sonin.mn

Баяр наадмын үеэр гарсан ослын талаар ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга Д.Намсрайгаас тодрууллаа.

-Баярын үеэр ихэвчлэн ямар дуудлага ирэв?

-Улсын баяр наадмын үеэр нийт 84 дуудлага ирж, 80 гаруй хүнийг эрсдлээс хамгаалсан. Гал түймрийн дуудлага харьцангуй бага байсан. Сонгинохайрхан дүүрэгт хоёр машин мөргөлдсөний улмаас хоёр хүн нас амиа алдаж, өсөн хүн хүнд, хөнгөн бэртсэн. Ялангуяа гол усанд живж амь насаа алдах дуудлага их ирж байна. Зургаа, долоо, наймдугаар сард усны дуудлага ихэсдэг.

-Өнгөрсөн жилийн байдлаар хэчнээн хүн усанд осолдож амь насаа алдсан бэ. Энэ жилийн хувьд хэчнээн хүн эрсдэв?

-Өнөөдрийн байдлаар 11 хүн усанд живж амь насаа алдлаа. Хоёр хүний цогцсыг олсон. Есөн хүний цогцсыг манай алба хаагчид, нутгийн иргэд, ар гэрийхэнтэй нь хамтран эрж хайх ажиллагаа явуулж байна. Хамгийн харамсалтай нь, Ерөө голд 18-20 насны таван залуу нэг дор живж амь насаа алдсан харамсалтай осол гарлаа.

Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг Гангын тохой гэдэг газар дээрх залуус эрсэдсэн. Одоогоор тэдний цогцсыг олоогүй эрэл үргэлжилж байна. Эрлийг Төв аймгийн Алтанбулаг сум, нийслэлийн ТЭЦ-III-ын урд талд Туул гол, Хэнтий аймгийн Баянмөнх сум, Хөвсгөл аймгийн Эгийн голд эрэн хайх ажиллагаа явуулж байна.

-40 мянгатын байранд өчигдөр /уржигдар/ гарсан галын дуудлагад аврах ангийнхан 30 минутын дараа очсон гэсэн. Яагаад ингэж цаг алдав?

-Буруу ташаа мэдээлэл гарсан байна лээ. Сүхбаатар дүүргийн IV хороо нэгдүгээр 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байрны дээвэрт гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 14-ны 15:08 цагт шуурхай удирдлагын төвд ирж, 13 минутын дараа голомтод очсон.

Энэ үеэр хүний амь нас эрсдээгүй. Мөн Баянгол дүүргийн XVII хороо буюу "Модны-2"-т байрлах "МК интернэшнл"-ийн Хар ямаа бэлдмэлийн үйлдвэрийн байранд гал гарч, аврах гал унтраах 26 дугаар анги таван минутад хүрч ажилласан.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: