sonin.mn

"Согтуу цагдаа машинаар хүүхэд дайрч амийг нь хөнөөжээ", "Цагдаагийн албан хаагч хүний аминд хүрчээ", "Согтуу цагдаа машинаар айлын гэр дайрав", "Цагдаагийн албан хаагч урсгал сөрж яваад осол гаргажээ" гэх мэтчилэн хууль сахиулагчидтай холбоотой сэтгэл сэртхийм мэдээ үе үе гарах боллоо.

Уг нь тэд ард түмний амар тайван амьдралын төлөө ажиллах тангараг өргөж, аюулгүй байдал, амар амгалан нөхцөлийг бий болгох үүрэг хүлээсэн хүмүүссэн. Гэвч тэдний олонхи нь хууль, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж алаг машинаараа урсгал сөрөн давхих, замын голд хөндлөн зогсч хөдөлгөөнд саад учруулах зэрэг бусармаг үйлдэл гаргаж, улмаар хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байна.

Тухайлбал, энэ сарын 10-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, таван буудлын орчимд зам хөндлөн гарах гэж явсан 12 настай С охиныг "СЭҮ 00-23" улсын дугаартай цагдаагийн автомашин унасан албан хаагч 07.45 цагийн үед дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Уг цагдаагийн албан хаагч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны цагдаагийн ажилтан У гэгч байсан бөгөөд тухайн үед урсгал сөрөн, дохиоллоо хангинуулан хурд хэтрүүлж яваад ийнхүү осол гаргажээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар У согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан байж ч болзошгүй аж.

Ослын ойролцоо байсан иргэдийн хэлснээр тухайн үед хотын төв рүү чиглэсэн урсгал ачаалал ихтэй байсан гэнэ. Харин долоон буудал чиглэлийн урсгал чөлөөтэй байсан аж. Хохирогч охин урсгал сөрж машин ирнэ гэж мэдээж бодохгүй шүү дээ. Тэр тусмаа замын голд тусгаарлах хашаатай авто замаар урсгал сөрөх тухай ойлголт хүүхдийн ой ухаанд бүү хэл томчуудын санаанд ч буухгүй.

Хэн ч байсан машин ирэх зүг рүү л анхаарлаа хандуулах нь ойлгомжтой. Гэвч орон нутгийн цагдаагийн албан хаагч нийслэлд хурд хэтрүүлэн, бүр урсгал сөрөн давхих эрхийг хэн өгөв. Ямар учраас дуут дохио хангинуулан давхиж яваад хүний аминд хүрэв. Ер нь цагдаагийн байгууллагын автомашин тээврийн хэрэгсэл биш үү.

"Цагдаагийн машин дуртай замаараа, хүссэн үедээ зорчих эрхтэй" гэсэн хуулийн ямар заалт, хаана байна вэ. Иргэд энэ мэт асуултад хариулт нэхэж байна. Яаж ч бодсон нийслэлийн бужигнасан олон цагдаа өнөөгийн тайван цагт Сэлэнгийн цагдааг авчрахгүй нь тодорхой. Тэгэхээр гэмт этгээд төрийн нэрийг барин дураараа авирласнаас гарцаагүй юм.

Мөн энэ сарын 4-ний 09:55 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордноос Цайз зах руу өгсөх замд зам хөндлөн гарч явсан 66 настай иргэнийг цагдаагийн машины жолооч мөргөж, хүндээр бэртээсэн хэрэг гарсан. Дуудлагын дагуу ЗЦГ-ын алба хаагчид хэргийн газар үзлэг хийхэд ЦЕГ-ын харьяа Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын алба хаагч энэхүү ослыг гаргасан нь тогтоогдсон байна.

Осол гарах үед цагдаагийн машинд мөн тус албаны хоёр ажилтан байсан гэх. Хохирогчийг ГССҮТ-д хүргэж, толгойд нь оёдол тавиулж, томографикийн зураг авахуулан шинжилгээ хийлгээд байгаа аж.

Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 12-нд Сэлэнгэ аймгаас Алтанбулаг орох замд тус аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн ажилтан У согтуугаар "СЭА 74-70" улсын дугаартай, "Тоёото креста" маркийн машин жолоодож явахдаа иргэн М-ыг дайрч амь насыг нь хохироосон. Гэвч өнөө хүртэл хэрэг нь шийдэгдээгүй яваа аж.

Харин энэ хүн зарим эх сурвалжийн хэлж буйгаар дээрх 12 настай охины аминд хүрсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн ажилтан У гэгч мөн байж болзошгүй гэнэ. Зарим хүн цахим хуудаст тэднийг "Ах дүүс" гэж ч бичсэн байх аж. Ямартай ч тус сумын цагдаагийн нэг ажилтан хоёр хүний, эсвэл хоёр цагдаа нь хоёр хүний аминд хүрээд байна.

Мөн өнгөрсөн оны есдүгээр сард гэхэд л Налайх дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн ажилтан согтуугаар бусдын машиныг жолоодож яваад айлын гэр дайрч, хоёр хүүхдийг нь гэмтээсэн хэрэг гарсан. Бас мөн оны есдүгээр сард Дарь-Эхийн Ганц худгийн автобусны буудал дээр ЗЦГ-ын Хамгаалалтын тусгай тасгийн цагдаа Т, Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож, хоёр хүнийг дайрсан хэрэг гарсан байдаг.

Тэдний дайрсан хоёр хүний нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн. Энэ мэтчилэн цагдаагийн албан хаагчийн буруугаас болж хүний амь эрсэдсэн баримт тоочвол олон бий.

Уг нь Засгийн газрын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчилж байгаа талаар салбарын сайд нь ярьж байсан цаг саяхан. Тухайн үед "Цагдааг цагдах" хуулийн төсөл гэх мэтээр олон нийтэд хуулийг сурталчилж, албан хаагчийн ажиллах арга барилд тодорхой өөрчлөлтүүд гарах талаар мэдээлж байсан.

Гэвч өнөө хүртэл салбарын сайд нь цагдаагийн дарга нартайгаа зөрчилдөж, халаа сэлгээ хийснээс илүү ахиц гарсангүй. За яахав, албан хаагчдынхаа дүрэмт хувцсыг шинэчилсэн, торгодог, шалгадаг төхөөрөмж тараасан гэх мэтийг ажил хийсэнд тооцож болох юм.

Ер нь цагдаагийн машин хаа явсан газраа дуут дохиогоо ажиллуулан, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж урсгал сөрж явдгийг хэлэх хүн олон бий. Амины, албаны ямар ч ажлаар явсан ийнхүү түрэмгий авирладаг нь дээр дурдсан ослыг дагуулаад байх шиг. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны дотоод журамд "Яаралтай хэрэг гарсан үед дохио асааж, урсгал сөрж явна" гэж заасан байдаг аж.

Мөн "Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж яваа шуурхай ажлын болон тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг мөрдлөг болгоно" гэж Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын 4.2-т заасан байх ажээ.

Тэгэхээр "Яаралтай хэрэг гарсан үед..." гэснээс биш "Хүссэн цагтаа урсгал сөр, дуут дохио асаа" гэж эрх олгоогүй байна. Хууль сахиулагчид өөрсдөө хууль дүрмээ биелүүлэхгүй байж иргэдтэй хуулийн хариуцлага яриад ч хэрэггүй юм шиг.

Цахим хуудсуудад "Цагдаа согтуугаар машин барих нь гэмт хэрэг биш. Тэдний энэ үйлдэл энгийн үзэгдэл болсон шүү дээ. Хууль сахиулагчид ямар нэгэн аргаар хохирогчийн буруу болгочихно" хэмээн иргэд ярилцаж байна.

Арга ч үгүй биз. Энгийн иргэн гарцгүй газарт хүн дайраад гэмт хэрэгтэн болж байхад цагдаагийн албан хаагч бол хариуцлага хүлээдэггүй. Хүний амь хөнөөчихөөд хуулийн байгууллагад даргын алба хашиж буй бодит жишээ байхад иргэд цагдаа нарт яаж ч итгэх билээ дээ.

М.Наранболд

Эх сурвалж: