sonin.mn

МСS группийн бариулж байсан “Шангрилла барилгад өчигдөр 12.30 цагийн үед гал гарч, эхэлжээ. Биднийг тэнд очиход барилгын дээвэр дээрээс гал авалцан, ажиллаж байсан барилгачид хашаанаас яаран гүйн гарч байв. Гал барилгын хойд талаас эхлэн гарсан бөгөөд дулаалгад ашигласан хөөсөнцрөөр дамжин богино хугацаанд барилгын баруун жигүүр бүхэлдээ шатсан юм.

Галын дуудлагаар ОБЕГ-ын Аврах, гал унтраах 10 дугаар ангийн зургаан машин 12.50 цагт ирсэн юм.Барьж буй барилгын гурван давхраас гал гарч эхэлсэн байна. 24 давхар барилгын ажил үндсэндээ дуусч, дотоод засал чимэглэлийнхээ ажлыг хийж байсан аж. Уг барилгад 20 орчим компанийн монгол, хятад нийлсэн 2000 гаруй ажилчин ажиллаж байжээ.

“Seoulwin” компанийн ажилчин Б.Болдоос чухам юу болсныг тодруулахад “Хоолондоо ороод байж байсан чинь хүмүүс гал гарч байна. Хурдан гараарай” гээд орилолдоод байсан. Барилга баригдаад дуусах шатандаа явж байсан. Хятадуудын ажиллаж байсан хэсэгт гал гарсан гэж байна. Энд олон хятад байрлаж ажилладаг. Монголчуудтай тэрсэлдээд, муудалцах тохиолдол их гардаг. Тэгээд монголчуудыг хорлох санаатай гал тавьсан гэж ярих ажилчид олон байна” гэлээ.

Нээрээ ч энд тэндгүй сандарсан хүмүүс хэсэг хэсгээрээ ярилцан зогсч байв. Барилгын баруун талд 100 гаруй хятад ажилчдыг тусгаарласан харагдлаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод олон давхар шилэн барилга барих болсон. Аврах гал унтраах ангийн гал гарсан үед хэрэглэдэг шат дээд давхруудад хүрэхгүй, дээр нь улаан гал дүрэлзэж байхад унтарсан хэсэг рүү шүршиж сандарцгааж байлаа.

Есөн давхар барилгаас дээш гарахгүй шаттай аврах ангийнхан галын цэгт ирсэн ч шатаж буй галыг шуурхай унтраах тал дээр дорвитой ажил хийж чадалгүй 1.30 минут болсон юм. Гал цайны цагаар гарсан учраас уг барилга дотор 23 ажилтан байсан байна.

Тэднийг Онцгой байдлын алба хаагнид галаас гаргахад угаартсан байдалтай байжээ. Хүний амь нас эрсдээгүй гэж албаныхан мэдээлж байгаа ч түргэн тусламжийн машин дохиогоо хангинуулан хамгаалалтын бүсэд орсон юм. Ингээд гурван цагийн үед галыг бүрэн унтрааж дууссан юм.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа учир МСS группын удирдлагууд тайлбар өгөх боломжгүй гэсэн. Тус барилга нь хоёр хэсгээс бүрддэг бөгөөд гал гарсан барилга нь “Шангрилла-2” юм байна. Цахилгааны гэмтлээс үүдэн гал гарсан байж болзошгүй хэмээн албаныхан урьдчилсан байдлаар дүгнээд байна.

Т.Дуламдорж: Өндөр барилгын галыг нисдэг тэргээр унтраахаас өөр гарцгүй

Дээрх асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржоос цөөн асуултад хариулт авсан юм.

-Галын дуудлага хэдэн цагт танайд ирсэн бэ. Галыг унтраахад саад бэрхшээл хэр их байв?

-Дуудлага ирснээс таван минутын дараа манай 10 дугаар ангийн эхний салаа 12.55 цагт ирсэн. XXII, XXIII давхар галд автсан учраас манай усны даралт хүрэхгүй, ажиллахад хүндрэлтэй байлаа.

Барилгын гадна фасад маш ихээр шатсан. Фасадны материал нь дотроо шилэн хөвөнтэй чийгнээс тусгаарлах резинэн материалтай юм байна. Энэ материалыг галд тэсвэртэй эсэхийг манай гамшиг судлалын хүрээлэнд шалгуулах ёстой. Энд манай гурван ангийн зургаан машин, 40 орчим албан хаагч ажиллалаа.

-Гэмтэж бэртсэн хүн байгаа юу. Эх сурвалжийн мэдээлснээр олон хүн утаанд угаартсан гэх юм. Энэ талаар тодруулна уу?

-Гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Нийслэлийн Аврах ангийн эрэн хайх, аврах салбарынхан шуурхай ажиллаж, дээврийн хэсэгт байсан 23 хүнийг дотоод шатаар буулгаж, аюулгүй болгосон.

Одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Манай шинжээчид дотор ажиллаж байна. Цахилгаанаас гарсан байх магадлалтай. Галын шалтгааны эхний дүгнэлт ажлын тав хоногт багтаж гарна.

-Барилгын дээд давхруудад ус цацах боломжгүй харагдаад байсан. Онцгой байдлын хүчин чадал дутагдсан гэж үзэж болох уу?

-Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байгаа галын машины шатны урт нь 35 метр. Дээд тал нь есөн давхарт хүрнэ гэсэн үг. Есөн давхраас дээших үйл ажиллагааг хүний хүчээр зохион байгуулна. Тиймээс бид өндөр шилэн барилгад аврах ажиллагааг нисдэг тэргээр хийх саналыг Ерөнхий сайд, Шадар сайдад тавьж байгаа. Өндөр барилга дээрх аврах ажиллагааг нисдэг тэргээр гүйцэтгэхээс өөр аргагүйг өнөөдрийн гал харууллаа.

Тиймээс хүндрэл их гарсан. 35 метрийн шат учраас 12 давхраас дээш үүрэг гүйцэтгэх боломжгүй байгаа юм. Барилгын ажш 80 хувийн гүйцэтгэлтэй арванхоёрдугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллах байсан юм билээ. Тэгэхээр Улсын комисс шалгалтыг маш сайн хийх ёстой гэдэг нь эндээс харагдаж байна. Улсын комисс ажилласны дараа манайх дотоод албаны шалгалт хийнэ.

-Дэлбэрэлт гараад барилга цуурсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Дэлбэрэлт болсон зүйл алга. Гал VI давхраас гарсан. Шинжээчид эхний дүгнэлтээ гаргасан бөгөөд гал цахилгаанаас гарсан байх магадлалтай байна. Резинэн зөөлөн дулаалгьи материал гэсэн. Гэхдээ шаталт өндөртэй гэдэг нь сая харагдлаа. Гал анх гарсан долдугаар давхрын өрөөнөөс бусад өрөөнүүдэд гал ороогүй. Гадна фасад шатсан.

“Шангрилла”-г 500 сая ам.долларын өртгөөр барьж байжээ
Дотоодын аялал жуулчлалын салбарын хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж олон улсын өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлыг нээх зорилготой "Шангрилла” Улаанбаатар зочид буудал нь Монгол Улсын худалдаа аж үйлдвэр соёл, санхүүгийн гол хэсэг болох хотын төвд байрлаж буйгаараа онцлог юм.

Тус барилгыг 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа барьж байсан бөгөөд ирэх 2015 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байжээ. “Шангрилла” зочид буудлын эхний 24 давхар бүхий нэгдүгээр хэсэг нь 275 өрөөтэй. Хоёрдугаар хэсгий барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартмент, таван давхар худалдаа үйлчилгээний хэсэгтэй байхаар төлөвлөн барилгын ажлыг үргэлжлүүлж байжээ.

Түүнчлэн худалдаа, үйлчилгээний хэсэгт найман танхимтай кино театр, электрон тоглоомы танхим, амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газрууд, орчин үеийн тоноглолтой бялдаржуулах төв, дэлхийд танигдсан сүлжээний хоолны газрууд байрлах юм.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: