sonin.mn

Барилга дээр ажиллаж гэр бүлээ тэжээхээр зүтгэж явсан цэл залуухан 20-30 насны гурван залуу хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай осол бямба гариг буюу долдугаар сарын 19-нд гарлаа. Уг осол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа цахим архивын шинээр барьж буй 12 давхар барилгад гарав.

"Өндөр дээрээс хүн уналаа" гэсэн дуудлагын дагуу ОБЕГ-ын шуурхай бүлэг 105-ынхан ослын газарт очжээ. Осолдсон ажилчид тус барилгын 13 давхрын цахилгаан шатыг янзалж байсан аж. Онцгой байдлын албаны мэргэжилтнээс тодруулахад "Ослын мэдээллийн мөрөөр бид очсон. Хоёр нь газар дээрээ амь насаа алдсан. Харин нэг нь эмнэлгийн анхан шатны тусламж авсан хэдий ч удалгүй өөд болсон" гэв.

Тэд барилгын 13 давхраас унаж нэг нь дөрөв, нөгөө нь таван давхарт унаж осолдсон байна. Барилгын гүйцэтгэгч компаниар "Нийслэл өргөө" компани ажиллаж байгаа аж. Тус компанийн хувьд хүний аминд хүрч байгаа тохиолдол нэг биш юм. Тухайлбал, 2011 оны тавдугаар сарын 30-ны өдөр уг компанийн барилга дээр ажиллаж байсан Г осолдож амиа алдсан билээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн хэдий ч өдгөө хүртэл чимээ алдарсан юм. Ер нь "Нийслэл өргөө" компани төр, засгийн тендерт ямагт ногоон гэрлээр багтаж байдаг компани гэж хэлж болно. Гэхдээ тэдний эхлүүлсэн барилга барцад ихтэй байдгийн нэг нь энэ юм.

Өөр нэг жишээ нь Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг, III төрөх эмнэлгийн өргөтгөл барих ажлууд одоогоор таг гацаанд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Аль 2010 онд эхлүүлж байсан уг ажил улсын төсвөөс 17 тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч одоогоор барилгын ажил зогсчихсон олны нүдэн дээр сээрийж буй.

Удааширсан шалтгаан нь гүйцэтгэгч компани болох "Нийслэл өргөө" төсөв хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар хойш сууснаас болсон гэдэг. Энэ удаад ч "Нийслэл өргөө" мөн тендерт ялж ХАХНХЯ-ны барилгыг барьж байж. Осол гарсан барилгын зургийг цахимаас харсан иргэд "Гаднаас нь харахад хамгаалалтын тор ч татаагүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь илт байна шүү дээ. Хайран сайхан залуусын амиар наадчихлаа. Энэ "Нийслэл өргөө" ер нь яахаараа тендерт байнга шалгарч байдаг юм. Тэгээд нэг ажил эхлүүлээд дуусгахгүй мөнгө төсөв дутсан гээд суучихна. Эзэн нь УИХ-д сууж байгаа учраас барилгын компани яаж шантааж хийж мөнгө угаадгийг заагаад өгч байгаа л даа" гэх зэргээр жиргэж, сэтгэгдэл бичсэн байх юм.

Үнэхээр "Нийслэл өргөө" хүн амын аль хэрэгцээтэй, нэн тулгамдсан барилгын тендерийг авдаг. Харин хийж дуусгадаггүй төсөв нэхээд суучихдаг тогтсон зуршилтай юм. МХЕГ-ын тун ойролцоо барьж буй барилга учраас юмыг яаж мэдэх вэ гээд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа хангаж ажилламаар юм.

Хамгаалалтын тор ч татахгүй, барилгын ажил явуулж байхыг бодоход эрх дархтнуудын барилгыг шалгадаггүй юм болов уу ч гэж бодоход хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Арвинд ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн өгсөн тендер шүү дээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн сайн хангаж ажиллах ёстой тус яамны барилга дээрээс нэг биш гурван хүн нэгэн зэрэг осолдож, амь насаа алдаж байгааг юу гэж ойлгох вэ.

Одоогоор түр хугацаанд барилгын ажлыг зогсоосон байгаа хэдий ч эрх дархтнуудын компани учраас төд удалгүй ажлаа үргэлжлүүлэх нь ойлгомжтой. Уг нь бол гурвын гурван хүний аминд хүрсэн компанийн эзнийг хуулийн байгууллага цаг алдалгүй шалгаж зүгээр нэг торгоод өнгөрөх бус хатуухан шийтгэх ёстой юм.

Тэгэхгүй хуулийн байгууллага мөнгөтэй компанийн эздийн гар хөл болсноор хүний амийг хэдэн халтар төгрөгөөр үнэлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг умартсан зантгар захирлууд толгой дээгүүр явах боллоо. Ийм байхад хөдөлмөрийн аюулгүй байдал яаж сайжрах юм бэ Ц.Баярсайхан сайд аа.

Үүний илрэл өмнөх ослуудад удаа дараа гарсан шүү дээ. "Тэнгис" кино театрын өмнөх барилгаас төмөр унаж оюутан залуугийн аминд хүрсэн хэрэг гарсан. Хэргийг хоёр жил дамжуулан шалгасны эцэст холбогдох эрх мэдэлтнүүдэд захиргааны шийтгэл ногдуулаад л өнгөрсөн.

Ёстой л "Үхсэн хүний хохь" гэдэг зарчим үйлчилж байгаа гэхэд хилсдэхгүй. Шантаач хийж сурсан "Нийслэл өргөө"-ийнхөн ч гэсэн энэ удаа ослын бурууг амиа алдсан иргэд рүү тохож сэм бултах вий.

Уг нь хяналт тавих үүрэгтэй МХЕГ уг барилгын хаяанд оршиж буй. Гэтэл "Ниргэсэн хойно нь хашгирав" гэдэг шиг өчигдөр / уржигдар/ орой шуурхай хуралдаж "Амралтын өдөр учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Магадгүй маргааш /өнөөдөр/ ослын талаар тодруулахад "Манайх 10-аас дээш давхар барилгыг хариуцахгүй,-Барилга хот байгуулалтын яамнаас асуу" гэх байх л даа.

Барилгын салбарын осол МХЕГ, БХБЯ-ны хооронд "Гүйгээд" эзэн холбогдогч нь болон ослын шалтгаан тодрохгүй бүдгэрэх болоод удаж байна. Учир нь, 10-аас дээш давхрыг Барилга хот байгуулалтын яам хариуцах болсон гэдэг. Манай улсад барилга, авто замын осол хүний аминд халгаатай салбар болж хувирсан.

Уг хоёр салбарыг хариуцсан сайд нар ус балгасан мэт дуугүй сууна. Гадны улс орнуудад хэдэн зуугаар хүн осолдож, амь насаа алдаж байна гэж гэмшиж байгаа хэдий ч манайд энэ салбарт түүнээс дутахгүй олон хүн амь насаа алдаж байна.

Он гараад долоон хүн барилгын ослоор амь насаа алдсан гэсэн статистик тоо байгаа хэдий ч үүний цаана эрх дархтнуудын халаасан дор нуусан хэчнээн осол гарч хэдэн хүний эрдэнэт амийг авч одож байгааг таашгүй юм.

Ер нь манайд зам барилгын ажил мөнгө угаах хамгийн том арга болсон гэлтэй. Тендерийн сонгон шалгаруулалт явуулахгүй эрх мэдэлтнүүд өөрийн таньдаг, хамаатан садан төрөл төрөгсөддөө эрх олгосноос үүдэн эзэнгүй осол гарч эцэст нь ажил хийж амьдралаа залгуулах гэсэн жирийн иргэд тэдний золиос болсоор байна.

Барилгын орчин ийм хяналтгүй байхад залуучууд яаж барилга дээр ажиллах юм бэ. "Барилга дээр ажиллах монгол хүн олдохгүй байна" гэдэг. Тэд айж байгаа шүү дээ. Аминдаа хайргүй хүн гэж хаана байх вэ. Ямар ч хамгаалалтгүй барилга дээр хэн өнөөдөр очиж ажиллаад эрсдэхийг бодох билээ. Албаныхан осол гарсны дараа хуралддаг, харин тэдний гаргасан цаасан дээрх шийдвэр харамсалтай нь барилгын салбарт "хамгаалалт" болж хэрэгжихгүй байна шүү дээ.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: