүй байна. Тус банкны 49 хувийг УИХ-ын гишүүн асан  Д.Энхтайван, “Монголбанк”-ны Лондон дахь төлөөлөгч, “Хөгжлийн банк”-ны  ТУЗ-ын гишүүн Д.Энхжаргал нарын ах дүүс эзэмшдэг.

Харин 51 хувийг Швейцари улсын иргэн Армин Веидикер эзэмшдэг байсныг банкны салбарынхан сайн мэднэ. Тэрбээр “Монголбанк”-ны Лондон дахь суурин төлөөлөгч хатагтай Д.Энхжаргалтай танилцаж, түүний хүсэлтээр тус банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчур” компанийг худалдан авч монголд  анх хөл тавьсан түүхтэй. Гэвч бизнес нь санаснаар болоогүй.

Хөрөнгө оруулалтаа хийж, хууль ёсны дагуу ажил хэргээ эхлэх гэтэл монголд хөтөлж авчирсан түншүүдийнх нь  найрсаг харилцаа хүйтэрч, учир битүүлэг гацаанд орох нь тэр.  Хөөрхий хөтлөгдөж орж ирээд хөрөнгөө “царцаачихсан” Арминыг тэдэнтэйгээ  учраа ололцох гэж энгийн үгээр хэлэхэд үйлээ үзсэн гэж хүмүүс ярьдаг.

Эцэс сүүлд нь арга буюу хувиа зараад монголыг орхисон. Гэвч сүүлийн үед түүний тухай интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, мөнгө угаасан гэх мэт ноцтой мэдэгдлүүдийг хуучин хамтрагчид нь цацах болсон тул арга буюу нэр төрөө олж авахаар монголд иржээ. Ноён Армин Веидикерийг дөнгөж онгоцноос буугаад байхад уулзаж ярилцлаа.

-Уучлаарай, өөрийг тань интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “гэмт хэрэгтэн” гэж бодож байлаа?

-Би сүүлийн 40 жил банкир хийж байгаа хүн. Энэ хугацаандаа хэзээ ч янз янзын хэл үгэнд орооцолдож яваагүй. Гэвч сүүлийн үед монголд ой ухаанд орохын аргагүй таагүй байдлаар гүтгэгдэж, байж болшгүйгээр хэлэгдэж байгаа учраас энэ бүхний учрыг олохоор өөрийн биеэр ирж байгаа минь энэ.

-Ямар ч байсан миний харж байгаагаар та интерполоор эрэн сурвалжлагдаагүй, эрх чөлөөт хүн юм байна, тийм үү?

-(инээв) Зөвхөн одоо би эрх чөлөөтэй байгаа юм биш ээ. Би бол насаараа л эрх чөлөөтэй амьдарч яваа хүн. Монгол Швейцари хоёр орны хууль өөр л дөө. Швейцарийн хуулиар хэрвээ  ямар нэгэн хэрэгт холбогдсон бол би энд ингээд чөлөөтэй явж байхгүй. Тэнд ч ажил хэргээ явуулаад хэвийн амьдрахгүй.

Д.Энхтайван бид хоёрын хамгийн гол ялгаа гэвэл би хэлж байгаа юмаа бүгдийг нь баталж чадна. Харин тэр хүнд тийм бололцоо байхгүй. Үүнд л гол учир нь байгаа юм. Би энд ирэхээсээ өмнө монголд болж байгаа хэрэг явдлуудын талаар мэдээлэл авч байсан учраас мэдээж намайг очиход энэ асуулт заавал тавигдана гэдгийг мэдэж байсан.

Тийм учраас хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр интерполоос  өөрийгөө эрэн сурвалжлагдаагүй, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй гэдгийг шалгуулж лавлагаа  авч ирсэн. Гэхдээ зөвхөн интерполоос биш цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэрэгт холбогдож байгаагүйгээ нотлох бичгийг авч ирсэн.

Манай Швейцарт бол интерполоос гадна цагдаагийн газрын бүртгэл байдаг. Хэрвээ би урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг хийж байсан, эсвэл одоо ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа бол энэ бүртгэлд ордог. Энэ бүртгэлийг би бас давхар цагдаагийн газраас аваад ирсэн. Би гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эрэн сурвалжлагдаагүй гэдгээ ийнхүү баталж чадна.

Д.Энхтайван харин намайг интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, мөнгө угаасан гэх мэтээр гүтгэсэн мэдээллээ яаж батлах юм бол. Мөнгө угаасан гэж байгаагийн тухайд би хэдэн үг хэлье л дээ. Мэдээж банк бол банк. Банкаар хүмүүс гүйлгээгээ хийнэ. Данс нээлгэнэ. Түүгээрээ дамжуулж мөнгөө оруулна, гаргана. Хэрэглэгч л юм чинь ийш тийшээ шилжүүлнэ, зарцуулна. Тэр бол банкны л үндсэн үйл ажиллагаа.

Хэрвээ тийм юм байхгүй бол банк гэж байхын хэрэг юу байх билээ гэдгийг та өөрөө  мэдэж байгаа. Бүр мөнгө угаасан гэж үнэхээр үзэж байгаа бол би банкин дотор сууж, банкны үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг хүн нь биш. Жинхэнэ сууж байгаа хүн чинь Д.Энхтайван гэж  өөрөө шүү дээ.

Хэрвээ тийм асуудал гарсан бол тэр хүн өөрөө л тийм юм хийсэн байж таарна. Д.Энхжаргалын өөрийнх нь тушаал шийдвэрээр орж шалгасан “Монголбанк”-ны шалгалтаар ямар нэгэн алдаа дутагдал илрээгүй шүү дээ. Ямар нэгэн юм заавал олж илрүүл гэсэн хатуу үүрэг даалгавартай орж ирж шалгаад ямар нэгэн алдаа дутагдал илрүүлж чадаагүй гэдгийг гаргасан дүгнэлт нь өөрөө баталж байгаа.

-Таагүй асуултаар яриагаа эхэлсэнд уучлаарай. Нэгэнт таны нэртэй холбоотой ноцтой мэдээллүүд түгсэн учраас ямар ч сэтгүүлч уулзсан энэ асуултыг тавих байсан?

-Хоёр ноцтой зүйлээр намайг гүтгэсэн байгаа юм. Тийм болохоор таны ингэж асуух зөв шүү дээ.   Юуны түрүүнд би Д.Энхтайван болон Д.Энхжаргал нарын тодорхойлж байгаа шиг гэмт хэрэгтэн биш.

Би бол Швецарь Улсын иргэн бөгөөд бүх амьдралынхаа туршид Швецарь болон Европын банкнуудад 40 гаруй жил ажиллаж ирсэн хүн. Надад олон улсын болон Европын, Монгол Улсын банкны салбарт ажилладаг найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүс бий. Миний монголд болон бусад улс оронд байгаа найзууд, хамтран ажилладаг хүмүүс надаас үнэхээр чи монголд ямар нэг буруу юм хийчихсэн юм уу гэж утасдаж асуугаад байгаа.

Гэвч би энд ямар ч буруу зүйл хийгээгүй. Би өөрийн компаниа зарсан бөгөөд ямар нэгэн  бизнесийн үйл ажиллагаа монголд явуулахаа больсон. Би өөрийнхөө тухай маш их худал цуурхлууд сонссон. Ямар ч гэм хийгээгүй байж монголд би муу хүн гэж дуудагдаж, дурсагдахыг хүсэхгүй байна.  

-Швейцари бол банкны найдвартай үйлчилгээгээрээ дэлхийд алдартай орон. Тэр тусмаа та олон жил ажилласан туршлагатай банкир хүн юм байна. Яаж яваад манай энэ нөхдүүдтэй учирчихсан юм бэ?

-2006 онд анх танилцсан. Би Трансбанкинд хөрөнгө оруулалт хийснээр энэ банкыг дампуурлаас аварч үлдсэн, Хэрэв би Энхжаргалд итгэж хөрөнгө оруулалт хийгээгүй бол Трансбанк нь дампуурах байсан. Тэр үед Д.Энхжаргал нь Лондон хотод Монголбанкны төлөөлөгчөөр ажиллаж байсан.

Дараа нь Монголбанкны дэд захирал болсон. Анх тэр миний найзуудаар дамжуулан надаас өөрийн банкиндаа хөрөнгө оруулалт хийхийг гуйсан. Яг энэ үед Монголбанкаас 2006 оны 3 дугаар сарын 31-н гэхэд бүх арилжааны банкуудыг үндсэн хөрөнгийг найман тэрбум төгрөгөөс доошгүйгээр өсгөх тушаал гарсан байсан.

Энэ тушаалын дагуу тэр өөрийн банкыг дампууруулахгүйн төлөө хөрөнгө оруулалт хайж идэвхтэй ажилласан хэрэг. Надаар хөрөнгө оруулалт хийлгэх гэж үнэхээр хичээсэн. Эцэст нь би түүнд итгэж Монголбанкаас өгсөн тушаалын хугацаа дуусахын яг өмнөх өдөр хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн.

Хөрөнгө оруулалтаа хийснийхээ дараа би надад хувь нийлүүлэгчдийн 51 хувийн саналаар шийдвэр гарч байх болно гэдгийг итгүүлж компанийн хуурамч дүрмийг өгч харин өөрсдөө монгол хувь дээрээ 70 хувиар хувь нийлүүлэгчдийн шийдвэр гарна гэж хийж мэхэлснийг олж мэдсэн.  Мөн банкны зээлийн багцны 50 хувь нь муу, найдваргүй зээл байсныг нуун дарагдуулсныг олж мэдсэн.

Мэдээж тэр үед О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгч байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Д.Энхжаргал тэр үед  О.Чулуунбат удахгүй ерөнхийлөгч байхаа больж би оронд нь болно гэж ярьж ухуулахаас гадна, өөрөө ч тэрэндээ итгээд бараг агаарт нисч явсан үе. Чухам энэ үедээ намайг мэхэлж хөрөнгө оруулалт хийлгэж чадсан. Би үнэхээр гэнэн байж. Яагаад түүнд итгэж хөрөнгө оруулалт хийснээ гайхаж баршгүй. Дэндүү гэнэн байж гэхээс өөрөөр юу хэлэх вэ дээ.

-Дүрмийн сангаа шаардлагын дагуу өсгөж чадахгүй л бол банк дампуурах гээд байсан. Ийм эгзэгтэй үед аврал хайн тор шидэхэд нь орж ирсэн хамгийн том загас нь та байж?

- Магадгүй би хамгийн сүүлчийнх нь ч байсан байж магадгүй.  Яагаад гэвэл урд нь тороо шидэхэд орсон загаснууд нь буцаж үсэрч гарчихаад байсан байх. Үсэрч гарсаар байгаад хамгийн сүүлд нь үлдчихсэн том загас би байсан байх.

-Бүтэлгүй нөхдүүдтэй холбогдчихож дээ гэсэн мэдрэмж ер нь хэдийнээс танд төрөх болсон юм ?

-Тэр үед тэдний ээж нь Батхүү гэж хүн байсан. Тэр хүн бүх асуудлуудыг зохицуулж байсан. Тэр хүн ч настай хүн. Би ч өөрөө настай хүн. Тийм болохоор бид хоорондоо тодорхой хэмжээнд ойлголцож байсан. Гэхдээ магадгүй ар талд нь өөр хүн асуудлыг зохицуулдаг байсан байж болох юм.

Хэдийгээр би хууран мэхлэгдсэн ч гэсэн үүнийг том асуудал болгохыг хүсээгүй, харин энэ банкыг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллахыг л хичээж байсан. Харамсалтай нь миний бодож байснаар болоогүй. Аажмаар энэ гэр бүл боломжтой бүх аргыг хэрэглэн Д.Энхжаргалын албан тушаал болон цагдаа дахь Д.Энхтайваны харилцаа холбоог ашиглан банкны хяналтыг хууль бусаар гартаа авч эхэлсэн.

-Таны бүх насаараа ажиллаж хуримтлуулсан хөрөнгөний тодорхой хэсэг монголд ингээд үрэгдлээ. Хэрвээ нууц биш бол та хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж 51 хувийг худалдаж авсан юм бэ?

-Хэн ч хөрөнгө мөнгөө алдахыг хүсэхгүй шүү дээ. Би дөрвөн сая 380 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Би Д.Энхжаргалын гэр бүлээс “Инфрастракчур” гэдэг банк бус санхүүгийн байгууллагыг нь худалдаж авсан юм. Зөвхөн тэр компанийг худалдаж авахын тулд би 100 мянган доллар төлсөн.

Яагаад гэхээр би банкинд энэ “Инфрастракчур” компаниар дамжуулж хөрөнгө оруулсан. Энэ компани руу дөрвөн сая долларын хөрөнгө оруулалтаа хийж, тэр компаниараа банкны 51 хувийг худалдаж авсан. Ингээд дараа нь би хоёр зүйлийг олж мэдсэн. Нэгдүгээрт, банкийг ямар ч өр, муу зээл байхгүй гэж итгүүлсэн байсан.

Гэвч дээр хэлснээр 50-иас дээш хувь нь найдваргүй зээлд орчихсон байсан. Хоёрдугаарт надад хуурамч дүрэм өгчихөөд цаанаа болохоор 51 хувийн хөрөнгө оруулагч биш өөрсдөө 70 хувиар шийдвэрээ гаргаж явна гээд тусдаа дүрм гаргаад хууль бусаар баталгаажуулчихсан байсан.

-Хөрөнгө оруулалт хийж хууль ёсны 51 хувийн эзэмшигч болчихоод гар нийлж ажилласан хугацаа ер нь байгаа юу ?

-Хэдийгээр би ихэнх буюу 51 хувийн хувьцааг эзэмшдэг байсан ч банкны удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрхгүй л байсан. Монголд жилдээ 2-3 удаа л ирдэг байсан. Энэ банкны ерөнхий захирал болон бусад хэдхэн хүнийг эс тооцвол энд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эдний гэр бүлийн хүмүүс байдаг.

Энэ гэр бүл үргэлж банкны хөрөнгө мөнгө болон зээлийн нэмэлт материалыг хувийн эрх ашигтаа нийцүүлэн буруугаар ашиглах хүсэл сонирхолтой байсан. 2009 оны эхээр түүний ээж нь нас барахад Д.Энхтайван нь банкнаас нэг сая доллар авах хүсэлт гаргасан. Би түүнд мөнгө гаргаж өгөхөөс татгалзсан.

Тэгэнгүүт тэр маш их уурласан. Энэ үед Д.Энхжаргал нь  Төв банкны Хяналт шалгалтын газрын даргаар томилогдсон байсан. Түүний анхны үйлдэл нь Трансбанканд тусгай хяналт шалгалт оруулах байсан.

2009 оны 5дугаар сарын 20 ны өдөр ерөнхий захирал Новожиловыг,  мөн ноён Бадралыг зээл хариуцсан захирлын ажлаас халах тушаалд ерөнхийлөгч Д.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулж чадсан. Тэгээд зогсохгүй тэдний оронд өөрийн хадам дүү болох Зэнишийг томилсон.  Ингээд л Д.Энхжаргал, Д.Энхтайван нар банкны удирдлагыг хууль бусаар авсан даа.

Тэд хууль зөрчил гаргуулсан шийдвэрийнхээ дагуу банкны гүйцэтгэх захирлыг шоронд суулгаад, дараа нь намайг айлгах эсвэл өөрсдийн ойрын холбоо сүлбээгээр дамжуулан шоронд суулгахыг хүсч байсан. 2009 оны эхнээс эхлэн тэд маш шуналтай болж эхэлсэн бөгөөд Д.Энхжаргал нь бүдүүлгээр банкны үйл ажиллагаанд ил тод оролцох болсон.

Д.Энхтайван нь 2006-2009 онд банкны ТУЗ-ийн захирал болон хувьцаа эзэмшигч байсан. 2006 онд намайг хөрөнгө оруулалт хийснээс хойш банкинд том ажлын өрөөтэй болоод өөртөө цалин болон хангамжуудыг өгч эхэлсэн. Тэр яг л хаан шиг загнаж эхэлсэн ба хууль бусаар өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн.

Олон улсын тогтсон зарчимд ТУЗ-ийн захирал нь өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох болон цалин хөлс авах эрхгүй байдаг шүү дээ. Эргээд харахад анхны өдрөөсөө л бүх зүйл нь ном журмын дагуу хийгээд зарчмын дагуу явагдаагүй.

Тэр байтугай Новожиловыг банкны гүйцэтгэх захиралаар томилуулах хүсэлтээ өгөөд Монголбанкны шийдвэрийг бүтэн жил хүлээсэн. Янз бүрээр цааргалж явсаар байгаад жилийн дараа зөвшөөрч байсан. Энэ хооронд Оргилмаа, Зейнеш хоёр банкны гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан. Хоёулаа энэ гэр бүлийн хамаатан улсууд.

-Новожиловтой та ямар хамаатай юм бэ. Энэ хүнийг одоо монголын цагдаа эрэн сурвалжилж байгаа шүү дээ?

-Танд гэж хэлэхэд энэ бол зүгээр л тоглоом шүү дээ. Гэхдээ би цагдаагийн байгууллагыг үгүйсгэх утгаар хэлж байгаа юм биш. Надад тийм эрх ч байхгүй. Тэр бол мэргэжлийн хүн төдийгүй, маш боловсролтой, соёлтой хүн. Орост зохих төвшний нэр хүндтэй сургууль дүүргэсэн. Олон жил ажилласан туршлагатай хүн.

Хэдийгээр энэ хүн гүйцэтгэх захирал байсан ч банкны удирдах ажилд жинхэнэ утгаар нь оролцуулж байгаагүй. Одоогийн банк байгаа байрыг та мэднэ. Урьд нь ямар байшин байлаа. Одоо ямар болсон байгаа билээ. Энэ байрыг засварлах ажлыг Новожилов хариуцаж хийлгэж байсан. Тэгж явахдаа  монголчуудаас бас нэг юм сурчихсан. Тэр нь НӨАТ-аас зугтахын тулд бэлэн мөнгөөр тооцоо хийдэг аргыг энэ хавиар байхдаа олоод мэдчихсэн. (инээв)

Тэгээд л засвар хийлгэсэн мөнгөө бэлнээр нь нэг компанид өгчихсөн. Тэрийг нь эргүүлээд энэ нөхдүүд бэлэн мөнгө аваад идчихсэн гэж гүтгэж цагдаад өгсөн. Ийм л явдал болсон. Гэвч үнэн хэрэг дээрээ тэр мөнгө нь энд засвар хийсэн нэг компанид л орчихсон. Засварт зарцуулагдчихсан л мөнгө. Новожилов бол орос хүн. Адилхан монголд ажиллаж байгаа гадаад хүмүүсийн хувьд бие биедээ итгэдэг байсан. Новожиловыг би ч захирлаар тавиагүй.

Д.Энхжаргалыг надтай холбож өгч танилцуулсан оросын банкны хүмүүс тавьсан. Энэ утгаараа Д.Энхжаргалд ч татгалзахгүй байх шалтгаан байсан байх. Би яагаад татгалзаагүй гэхээр мэдээж орос монгол хоёр орныг хоорондоо эрт дээр үеийн уламжлалт сайн харилцаатай улсууд болохоор ойлголцож ажиллахад илүү дөхөмтэй болов уу л гэж бодсон.

Одоо ч гэсэн би түүнийг энэ нөхдүүдийн хэлж байгаагаас тэс өөр хүн гэж боддог. Үнэхээр түүнийг тэсвэрлэхийн аргагүй гүтгэж гүжирдсэн. Маш их дарамтад оруулсан. Д.Энхтайваны хэлж байгаа шиг тийм хүн бол биш. Д.Энхтайван бол хууль бусаар л ажил хэргээ явуулахыг чухалчилдаг хүн.

Ингэж болохгүй шүү дээ гэж хэлэхэд урдаас хууль бол хууль, амьдрал бол амьдрал шүү дээ, би зохицуулна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хуулиас давсан амьдралын тухай ярьдаг. Би эхэндээ тэр үгийг нь огт ойлгодоггүй байсан. Одоо бол монголын хуулиас гадуурх амьдралын тухай тэр ойлголтыг маш сайн ойлгосон.

Би монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхтэй уулзахыг олон удаа хүссэн. Учир байдлаа ойлгуулахыг хүсч байсан. Гэвч нэг ч удаа уулзаагүй. Мэдээж тэр холоос ирээд монголд хөрөнгө оруулалт хийчихсэн. Ажил хэрэг нь хүндрэлтэй учирчихаад хандаж байхад хүлээж аваад уулзчихаж болох байсан. Танай монгол ёсонд ч байдаг.

Зориод ирсэн хүнийг тосч аваад, гэртээ урьж оруулаад цайгаа уулгаад гаргадаг ёс. Яагаад надад тэгж хандсаныг нь би одоо ч ойлгодоггүй. Мэдээж гол тээг болдог байсан хүн нь Д.Энхжаргал гэдгийг би мэдэж байсан. Тэр ч байтугай, намайг Монголбанкны зарим албан тушаалтнууд хувьцаагаа зар гэж шахаж байсан.

Тэд намайг хувьцаагаа зарахгүй бол банк дампуурч, намайг оруулсан хөрөнгө оруулалтаа алдана гэж ухуулж байсан. Миний бодлоор тэд өөрсдөө худалдан авахгүйгээр Д.Энхтайваны гэр бүлд худалдуулах санаатай байсан байх. Энэ нь намайг айлгах ажиллагааны л нэг хэсэг нь байсан гэж би боддог.

-Оюуны Ундраа компани таны 51 хувийг худалдаж авсан. Гэвч одоо болтол банк руу орж чаддаггүй. Тэд танаас хууль ёсны дагуу энэ хувийг авсан уу. Эсвэл бас тэр нөхдүүдийн хэлээд байгаа шиг луйвраар авчихсан юм уу?

-Би 51 хувийн хувьцаа эзэмшиж эхлэснээс хойш хоёр жил орчим банкны үйл ажиллагаанд  оролцох боломжгүй байсан. Д.Энхжаргал, Д.Энхтайван нар  нь миний хувьцааг луйвардаж авах шунал хүсэл дүүрэн  байснаас гадна намайг ямар нэгэн аргаар шоронд суулгах хүсэлтэй байсныг би мэдсэн.

Сүүлдээ ямар нэгэн байдлаар би монголд алуулж ч магадгүй юм байна гэж бодсон. Тэгээд би эцэст нь би өөрийнхөө хувьцааг тэдэнд зарах юм уу тэдний хувьцааг авья гэж шийдсэн. Би өөрийн саналыг хэд хэдэн удаа тавьсан боловч тэд минийхийг ч аваагүй өөрсдийнхөө хувьцааг ч зараагүй.

Хуулиар бол хэрэв чиний хамтрагч чиний саналыг хүлээн авахгүй бол чи гуравдагч этгээдэд өөрийн хувьцааг зарах эрхтэй байдаг. Би өөрийн саналыг тавьсан боловч тэд хүлээж аваагүй. Надад тэдэнтэй хамтарч ажиллах боломж байхгүй тул би өөрийн хувьцааг бусдад зарахаас өөр арга байгаагүй.

Тэгээд хэсэг бүлэгт санал тавьсан. Санал тавьсан талуудаас Оюуны Ундрааг санхүүгийн чадавхитай компани гэж сонгоод шийдвэрээ гаргасан.  Нэгдүгээрт, Трансбанкны 51 хувийг “Инфрастракчур” эзэмшдэг, тэр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь би өөрөө.

Хоёрдугаарт, хууль ёсны эзэмшигч би өөрийн хөрөнгө болон компаниа Оюуны Ундраа компанид хууль ёсны дагуу зарсан. Оюуны Ундраа компани нь миний компаний 100 хувийн хувьцааг хуулийн дагуу худалдан авсан. Бид нарын хэн нь ч хууль бус зүйл хийгээгүй. Энэхүү буруу ташаа мэдээллээс болж Оюуны Ундраа компаны нэр хүнд сэвтэж хохирч байгаад би үнэхээр харамсаж байна.

-Д.Энхтайван “Оюуны Ундраа” компанийг танд мөнгөө  төлөөгүй гэж заргалдаж байгаа ?

-Оюуны Ундраа Компани бол санхүүгийн хувьд хөл дээрээ баттай зогссон, үйл ажиллагаа хариуцсан захирлаараа гадаад хүн авч ажиллуулан барууны бизнесийн удирдлагын арга барилыг хэрэгжүүлж буй Монголын цөөхөн компаниудын нэг.  Оюуны Ундраа компани надад төлбөрөө бүрэн төлсөн.

Би аль хэдийн төлбөрөө авсан. Би энэ том хөрөнгийг бусдад зүгээр л шилжүүлээд өгчих нэгэн  гэж үү. Бид ажил хэрэгч хүмүүс учраас энэ мэт хэрэггүй зүйлээр тоглож хайран цаг заваа үрэх хүсэл байхгүй. Д.Энхжаргал банкны өндөр албан тушаалтан гэж миний итгэлийг авч, сүүлд нь хууль бус үйлдлүүдийн гол тоглогч нь болон  намайг шахаж эхэлсэн.

Одоо тэр Европт Монголбанкны албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж банкир, хөрөнгө оруулагчдыг хууран хөрөнгө оруулалт авч Оюуны Ундраад зарсан миний хувийг авахыг санаархаж байна.

Би Д.Энхжаргалын талаар Европт албан ёсны мэдэгдэл гаргах бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагад Монголбанк нь Д.Энхжаргалд банкир болон хөрөнгө оруулагчдыг хуурах, зөвхөн өөрийнх ашиг сонирхлын төлөө Европ дахь төлөөлөгчөөр томилсон. Тиймээс Д.Энхжаргалтай харилцахгүй байхыг сануулж олон улсын санхүүгийн байгууллагуудад мэдэгдэл хийнэ.

http://ganchimeg.niitlelch.mn/content/3054.shtml