sonin.mn

Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхээс Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх нарын гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурлын талаар мэдээллээ.

Тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Баттогтох ярихдаа, “С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгө завшсан буруутайд тооцон зургаан жил зургаан сарын хугацаанд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэр гарсан.

Мөн хэрэгт холбогдох “Электрон системс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Батболдод чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял эдлүүлэхээр шийдвэр гаргасан” гэлээ.

Харин Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хэрэгсэхгүй болгожээ.

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон дээрх гурван хүнээр улсад учруулсан нэг тэрбум 62.9 сая төгрөгийг төлүүлэх, тодорхой хэмжээний эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн байна.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг