sonin.mn

АТГ-аас Нийслэлийн Мэр­гэжлийн хяналтын газарт тө­­лөвлөгөөт хя­налт шалгалт хийжээ. Шалгал­таар Ашиг сонирхлын зөрч­лийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчигдсөн нь илэрсэн байна. Шалгалтын явцад бай­цаагч нар нэг салбарыг 10 гаруй жил хариуцан ажил­лахдаа хувьдаа цэцэрлэг, цайны газар, эмийн сан ажил­луулдаг зэрэг ашиг со­­­нирхлын олон зөрчил илэрчээ.

Тиймээс АТГ-аас дээрх зөрчил дутагдлыг арил­гах, хууль тогтоомжийг бие­лүү­лэн ажиллах шаардлага бүхий албан бичгийг НМХГ хүртэл хүргүүлсэн ч одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа аж. Уг нь дээрх хууль хэрэгжээд хоёр жилийн нүүр үзэж байгаа бөгөөд нэг ч байцаагч мэдэгдэл тайл­бар гаргаагүй нь хууль хя­налтынхны анхаарлыг татжээ.

Хуульд заас­наар бол аливаа нэгэн бай­цаагч өөрийн шалгадаг аж ахуй нэгжүүдтэй ямар нэгэн байдлаар ах дүү, найз нөх­дийн холбоотой то­хиол­долд мэдэгдэл тайл­барыг хийж тухайн шал­галтад орол­цуул­даггүй аж.

Гэтэл НМХГ-ынхан энэ­хүү дү­рэм журмаа огоорсон нь дээрх шал­галтаас тодхон ха­раг­даж буй юм. Мэргэжлийн хяналтын байцаагчид аж ахуйн нэгж, хувь хүмүүст дарамт үзүүлэн, үйл ажиллагаа, эрхэлж буй бизнесийг нь зогсоох нэрийдлээр их, бага хэмжээний авлига авдаг нь жирийн үзэгдэл гэх яриа байдаг ч үүнийг хууль хя­налтынхан олон нийтэд мэдээлж, ил тод болгох нь төдийлөн ховор байдаг.

Өөрөөр хэлбэл авлигалд хамгийн их өртдөг бай­гуул­лагын нэрсийн жаг­саалтад Мэргэжлийн хя­нал­тын газ­рынхан зүй ёсоор багтдаг билээ. Энэ бүхнээс болж Нийс­лэлийн Мэргэжлийн хя­налтын дарга асан М.Ням-Осор байцаагчдаа бусдыг дарамтлан авлига авсан байж болзошгүй гэж хардан АТГ-т хандаж тэднийг шал­гуулахаар болсон тухай өр­гөдөл гомдол ч байдаг юм.

Хамгийн ойрын нэг жишээг дурьдахад Баянгол дүүргийн Мэргэжлийн хя­налтын хэлтсийн дарга Д.Ганхүү эрх мэд­лээ ашиг­лан бусдаас ха­хууль авахыг завдсан гэх үндэс­лэлээр АТГ-т шалгаг­даж өдгөө цаг­дан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэрбээр дээр дурьдсан шиг танил талынхаа аж ахуйн нэгжид хувийн зо­рилгоор үйлчилж хахууль авсан, өгсөн гэх хэрэгт сэ­жиглэгдэж буй юм.

Тодруулбал Д.Ганхүү Баян­зүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Рояал хаус” зочид буудлын болон орон сууцны ба­рил­гын цахилгааныг ХӨСҮТ-ийн эрчим хүчний үүсвэрээс нуу­цаар татаж, тус төвийн хоёр цахилгаанчинд ха­хууль өгсөн.

Мөн Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сайхан” төв дэх шөнийн цэнгээний газ­рынхнаас хахууль авсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм. Дээрх жишээнээс ха­ра­хад мэргэжлийн хяналтын байцаагч нар нэг суудалд олон жил дархлагдаж өөрс­дөө ашигтай зүйл их хий­дэг гэсэн иргэдийн хард­лага үнэний ортой юм.

Тэгвэл тэдний энэхүү үйлдлийг АТГ-ынхан ил­рүүлж хууль бус үйлдлийг нь олон нийтэд дэлгэж бодит байдлыг илчилсэн нь сайшаалтай ч авах арга хэмжээ нь ямар хэлбэрээр явагддаг юм бол гэж олон нийт сонирхож буй юм. Товчхондоо хэн нэгэн танил талгүй аж ахуйн нэгжүүд байцаагч нарын овоо хараанд өртөж их хэм­жээ­ний төлбөрт унадаг нь нууц биш.

Юутай ч МХЕГ-ын нэ­гээхэн хэсэгт шалгалт хий­хэд иймэрхүү дүр зураг гарч байна. Тэгэхээр тус газрын бүх байцаагчийг шалгавал хувийн аж ахуйн нэгжтэй цөөнгүй хүн байгаа нь ойл­гомжтой. Бид дараагийн дугаартаа тус газрын байцаагчдын хувийн аж ахуйн нэгжийг мэдээллэх болно.

Р.Саруул

Эх сурвалж: