sonin.mn

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Галзуу хулгана" тоглоом 16 хүний аминд хүрэх дөхсөн тухай мэдээлэл цахим ертөнцөөр хөврөх болсон. Уг мэдээлэл гарсны дараа НМХГ-аас ҮСАХ-д энэ сарын 24-нд шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн талаар мэдээлж байсан. Түүнчлэн НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагч О.Сүнжидмаа "Шалгалт албан ёсоор дуусаагүй. Тус тоглоомыг одоогоор зогсоосон" гэж байсан.

Гэвч "Галзуу хулгана" тоглоомоор хүүхдүүд үйлчлүүлсээр байгаа гэх мэдээллийн дагуу Үндэсний соёл амралтын хүрээлэнг зорьсон юм. Биднийг 11.00 цагийн үед очиход эрт болоод ч тэр үү аль эсвэл саяхан гарсан галзуу хулганы мэдээллээс болсон уу хүүхэд цөөхөн, хөл хөдөлгөөн бага байлаа. Галзуу хулгана тоглоом ч ажиллаж, үйлчлүүлж буй залуус орилолдож байв.

НМХГ-аас тус тоглоомыг зогсоох үүрэг өгсөн байхад яагаад дур мэдэн ажиллуулж байгааг ҮСАХ-гийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажлын инженер Ц.Баатарсүрэнгээс тодруулсан юм.

Ц.Баатарсүрэн: "Галзуу хулгана" тоглоомыг зогсоо гэж хэлээгүй

-НМХГ-аас "Галзуу хулгана" тоглоомыг түр зогсоох үүрэг өгсөн гэсэн. Хэд хэдэн зөрчил илрүүлсэн байхад яагаад дур мэдэн ажиллуулж байгаа юм бэ?
-НМХГ-аас зөрчил арилгах үүрэг өгсөн. Бид ч үүргийн дагуу шаардлагаа биелүүлсэн. "Галзуу хулгана" тоглоомыг зогсоо гэж бидэнд хэлээгүй. Хэрэв хэлсэн бол бид ажиллуулахгүй шүү дээ.

-Энэ тоглоом 16 хүний аминд хүрэх дөхсөн тухай мэдээлэл 24-нд цахим ертөнцөд тархсан. Тухайн өдөр чухам юу болсон бэ. Тоглоомын удирдлага эвдэрсэн гэсэн. Энэ талаар тодруулана уу?
-Хүмүүс "Галзуу хулгана" уначихлаа гэж ойлгосон. Тийм зүйл ерөөсөө болоогүй. "Галзуу хулгана" тоглоомд гурван ширхэг тоормоз байдаг. Хамгийн эхэнд ослын зогсолтын тоормоз байгаа. Замаар чарганууд тойрч ирсний дараа хурд багасч зогсоол дээрээ зогсдог. Тухайн үед оператор залуу тоормозоо нээлттэй байгааг мэдэлгүй цагаа хожимдуулж, тоормозоо барьсан байсан. Зогсоолыг жаахан өнгөреөд зогссон. Тэрнээс замаасаа гараад, хүн бэртэж, гэмтсэн зүйл огт болоогүй.

-Тоглоомын оператор залуу "Ажлаа хийж яваад 16 хүний аминд хүрэх дөхлөө" гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа оруулсан. Хэрэв энэ залуу мэдээлээгүй бол чимээгүй өнгөрөх байсан юм биш үү?
-Энэ хэрэг гарсны дараа ажлын албаныхан ирж, оператор Н.Тэмүүлэнг сургалтад суучихаад хариуцлага алдлаа гэж зэмлэсэн. Харин оператор тухайн үед юу ч хэлээгүй хэрнээ фэйсбүүк хуудаст өөрийн бухимдлаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан байгаа. Энэ мэдээллээс болж нийгэмд сенсаац үүсч, НМХГ-аас шалгалт хийсэн.

-Тоглоомын аюулгүй байдлыг хангах үзлэгийг өдөр бүр хийх ёстой. Танай инженерүүд эд ангийг нэг бүрчлэн шалгадаггүй байсан гэсэн?
-Бид бүх тоглоомоо өдөр бүр шалгадаг. Паркийг 11.00 цагт нээдэг. Манай найдвартай ажиллагааны засварын багийнхан 09.00 цагт ирж, тоглоомуудыг нэгбүрчлэн үзэж, шалгадаг. НМХГ-ын улсын байцаагчдад тоглоомын аюулгүй байдалд нэг бүрчлэн шалгалт хийдэг гэдгээ хэлсэн. Байцаагчид одоогийн үзлэг дэлгэрэнгүй биш байна. Дэлгэрэнгүй хий гэсэн үүрэг өгсөн.

-Тоглоомын операторуудыг мэргэжлийн сургалтад хэдэн cap хамруулдаг вэ. Н.Тэмүүлэн танайд хэр удаан ажиллаж байсан бэ?
-Тоглоомын оператор, засварчин бэлтгэдэг сургууль байсан бол бид ажилчдаа сургана шүү дээ. Монголд одоогоор тэр чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нэг ч сургууль байхгүй. Ажилд орж байгаа хүмүүсийг хамгийн түрүүнд чиглүүлэх сургалтад хамруулдаг. Энэ сургалтад паркийн дотоод журам, хөдөлмөр хамгааллын хичээл, аюулгүй ажиллагааны заавар эөвлөгөөг өгнө. Тоглоомыг хэрхэн яаж ажиллуулах вэ гэдгийг видео хичээлээр үзүүлдэг. Танхимын сургалт дууссаны дараа бүх хүнээ тоглоом дээр бүтэн өдрийн турш операторыг дагалдуулан ажиллуулна. Тав хоног дагалдан хийсний дараа шалгалт авч тэнцвэл ажилд авдаг. Сургалтын үргэлжлэх хугацаа долоо хоног. Н.Тэмүүлэнгийн хувьд өнгөрсөн зургадугаар сарын 20-нд ажилд орсон.

-Н.Тэмүүлэнг ажлаас нь халсан гэсэн. Өөр ямар хариуцлага тооцсон бэ?
-Н.Тэмүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө гаргасан мэдээлэлд залруулга хийнэ гэсэн. Эхнээс нь гаргаад эхэлсэн байна лээ. Ажлаас нь халаагүй. Өөрөө халагдах өргөдлөө өгчихсөн байгаа.

НМХГ-аас YCAX-нд энэ сарын 24-ний өдөр үүссэн нөхцөл байдалд шалгалт хийснээ сэтгүүлчдэд өчигдөр танилцуулсан юм.Гэхдээ шалгалтыг ингээд зогсоохгүй гэнэ. НМХГ-ын дэд дарга М.Баасандоржийн хэлж буйгаар паркт ирэх сарын 8-18-ны хооронд томоохон хэмжээний шалгалт оруулахаар болсон гэлээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-"Галзуу хулгана" тоглоомд шалгалт хийхэд үр дүн ямар гарсан бэ?
-"Галзуу хулгана" буюу дөрвөн цагирагт тойрог замын тоглоомд энэ сарын 24-ний өдөр осол болж, тухайн үед тоглож байсан хүмүүс гэмтсэн гэсэн мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийсэн. Тухайн үед хэвлэл мэдээллээр гарч байсан мэдээлэл яг тэр хэмжээгээр батлагдаагүй. ҮСАХ-гийн тоглоомын оператор Н.Тэмүүлэн гэх ажилтан өөрийн хариуцлагагүй ажиллагаанаас болж олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн байсныг тогтоосон.

-Нөхцөл байдал яг ямар байсан бэ?
-Тухайн операторын бу-руутай үйл ажиллагаанаас болж зогсоох тоормозны нэгийг нь ажиллуулаагүйгээс тэнд тоглож байсан хүмүүст тодорхой хэмжээний чичиргээ, доргио үүссэн. Түүнээс биш хүн гэмтсэн зүйл байхгүй.

-Ямар зөрчлүүд илэрсэн бэ?
-НМХГ-аас хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн. Нэгдүгээрт, ҮСАХ-гийн үндсэн болон гэрээт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ажлын дүрэм журмыг төдийлөн мөрдөж ажилладаггүй. Мөн тус тоглоомын тоормоз, аюулгүй ажиллагааны хэрэгслийн ажиллагааг газар дээр нь шалгахад өгсөх замын тоормозны урд талын пүрш байхгүй, хойд талын хөл буцаах пүрш тасарсан. Тоног төхөөрөмжийн өдөр тутмын шалгалтыг үзэж гүйцэтгээгүй. Түүнчлэн, цуваа машины суудлыг бэхлэх, хаах зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн боолт хэсэг нь сэтэрсэн. Тус тоглоомын ашиглалтын өдер тутмын зааварчилгааг мөрдүүлж ажиллаагүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

-Мэдээлэл тараасан нь тоглоомыг удирдах мэргэжпийн хүн байсан юм уу?
-Оператор болон үйлчилгээний ажилтан нь ажлын байрны үнэмлэхтэй боловч мэргэшүүлсэн үнэмлэхгүй, гэрээт ажилчдыг ажиллуулж байсан. Дараагийн зөрчил нь оператор болон үйлчилгээний ажилтанг аюулгүй ажиллагааны заавар авсан, ажлын байранд хуваарийн дагуу ажиллуулаагүйн улмаас анхаарал болгоомж, дотоодын сахилга бат алдсан байна лээ.

Галзуу хулгана 80 км цагийн хурдтай давхидаг
Галзуу хулгана тоглоомыг 2013 онд угсарч, суурилуулсан бегөөд НЕТГ-ын 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 2014/225 дугаар бүхий упсын комиссын актаар ашиглалтад хүлээн авсан байна. 680 метр урт бөгөөд хамгийн ендөр хэсэг нь 40 метр, 24 хүний багтаамжтай энэхүү тоглоом 80 км цагийн хурдтай давхидаг юм байна.

"Галзуу хулгана" тоглоомыг ажиллуулахад хүндрэл бэрхшээл ямар байдгийг оператор Х.Нямдэлгэрээс тодруулахад Тоглоомын удирдлагыг ажиллуулж, байгаа хүн хоёр хоног дагалдан хийж, сайн сурсны дараа ажилладаг. Хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой ажиллах ёстой" гэв.

Н.Тэмүүлэн: Тоормоз эвдэрсэн байсан нь үнэн
Галзуу хулгана тоглоом гацлаа, тороос нь мултарч гэнэ, тоормоз нь ажиллахгүй байгаа гэх яриа байсхийгээд л гардаг байсан. Харин энэ удаад ажилтан Н.Тэмүүлэн үнэнийг илчлэв үү, эсвэл ҮСАХ иргэдийн аюулгүй байдлыг хангахгүй тоглоомоор үйлчилж байна уу гэх асуулт эргэлзээтэй байгаа юм.

Ингээд Н.Тэмүүлэнтэй холбогдож тухайн өдөр чухам юу болсныг тодруулахад " Фэйсбүүк хуудастаа тухайн үеийнхээ сэтгэл хөдпөлөө бичсэн. Дараа нь гарах үр дагаврыг бодож үзээгүй. Монголд бол фэйсбүүк өдрийн тэмдэглэл шиг болчихсон шүү дээ. Гэхдээ тоормоз эвдэрсэн байсан нь үнэн. Хүн гэмтэж, үхэж үрэгдэхээр сүртэй зүйл бол болоогүй. Би фэйсбүүк хуудсаар ҮСАХ-ийн нэр хүндийг сэргээх мэдэгдэл хийж байгаа"

Хүнд сурталтай ҮСАХ-гийнхэн хүний амь нас хариуцаж байгаагаа мэддэг болов уу
ҮСАХ-гийн үүдээр ороход хураамж авдаг, хэтэрхий өндөр үнэтэй, багцын тоглоомоор тоглуулах нэрийдлээр их хэмжээний төлбөр авдаг гэх шүүмжлэл их байдаг. Түүнчлэн 2010 онд ҮСАХ-гийн "Сансрын хөлөг" нэртэй нэгэн тоглоомын гинж нь гэнэт тасран зогссоны улмаас агаарт хагас цаг халуун наранд гацсан иргэд бухимдаж байсан.

Айж сандарсан иргэд ажилтнуудаас нь онцгой байдлынхныг дуудаж өөрсдийг нь агаараас буулгаж өгөхийг гуйсан ч дуудаж өгөөгүйг нь үйлчлүүлэгчдээ хэт басамжилсан хэрэг болсон. ҮСАХ-г шинэчилж, дэлхийн жишигт хүргэнэ гэсэн тэдний амлалт будаж өнгийг нь сэргээсэн хуучин тоглоомууд, хүнсний жижиг мухлагууд, менгөний зорилготой өндөр үнэтэй ресторан л байсан хэрэг үү. Ингээд ҮСАХ-гээр үйлчлүүлж байсан иргэдийн сэтгэгдлийг сонирхсон юм.

Г.Ижилмөрөн: Хүний амь нас эрсэдсэн бол хариуцлагыг хэн хүлээх юм
"Галзуу хулгана" тоглоомоор тоглоход их зугаатай байдаг. Анх тоглоход аймаар санагдсан. Саяхан хүүхдүүдийг суугаад явж байхад гацсан гэж сонсоод дахин тоглоогүй. Ер нь тоглоомын аюулгүй байдлыг байнга шалгах хэрэгтэй.

Олон хүний амь насыг хариуцан ажиллаж байгаа хүмүүс хариуцлагатай хандах ёстой. Тухайн өдөр хүний амь нас эрсэдсэн бол хариуцлагыг нь хэн хүлээх юм. Ер нь бол ҮСАХ-гийн операторууд хүнд сурталтай харилцдаг шүү дээ.

П.Ууганбаатар: Хүн амиа алдсан бол операторын буруу гэх байсан юм уу
-"Галзуу хулгана" тоглоомд эвдрэл гарсан тухай мэдээлэл фэйсбүүк хуудаст тархсан. Тухайн үед 16 хүн сууж явсан гэсэн. Энэ бол ҮСАХ-гийн хариуцлагагүй хүнд сурталтай ажилладгийн тод илрэл юм. Хүн бэртэж, амь насаараа хохирсон бол яах юм бэ. Операторын буруу гээд зогсох байсан юм уу.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хоёр цаг тутам үзлэг хийдэг гэсэн. Өглөө үзлэг хийчихээд өдөр тоглоом нь гэмтээд хүн бэртвэл яах юм бэ. Тэгээд ч манайхан хүний айь эрсдэж эсвэл бэртэж гэмтсэн хойно ухаарч ойлгодог муу талтай шүү дээ.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: