sonin.mn

Энэ оны эхний найман сард хилийн чанадад манай улсын нийт 196 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна.

Тодруулбал, БНХАУ-д 116, БНСУ-д 28, АНУ-д 13, Турк, Хонконг, ОХУ-д тус бүр зургаа, Чехд, Польшид дөрөв, Сингапурт тав, Тайваньд гурав, Унгарт хоёр, Австри, Англи, Франц Улсад тус бүр нэг нэг иргэн саатуулагдсан аж.

Үүнээс хулгай 102, хүний амь нас хохироосон хоёр, хориотой бараа хилээр нэвтрүүлэх, хил гаалийн журам зөрчсөн 22, визийн хугацаа хэтрүүлэн оршин суух журам зөрчсөн 22, биеэ үнэлсэн 10, танхайн хэрэг 16, хүчин ес, хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн дөрөв, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон есөн хэ­рэгт сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа ажээ.

Мөн гадаадын 21 оронд 148 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний 36 нь хар тамхи, 33 нь хулгай, 12 нь танхай, үлдсэн 67 нь бусад хэргээр хорих ял эдэлж байна.

Энэ онд ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд БНСУ-аас хоёр, БНЧУ-аас нэг иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авчирсан байна.

Тиймээс манай иргэд хилийн чанадад зорчихдоо өөрийн үүрэг зорилгоо ухамсарлаж аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьд­чилан сэргийлэх, сонор сэ­рэмжтэй байх, тухайн улс орны хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөхийг Консулын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: