sonin.mn

Цагдаагийн Ерөнхий газарт энэ сарын 10-16-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 185 үйлдэл бүртгэгджээ. Үүнээс 133 гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоон мөрдөн байцаах ажиллагаа хийж байгаа аж.

Эдгээр хэргийн олонхийг иргэдийн өмчийн эсрэг хулгайлах төрлийн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, бусдын биед гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг эзэлсэн гэнэ.

Наадмаар онц ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй гэдгийг албаны хүмүүс хэллээ. Харин Хүй долоон худагт найман сартайгаас 10 настай 54 хүүхэд, Төв цэнгэлдэх хүрээлэнд 65 хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн байна.  Тэгвэл хурдан морь унаач хүүхдүүдийн талаар ЦЕГ-ын газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууласан юм.

Тэрбээр "Хүүхдийн төлөө газар, Хурдан морины комисс, цагдаагийн байгууллага наадмаар хурдан морь унаач хүүхдүүдэд хяналт тавьж ажилласан. Зургаан насны морь уралдахад эориулалтын хувцасгүй, стандартын шаардлага хангаагүй нийт 17 хүүхэд болон морийг уралдаанаас хасч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл, аль алийг нь уралдаанд оролцуулаагүй гэсэн үг, Албан бус тоогоор 5-6 хүүхэд морьноосоо унасан. Гэхдээ бэртэж гэмтсэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол байхгүй" гэв,

С.Нэмэх

Эх сурвалж: