sonin.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын энэ оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль болон түүний харьяа бүрэлдэхүүн сургуулиудын өмч хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтын дүнг өнгөрсөн баасан гаригт МХЕГ-ын дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн юм. Дарга нарын зөвлөлийн хурлаар СУИС-ийн санхүүд хийсэн шалгалтыг дүнг МХЕГ-ын санхүү хяналтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр танилцуулсан.

Тэрээр “СУИС бакалаврын түвшинд 35-54 мянган төгрөг, докторын түвшинд 39-48 мянган төгрөгөөр кредит цагийг нь үнэлж төлбөр авдаг юм байна. Сургалтын төлбөр нэг саяаас 1,2 сая төгрөг.

Өнгөрсөн 2012 онд 8,6 тэрбум төгрөгийн, 2013 онд 6,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байгаа. Нийт орлогын дийлэнх хэсгийг үндсэн үйл ажиллагааны орлого буюу суралцагчдын төлж буй сургалтын төлбөрийн орлого эзэлж байна” гэдгийг онцолсон.

Мөн “СУИС нь хичээлийн таван байр, оюутны нэг байртайгаас гурван байрных нь ашиглалтын хугацаа дууссан. Хуучин барилга байгууламжууд, оюутны байр ашиглалтад орсноосоо хойш 26 жил засвар хийгээгүй.

Иймээс Боловсрол, шинжпэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар 560 сая төгрөг зар-цуулахаар санал болгосон боловч дэмжигдээгүй учраас өөрийн эх үүсвэрээр 450 сая төгрөгийн урсгал засварыг хийсэн байна” гэв.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалын хувьд 2013 онд батлагдсан төсвийг тэрбум төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан. Цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 376 сая төгрөгөөр, гадаад дотоодын томилолтыг 62 сая төгрөгөөр, хичээлд орсны зардлыг 45 сая төгрөгөөр, урсгал засварын зардлыг 344 сая төгрөг гэх мэт хэтрүүлэн зарцуулсан байна.

Мөн Тайз, дэлгэцийн сургууль 2013 онд 60 сая төгрөг, Хөгжмийн урлагийн сургууль 189.1 сая төгрөгийг Төрийн банканд сургуулийн нэр дээр хугацаатай хадгаламж нээсэн байсан аж.

Э.Сонинтогос: Энэ миний буруу байсан учраас БШУЯ-ны гаргасан шийдвэрийн дагуу хариуцлага хүлээсэн
СУИС-ын захирал Э.Сонинтогосоос дараахь зүйлийг тодруулллаа.

-Танай сургуулиас санхүүгийн асуудал дээр нэлээд зөрчил илэрсэн байна. Энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Манайх долоон бүрэлдэхүүн сургуультай байсан. Бүх сургуулиуд дээр ажилласан. Сүүлийн хоёр жил төлөвлөгөөт шалгалтанд ороогүй байсан. Энэ жил удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан. Шалгалтын явцад гарсан дүгнэлттэй санал нэг байгаа.

-2013 онд батлагдсан төсвийг тэрбум 84,7 сая төгрөг хэтрүүлэн зарцуулсан байна гэж байна. Энэ их мөнгийг юунд зарцуулсан бэ?
-Монгол Улсын зургаан сургуулийн дотор хамгийн отгон бөгөөд эдийн засгийн хувь бэхжээгүй сургууль юм. Кредитийн төлбөр нэмэгдсэн, багш ажилчдынхаа цалинг 15 хувь нэмсэн. Мөн мэргэжилтнээ сайжруулах үүднээс мэргэжлийн ахлах сургууль байгуулсан.

Аравдугаар ангиас нь эхэлж элсэлт авдаг болсон. Үүнтэй холбоотойгоор зардал хэтэрсэн тохиолдол гарсан. Бас бидний орлого 200 саяар нэмэгдсэн. Төсвийг хэтрүүлсэн зүйл бол манай сургууль олон улсын болон бусад байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх санаачлагатай ажиллаж байгаа.

Нэн түрүүнд ЮНЕС-КО-гоос бид гурван төсөл авсан. Өмнө нь бусад сургууль ЮНЕСКО-той хамтарч ажиллаж байгаагүй. Энэхүү төсөл дээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ССАЖЯ, БШУЯ хамтран төсөлт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учир төсвийг урьдчилан төлөвлөх аргагүй байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөлөөс төсвийн тодотгол дээр тоггоол гаргаагүй байсантай холбоотой. Энэ миний буруу байсан учраас БШУЯ-ны гаргасан шийдвэрийн дагуу хариуцлага хүлээсэн. Тийм учир дахин алдаа гаргахгүйн тулд энэ жилийн төсвийг долдугаар сард баталсан байгаа.

-Төсвийг ямар ч тооцоо судалгаагүй зарцуулсан. Төлбөрөө тооцоо судалгаагүй нэмж, зарцуулж байгаа гэж байна. Энэ явдал дахин давтагдах уу?
-Бидний өмнө гаргасан алдаа бол төсвийн тодотгол-гүй байсан явдал. Харин энэ жил бүх сургууль 15 хувиар төлбөрөө нэмсэн. Үүнтэй холбогдуулан багш ажилчдын цалинг нэмсэн. Цаашид алдаа гаргахгүй тулд төсвийн тодотголоо сайн гаргах тал дээр анхаарч ажиллаж байгаа.

-Нэг тэрбум төгрөг хэтэрсэн. Батлагдсан төсвөөс хэдэн хувиар хэтэрсэн бэ?
-Нийт төсвөөс 10 хувиар хэтэрсэн. Шинэ элсэлт нэмэгдүүлэхээр 8.9 тэрбум төгрөгний төсөв бүрдүүлсэн.

-Акт тавигдсан уу?
-Хоёр сая төгрөгийн акт тавигдсан.

-Энэ жил сургуулийн төлбөрийг 15 хувиар нэмэгдүүлсэн гэж байна. Багш, ажилчдын цапин нэмэгдсэн үү?
-Манай сургууль элсэн орогчид дунд бага орлоготой айлын хүүхдүүд байдаг учир манай төлбөр харьцангүй хямд байдаг. Санхүүгийн бодлогодоо гадаадын оюутнуудыг элсэн сургах, гадаад орнуудтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. 2010 онд манай багш нар 210-350 мянган төгрөгний цалинтай байсан бол өнөөдрийн байдлаар дундаж цалин 800 мянган төгрөг болж өссөн.

ХААИС хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ
Харин ХААИС нь төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, хөрөнгө мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, томилолтоор ажилласан хоногийг буруу тооцон томилолтын зардал илүү олгосон.

Мөн гэрээний үнийн дүнгээс илүү мөнгө шилжүүлсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан, бараа материал худалдан авах болон засварын зардалд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, хөрөнгийн орлого зарлагыг тайланд бүрэн тусгадаггүй зэрэг багагүй зөрчлүүд илэрсэн байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь бараа материал худалдан авалт, гэрээний хэрэгжилт, түүний гүйцэтгэлийг гэрээний дагуу гаргуулах. Мөн байгууллагад хохирол учруулсан хүмүүсээр хохирлыг барагдуулаагүй зэрэг зөрчил дутагдалтай байсан байна.

Хөдөлмөрийн эрүүл мэнд, ажлын байрны нөхцөл, иргэний эрүүл мэндийн даатгал, нийгмийн хамгааллын чиглэлээр зөрчил дутагдал илрээгүй бөгөөд хяналтын хуудсаар эрсдэл багатай байсан байна.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: