sonin.mn

Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төвийн Ерөнхий диспетчер Г.Балжиннямыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл тус салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа эрх мэдэл бүхий зарим албан тушаалтныг орох байх газраа олж ядахад хүргэж байгаа бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр 7,4 тэрбум төгрөгт холбогдоод байгаа бөгөөд одоо батлан даалтад, гадуур шалгагдаж байгаа юм байна.

Ямартай ч Г.Балжинням нь эрчим хүчний салбарт зарласан тендерт ялсан компаниудын олонхид нь зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ тендер бүрийн санхүүжилтээс арван хувь “цохьдог” “байсан нь тогтоогдоод байгаа гэнэ. Ялангуяа шугамын тендерт нөлөө бүхий болтлоо байр сууриа олсон нэгэн гэх сураг ч дуулдлаа.

Мань эрийн сүүлийн жилүүдэд эрс хөрөнгөжсөн нь түмний нүднээ ил байгаа бөгөөд хүүхэд бүрийнхээ нэр дээр 100 сая төгрөгийн хадгаламжийн данс нээгээд зогсохгүй хувьдаа хэд хэдэн орон сууц худалдан авч түүнийгээ түрээслэдэг байна.

Энэ мэтийн явган яриа өдгөө Эрчим хүчний яамны таван давхар саарал байшингаас хальж, салбарын хэмжээнд Г.Балжинням гэгч хэн болох тухай, түүний сувдаг сэтгэлийн талаар зөгий адил дүнгэнэлдэх болжээ.

Хэрэв дээрх яриа үнэн бол сардаа үсрээд л сая илүүтэй төгрөгийн цалин авдаг инженер хүүхэд бүрийнхээ тоогоор 100 саяар хадгаламж нээж, өндөр зэрэглэлийн төмөр хөлгөөр тансаглаж, Зайсангийн асар үнэтэй хороололд тухлах хэмжээнд хүртлээ баяжих нь юу л бол.

Ямартай ч Ерөнхий диспетчер ажил мэргэжлийнхээ хувьд улаан хөлтнийг урдуураа гишгүүлэхээргүй чадварлаг хэдий ч өөрөөс нь илүү мэдлэг чадвартай инженерүүдэд дургүй бөгөөд тийм хүн төвд нь орж ирэх аваас ямар нэг байдлаар хавчиж байгаад л явуулчихдагаараа зартай гэнэ.

Диспетчерийн үндэсний төвд өдгөө ч түүн шиг эрх мэдэлтэй, бүхнийг ганцаараа шийддэг хүн байхгүй бөгөөд ерөнхий диспетчерээ дагаад жолооч нь ч “гэрийн нохойны сүүл өөдөө” гэдэг шиг тэнгэрт суудлаа засан томорч унаж яваа машинаа бусад жолоочийн адил засч янзлахын оронд бүхий л сэлбэгээ шинээр худалдан авч тавьдаг нь арай ядан хүрч яддаг Диспетчерийн төвийн төсөвт ихээхэн нэрмээс болдог байна.

Түүнчлэн тэрбээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, зөвхөн шуурхай үйл­чил­гээнд явах үүрэг бүхий жижүү­рийн шуурхай албаны пургон машиныг зайдалдаг учраас зарим онцгой тохиолдол бүхий дуудлагат явах гэхээр шатахуунгүй зогсох тохиолдол нэг биш удаа гарч байжээ.

Уг нь ерөнхий диспетчерийн албан үүргийн онцлогоос хамаарч сард 200 мянган төгрөгийн шатахуун хэрэглэх эрхтэй ч тэрбээр мөнгөө байнга бэлнээр нь авч халаасалчихаад өөр албаны машиныг унаж, ашигладаг ажээ.

Эцэст нь хэлэхэд, эрчим хүчний салбарын тендертэй холбоотой 7,4 тэрбум төгрөгийн хэрэгт тус төвийн ахлах нягтлан бодогч Баярцэнгэлийг ч холбоотой гэж үзэн шалгаж эхэлжээ.

Д.Ган-Очир

Эх сурвалж: