sonin.mn

Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг "Засгийн газрыг хууран мэхэлж их хэмжээний мөнгө завшсан" гэх асуудлаар АТГ шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Харин Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат "Намайг шалгаагүй. Хөгжлийн банкны албан тушаалтан гэсэн асуудал яригдаад байгаа. Яг хэн гэдгийг нь одоогоор мэдээгүй байна" гэсэн тайлбар хэлж байгаа юм.

Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас дээрх албан тушаалтнуудыг ямар үндэслэлээр шалгах болсон талаар тодруулахад "Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ердөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан.

Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд" ХХК-д шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан.

Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаараа Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна" гэв.

Б.Дэлгэр

Эх сурвалж: