sonin.mn

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Энэ талаар Шүүхийн хүний нөөцийн удирдлагын хэлтсийн референт Б.Пүрэвдагваас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэчнээн удаа гарсан бэ?

-Өмнө нь шүүгчид нөлөөлж байгаа эсэх нь хардлагын шинжтэй байсан. Одоо үүнийг шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, баталгаажуулж байна. Өнөөдрийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн.

Үүнийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй нөлөөлж байгаа тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг бичдэг. Тиймээс тооны хувьд цөөн байгаа байх.

-Нөлөөллийн мэдүүлэг нь ихэвчлэн ямар байдлаар шүүгч, шүүхийн бүрэлдэхүүнд нөлөөлөхийг оролдсон байна вэ. Эрүүгийн хэрэг дээр нөлөөллийн мэдүүлэг * ирж байна уу?

-Ихэнх тохиолдолд иргэний шүүхээс нөлөөллийн мэдүүлэг ирж байна. Өөрөөр хэлбэл, иргэд шүүгчид нөлөөлөхийг оролдож байна гэсэн үг. Нөлөөллийн мэдүүлгийн хувьд шүүгчид хээл хахууль, шан харамж, бэлэг өгсөн асуудал байхгүй.

Харин дарамтлах заналхийлэх 56, гүтгэх доромжлох 22, шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох 11, нөхцөл байдлыг тайлбарлах 11 хувиар тус тус шүүгчид нөлөөлөхийг завдсан.

-Шүүгчид нөлөөлөхийг оролдсон тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Манайд ирсэн нөлөөллийн мэдүүлгээс дөрөвг нь Шүүхийн ерөнхий зөвлөл холбогдох ажиллагааг хийж байна. Үлдсэн таван нөлөөллийн мэдүүлгээс хоёрыг нь шүүхийн шатанд шийдэж, мөнгөн торгууль ногдуулсан.

Хоёрт нь прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэгийг нь мөрдөн байцаалтад шалгаж байна. Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах ёстой.

Мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн шүүгчид нөлөөлөхийг оролдвол Монгол Улсаас албадан гаргах, дахин ирэх эрхийг нь арав хүртэлх жилээр хасдаг.

С.Юмсүрэн

Эх сурвалж: