sonin.mn

Манай улсын боловсролын системийн сул дорой байдал ч гэх үү, сурган хүмүүжүүлэгч нарын бусармаг үйлдэл ч гэмээр юм уу ямартай ч боловсролын салбарт авлига хэрээс хэтэрлээ. Зөвхөн боловсролын салбар гэлтгүй авлигажсан орон болж хувирсан нь нэгэнт илэрхий болоод байгаа.

Гэхдээ боловсролын салбарт авлига хэрээс хэтэрсний сургамжит жишээ болох нэгэн шүүх хурал саяхан болж өнгөрлөө. "Авлига авсан, өгсөн, зуулчилсан" хэрэгт буруутгагдаад байсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нарын хэргийг шүүхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, Н.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болов. Уг нь тэдний хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд шүүн хэлэлцэх байсан ч шүүгдэгч нарын өмгөөлегч, ар гэрийнхэн гээд олон хүн шүүх хуралд оролцсон учраас ийнхүү урьдчилан хорих төвд болсон байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар хэрэгт буруутган шүүсэн юм. Тус сургуулийн сургалтын менежер Н.Жавхлантөгс нь туслахтайгаа хамтран оюутнуудаас 30 гаруй сая төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Н.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч оюутан Б.Бадамдоржийг хахууль өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Харин оюутан Б.Бадамдоржийн өмгөөлөгч эрүүгийн хуулийн задаргааг тайлбарлаж Эрүүгийн хуулийн 269.2 зүйл ангийг өөрчилж, түүнд төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жил болгон өөрчлүүлсэн байна.

Ингээд түүнд ногдуулсан ялыг шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон шийдвэрлэсэн. Бусад шүүгдэгч улсын яллагчаас 1-3 жилийн хорих ял сонссон боловч шүүх бүрэлдэхүүн тэдний ялыг нэг жилийн тэнсэн харгалзах болгож өөрчилсөн юм.

Өөрөөр хэлбэл, дээрх авлигын хэргээр шүүгдсэн оюутнууд бүтэн 360 хоногийн турш шүүхийн хараанд байх нь. Уг хэрэг явдал 2012 онд болсон хэдий ч өнгөрсөн жилээс шүүхийн шатанд шилжсэн юм.

Ийнхүү авлигач багш нарын гороор мэргэжил эзэмшихээр дээд сургуульд сурч байсан 50 гаруй оюутан амьдралдаа "хар данс"-тай хоцорлоо. Хэдийгээр хорих ангид ял эдлээгүй ч нэг жилийн тэнсэн харгалзах шүүхийн шийдвэр нь удахгүй сургуулиа төгсөөд мэргэжилтэн болж ажлын гараагаа эхлүүлэхэд нь гарцаагүй хар толбо болох нь дамжиггүй.

Дээрх хэргийн хувьд авлига авч сурсан сургалтын менежер "Оюутнуудтайгаа маргаан үүсгэснээс хэрэг илэрсэн гэдэг. Тухайлбал, сургалтын менежер, багш, оюутнууд дүн засах үнэ ханшин дээрээ тохироогүйгээс маргаан дэгдсэн гэж өмгөөлөгч нь хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлагуудын хэлсэн мөнгийг өгч чадахгүй дүнгээ засуулж чадахгүй хоцорсон оюутнууд гомдол гаргаснаар дээрх хэрэг илэрсэн.

Ер нь их, дээд сургуулийн сургалтын системд бичигдээгүй нэг журам хэрэгжиж байгаа нь мөнгө өгч дүнгээ засуулдаг явдал. "Улирлын шалгалт эхлэхээр манай багш нар ч баяждаг шүү" гэх яриаг хувийн дээд сургууль гэлтгүй улсын их сургуульд сурдаг оюутнаас ч сонсч байсан юмдаг.

Тухайлбал, ЭМШУИС-д сурдаг I курсийн оюутан "Өнгөрсөн хавар Социологийн ухааны дүнгээ гаргахын тулд манай ангийнхан 30-100 мянган төгрөг өгч дүнгээ засуулсан. Гол хичээлийн дүн биш ч гэсэн бусад хичээлийн дүнд сөргөөр нөлөөлөх гээд яалт ч үгүй засуулсан. Хамгийн гол нь шалгалт авчихаад хэд авсныг нь хэлдэггүй. Угаасаа тэгж дүн гаргаж сурсан багш гэдэг юм билээ. Би л гэхэд 30 мянган төгрөг өгсөн чинь 80 хувь болгож засч өгсөн" гэв.

Шалгалт авчихаад дүнгээ танилцуулдаггүй ямар тогтолцоо вэ. Энэ нь эхнээсээ мөнгө авах гэсэн ухагдахуун биш гэж үү. Өөрөөр хэлбэл, мэдлэгээр биш мөнгөөр дүн гаргадаг тогтолцоо бий болчихоод байгаагийн тод жишээ энэ.

Энэ урхаг явдлаас болж оюутнууд гэмт хэрэгтэн болж байна шүү дээ. Нөгөө талаас авлига өгч байгаа оюутнууд буруутай гэж шүүмжлэх хэсэг байж болох. Гэтэл багш нар ийм жишиг тогтоогоогүй бол хэнд ч мөнгө өгч дүнгээ дээшлүүлэх, шалгалтад тэнцэх бодол төрөхгүй шүү дээ.

Б.Дэлгэр

Эх сурвалж: