sonin.mn

ПАРИС. /paris-normandie/. Энхтөрийн Болортуяа гэдэг 20 настай залуухан монгол бүсгүй бичиг баримтгүй гэх шалтгаанаар Франц улсын нутаг дэвсгэрийг орхин гарахаас аргагүйд хүрсэн билээ. Гэвч түүнийг өмгөөлөн дэмжсэн олон нийтийн ажиллагаа үргэлжилсээр.

Түүнийг Гавр хотын галт тэрэгний буудалд байхад нь наймдугаар сарын 17-нд саатуулжээ. Тэрбээр тухайн өдөр Турс хотноо амьдардаг өөрийн эгч Болортүвшинтэй уулзахаар явах гэж байв.

Хилийн албаныхан түүнийг байцаасны дараа Уазель дахь түр саатуулах байранд авчрах бөгөөд ийм нөхцөлд Болортуяа эх орон руу нь хэзээ буцаахыг хүлээж суухаас аргагүйд хүрнэ.

Өмгөөлөгч Антуан Мари мөн сарын 26-ны өдөр Дээд Нормандын нийслэл Руаны Захиргааны хэргийн шүүхэд эсэргүүцэл илэрхийлснээс хойших хугацаанд Болортуяа шүүхийн шийдвэрийг хүлээсээр байна.

Болортуяаг цагаачлалын хууль ёсны эрхтэй болох хүртэл энэ бүх ажиллагаа үргэлжилнэ гэж Гавр мужийн Цагаачидтай эв санаагаа нэгтгэх Холбооны тэргүүн Франсиз Леконт ярьж байна.    

Лицей сургуулийнхан хүсэлт гаргажээ

Лицей сургуулийн төгсөх ангийн сурагч Болортуяа нь Шуманы лицей сургуулийн дотуур байранд амьдардаг бөгөөд саяхны нэгэн амралтын өдөр сургуулийнхаа нэгэн багшийн гэрт түр суухаар болжээ.  “Лхагва гараг бүр бид түүнтэй хамт цагдаагийн газарт очиж оршин суугаа газрын тодорхойлолтод гарын үсэг зурдаг. Үүнийг болиулаач гэсэн хүсэлтийг бид нар Захиргааны хэргийн шүүхэд явуулснаас гадна оршин суух зөвшөөрөл хүссэн бичгийг орон нутгийн захиргаанд илгээсэн, хариуг хүлээж байна” гэж Франсиз Леконт ярилаа.

Үүний зэрэгцээ сүүлийн долоо хоногийн сүүлчээр Болортуяаг дэмжсэн хүсэлтийг Роберт-Шуманы лицей сургуулийнхан өргөн барьсан байна. Түүнд 60 гаруй багш, ажилчид гарын үсгээ зурсан бол Болортуяатай хамт суралцдаг 170 орчим хүүхэд сургуулийнхаа андыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Түүнээс гадна, сургуулийн эцэг эхчүүдийн холбооныхон Гавр мужийн захиргаанд захидал илгээж, эцэг эхчүүдийг эл үйл ажиллагаанд татан оролцуулахад бэлэн байна гэдгээ дурджээ.

“Түүний гэр бүл эцгийнх нь улс төрийн үйл ажиллагаанаас үүдээд гадаадад дүрвэн гарахаас өөр аргагүйд хүрсэн. Тэднийх эхлээд Орост очсон бөгөөд дараа нь 2010 оны 12 дугаар сард Францад иржээ. Болортуяа анх Орлеанд сургуульд сууж байгаад 2012 оны эцсээр Гаврт шилжин ирж Роберт-Шуманы лицей сургуульд орсон. Түүний шаргуу хөдөлмөрч зан чанар, идэвх зүтгэлийг багш нар нь бүгд ихэд үнэлдэг” гэж Гавр муж дахь Хил хязгааргүй боловсролын сүлжээ болон бусад олон байгууллагын идэвхтнүүд ярьж байна.

Өөрийнх нь төлөө ингэж санаа тавьж буйд сэтгэл нь уярсан залуу бүсгүй өмгөөлөн дэмжсэн бүх хүнд хандан “Хэрэв та бүхэн хамгаалж дэмжээгүй бол би Монголд гэр бүл, найз нөхөд, сургууль багш нараасаа алс хол гав ганцаараа байх байсан “ хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлжээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг