sonin.mn

Олон хүний амь нас, нулимсыг урсгасан газар бол Налайхын уурхай. Бас олон ч айлыг хоолтой хонуулж, хэдэн мянган өрхийг дулаан өвөлжүүлдэг дундаршгүй баялагтай газар бол мөнөөх л Налайхын уурхай. Гэсэн ч "Налайхын уурхайд осол гарч, гурван хүн амиа элдлаа", "Уурхайн амуудыг хааж, лацдаж байна", "Зөвшөөрөлгүй амуудыг хаалаа" зэрэг саар мэдээллүүд тасрахгүй.

Байсхийгээд л хүн нурангид даруулж, амиа алдсан талаар шуугидаг. Энэ нь эхэндээ Налайхын иргэдийг тэр дундаа уурхайчдыг сэрдхийлгэж, цочроодог байсан. Харин одоо ч үүнд дасал болж, дөжирцгөөсөн гэнэ. "Өө хүн нурангид даруулаад үхэж л байдаг юм" гэх зэргээр ярих болжээ.

Энэ үед хяналт тавидаг байгууллагууд очиж, зөвшөөрөлгүй амуудыг лацдаж, хаадаг. Харин уурхайчид хэд хоногийн дараа амыг нээдэг аль эсвэл шөнө олборлолт хийдэг байна.

Ийм л бичигдээгүй хууль уг уурхайд олон жил хэрэгжсэн. Зуны улиралд уурхайн ажил зогсдог. Гэсэн ч энэ зун нэг залуу нурангид даруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг мэргэжлийн байгууллагуудын хяналт хэр байгааг гэрчилж байх шиг. Тун удахгүй уурхайнууд ажиллаж эхэлнэ.

Тэгвэл тэр үед нөгөөх саар мэдээллүүд гарч эхлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс бид уг уурхайг цаашид хэрхэх талаар болон нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжилсан юм. "Налайх-Баруун дөрвөн зам" гэсэн хаягтай том оврын автобусанд суулаа. Талдаа цаг орчим явдаг ч хотоос гарах гэж багагүй түгжирснээс их үдийн алдад "Буян налайх" гэсэн буудал дээр буусан юм.

Тэндээс зүүн урагшаа таван км-ийн зайд байрлах уурхайг зорьлоо. Жижигхэн хөтөл даваад жирийн биш өөр ертөнц гэмээр дүр зураг биднийг угтсан юм. Учир нь хуучин Налайхын их уурхайн хоёр балгас, энд тэндгүй хөглөрөх хог шороо, овоолсон нүүрсний үүрмэг, хогон дундаас хооллох золбин ноход, бүрээс нь урагдсан ганц нэг гэр, хэд гурван мал бэлчиж харагдлаа.

Кинон дээр гардаг сөнөсөн дэлхий ч юм шиг. Бүүдгэр саарал өнгө ноёлох ухаж сэндийчсэн хөндийтэй нүүр туллаа. Энэ бол нийслэлчүүдийг дулаан хонуулдаг нүүрсний орд болох Налайхын уурхайн дүр төрх.

Өндөр дээрээс харвал завсар зайгүй ухсан олон ам. Яг л хулганы нүх гэмээр. Хүйтний улирал эхлээгүй байгаа учир уурхай ажиллаж эхлээгүй байв. Эзэнгүй шахам ганц нэг гэр, наана цаагуур нь явах зарим хүмүүсийг эс тооцвол зөвшөөрөлгүй гэх тодотголтой амууд ч нам жим байв. Учир нь cap гаруйн өмнө гарсан хэргээс үүдэн хяналтаа чангаруулсан бололтой.

Бид тэнд амьдардаг иргэдээс зарим зүйлийг тодрууллаа. Нэрээ хэлэхийг хүссэнгүй. Тэрбээр "Одоо уурхай ажиллаагүй байна. Би энд уурхайчдын хоол хийж зардаг. Бас ундаа, тамхи зэрэг жижиг бараа худалдаалдаг. Хааяа ганц нэг хүн шөнө олборлолт хийдэг сураг дуулдсан. Намар есдүгээр сараас ажиллаж эхэлнэ. Тэр үед нь ирвэл хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм" гэв.

Бидэнтэй ярилцах өөр хүн бараг таарсангүй. Байнга л хэл ам дагуулдаг уг уурхайг хаах шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд үргэлж гаргадаг ч хэрэгжиж байгаагүй.

Энэ талаар Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой ярилцлаа.

А.Ганболд: Уурхайг хаах гэж байгаа бол 1000 хүний ажлын байр гаргах хэрэгтэй

-Налайхын уурхайг хаах шийдвэр гаргадаг ч хэрэгжихгүй өдийг хүрлээ. Энэ тал дээр танай дүүргийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Энэ уурхайг хаах талаар ярьж болохгүй. Хаасан тохиолдолд мянга гаруй хүн ажилгүй болж, түүний цаана хэдэн мянган хүн хоолгүй хоосон хонох болно. Үнэхээр хаах гэж байгаа бол мянган хүний ажлын байр гаргах хэрэгтэй.

Үүний дараа хааж болно. Ингээгүй тохиолдолд бид уурхайг хаалгахгүй. Засгийн газрын зүгээс ажлын байр гаргаагүй мөртлөө хэдэн төгрөгийн орлоготой өвөлжих гэж зүтгэж байгаа хүмүүсийг хоолноос нь салгах шаардлага байхгүй.

-Тэгэхээр цаашид энэ байдлаараа уурхай ажиллавал дахиад л хүн нас барах эрсдэлтэй шүү дээ. Осол аваарыг бууруулахын тулд дүүргийн зүгээс юу хийж байна вэ?

-Сүүлийн үед осол гарч, хүн нас барах нь багассан. Өнөө, маргаашгүй нурахад бэлэн болсон хамгаалалтын бэхэлгээгүй уурхайд бид ингэж хэлдэг. "Танай уурхайд осол гарвал эргэн тойрны чинь бүх амыг хаана шүү. Хэрвээ хүн нас барсан тохиолдолд золгүй явдал гэж өнгерөөхгүй. Шүүхэд татаж хуулийн дагуу шийдвэрлүүлнэ" гэдэг.

Ингэхээр уурхайчид ухамсарладаг л даа. Tor таслах, амыг нь таглах зэрэг аргаар уурхайн ослыг багасгах арга байхгүй. Уурхайн ослыг уурхайчид өөрсдөө л зогсоож чадна. Гэхдээ налайхын yypxaй аюултай хэвээрээ.

-Уурхай аюултай гэж ярьлаа. Тэгсэн мөртлөө хаалгахгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тэгвэл цаашид уурхайг яаж хөгжүүлэх хэрэгтэй вэ. Та гарц харж байна уу?
-Налайхын уурхайг төр засаг олон жил зөнд нь орхилоо. Ер нь цаашид гар аргаар нүүрс олборлох нь зохимжгүй. Бэхэлгээний модгүй бол уурхай байхгүй. Засгийн газар нэг гараараа налайхын уурхайг дэмжээд нөгөө гараараа бэхэлгээний модыг нь хураадаг байж болохгүй.

Энэ нь уурхайчдыг элсэн дундуур хулгана шиг явж амьдар гэж байгаатай ялгаагүй. Мөргөцөг хэдий хол байх тусам үхэл төдий чинээ ойртоно. Уурхай руу чиглэсэн зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Утаагүй түлшний үйлдвэр байгуулж болж байна. Одоогоор уурхайд авч, ашиглаж болох 60 сая тонн нүүрс байна. Налайхын уурхай байгаагүй бол Богд уулын мод ганц ширхэг ч үлдэхгүй байсан байх. Яагаад гэвэл нэг машин нүүрс уурхайчид гаргаж байна гэдэг арван машин мод хэмнэж байна гэсэн үг.

-Зөвшөөрөлгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, осол гарч, хүний амь нас эрсдсэн амнуудыг НМХГ-аас лацдаж, хаадаг. Энэ үед ажилгүй болсон иргэдийг ажлын байраар хангах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Уурхайн 158 аманд 1200 хүн жил бүр ажиллаж байна гэсэн тоо байдаг. Налайхын иргэд тэр дундаа уурхайчдыг ажилтай болгохын тулд нөхөрлөл байгуулж байна. 2012 онд дүүргээс 33 га газрыг уурхайчдын нөхөрлөлд зориулж шийдэж өгсөн.

Харамсалтай нь нийтийн эзэмшлийн зүйл болоод өнгөрсөн. Гэхдээ одоо дахин газрын асуудлыг шийдэх байх.

   Налайхын уурхай хамгийн аюултайд тооцогддог. Жилд дундажаар 700 мянган тонн нүүрс олборлодог. Налайхын уурхайд 56 мянган тонн нүүрс олборлох тутамд нэг хүн амь эрсэддэг гэнэ. Энэ нь уурхайн ослоор дэлхийд дээгүүрт ордог байна.

Одоогоор үйл ажиллапы явуулдаг аж ахуйн нэгжээс зөвхөн 11 компани зөвшөөрөлтэй бөгөөд өөрсдийн хөрөнгөөр бэхэлгээ хийж, аюулгүй байдлыг хангаж ажилладаг гэнэ. Нийслэл хотоос 40 км зайтай орших Налайхын уурхай бол өнгөрсөн болоод одоогийн хууль бус ажиллагааны илрэл юм.

Тиймээс бид энэ тал дээр хяналт шалгалт хэр хийж байгаа талаар НМХГ-ын Байгаль орчин аялал жуулчлал, геологи уул уурхай хариуцсан байцаагч Д.Гэрэлгуагаас тодрууллаа.

Тэрбээр ''Налайх дүүрэгтэй хамтарч төлөвлөгөөт болон телөвлөгеөт бус шалгалтыг байнга хийдэг. Хамгийн сүүлд энэ сарын 21-нд уурхайд шалгалт хийж зөвшөөрөлгүй 20 гаруй амыг лацдаж, хаасан. Бичиг баримтыг нь шалгах гэхээр "Дүүргийн Засаг даргын Тамгын газарт өгсөн" гэж худлаа хэлдэг. Ингэснээр осол аваар их гарч, хүний амь нас эрсдэж байна. Ойр, ойрхон ухсан байна. Тиймээс хажуугаар нь явахад цөмрөх магадлал өндөр. Шөнө өдергүй л манж, хамгаалахгүй бол шөнө гэрэл тусгаад нүх ухсан байх жишээтэй. Тэнд ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй байна" гэв.

Шинэчлэлийн Засгийн газрын олон шинэ бодлогын нэг нь Налайхын уурхайг хааж, бүх амуудыг лацадсан явдал байв. Үүний уршгаар олон мянган иргэн ажилгүй болж, хоосон хонож байсан цаг саяхан. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл газар авч, архидалт хавтгайрсан юм.

Тэгвэл үргэлж шинийг санаачилдаг шинэчлэлийн Засгийн газрынхан гадаадын улс орнуудаас зээл, тусламж гуйж байхаар газар доорх эх орны баялгаа ашиглаж, төрийн зөв бодлого явуулж иргэдээ эдийн засгийн хямралаас гаргах цаг болсон биз ээ.

С.Юмсүрэн

Эх сурвалж: