sonin.mn

Цай буцлах зуур хавийн юмаа цэгцлэн суугаад нөхөдтэйгээ яриа дэлгэн хуучлав. Зун цаг, айраг тараг, хуруу дэмбээ гээд бидний нөхөд хээрийн хүн хээгүй, эр хүний жаргал эзгүй хээр гэдэгчлэн хөдөө талдаа агаар амьсгалан нүд баясгахаар хотоос гаран сууж байгаа нь энэ. Бас ч үгүй загас энэ тэр оролдох санаатай нутгийн нэг залууг замдаа газарчинаар авч яваа.

Бидний олонхи нь хуульчид. Сургууль төгссөн цагаас хойш арав гаран жил болоход бидний дундаас шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, цагдаа гээд сурсан эрдмээ улсдаа зориулж яваа олон сайхан мэргэжилтнүүд төрөн гарчээ. Биднийг хуульчид яваа гэдгийг сонсоод нутгийн боргил ийн асуув.

-Хөөе, танай сайд чинь тэр охинтой нээрэнгээсээ унтсан юм болов уу?

-Хэхэ, унтсан унтаагүйг нь хэн мэдэхэв дээ.

-Ер нь унтсан байсан ч яахав дээ. Тээ. Хэ-хэ.

-Мэдэхгүй ээ.

-За, тэр унтах ч яахав. Багш нээрээн тэр Алтанхуягыг дагуулаад төв аймгийн хорих руу очоод байх даа яахав дээ. Тэр бол эвгүй. Одоо тэгээд ямар шударга ёс, хууль энэ тэр ярихав дээ гэх мэтчилэн яриа өрнөв. Энэ мэтчилэн баахан хүүхэн шуухан ярьж гарав. Сүүлдээ Моника Левинский, Билл Клинтоны хэргийг ярьж, хэрхэн унтсан нь батлагдаж, Билл Клинтон буруутсан, манай тохиолдолд “лаа барьсан” хүн, нотлох баримт байхгүй тул багш буруугүй болж хувирлаа.

Нутгийн боргил дахиад асууж байна.

-Тэр авилгалтай тэмцэх газар нь зөв яриад байгаа юмуу, тагнуулынхан нь зөв яриад байгаа юмуу. Энэ хоёр чинь нэг ажил хийдэг улсууд гэж ойлгоод байгаа ш дээ гэх нь тэр. Бид ч тэр нь зөв, энэ нь зөв болж маргаж гарав.

Нутгийн боргил дахиад асууж байна.

-Хуулийн байгууллагууд чинь ингээд маргаад байхаар чинь Ерөнхийлөгч дуудаад загнаж болдоггүй юм уу? гэх нь тэр.

Боргилын яриад байгаа нь нэг талаас зөв, энэ нь Үндэсний аюулгүй байдлын асуудал мөн боловч, юм л бол ерөнхийлөгчөөр албан тушаалтнуудыг загнуулаад байх нь зохимжгүй, тэгээд ч Үндсэн хуульд байцаан шийтгэх ажиллагаанд Ерөнхийлөгч оролцохгүй гэх хандлагыг хуульчид гаргав. Энэ асуултанд прокурор найзыгаа “буруутгаж” таарав. Прокурор маань:

-Би яаж мэдэх юм. Миний хэрэг биш гэж булзав.

-Нээрээн энэ бүх асуудлыг хэн хянах вэ? Прокурор л биз дээ. Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд чинь мөрдөн байцаах ажиллагааг прокурор хянана гэж заасан байдаг биз дээ.

-Би мэдэхгүй гээд байна ш дээ гэж дахин булзав. Энэ бол бидний прокурор найзын буруу биш гэдэг нь ойлгомжтой. Прокурорын байгууллага бол шүүх, өмгөөлөгч нарын дэргэд босоо удирдлагатай, бараг л хагас цэрэгжсэн байгууллага байдаг. Тэдэнд дарга прокурор нарынхаа тухай, тэр дундаа “муу хэлэх” санаа бодол ч төрдөггүй байх гэмээр улсууд. Энэ нь сайн ч байж болох юм.

Прокурор найз маань:

-Мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа өгөх ёстой. Тэгэхээр чинь л прокурорын байгууллага ажиллаж эхэлнэ шүү дээ гэхэд нэг өмгөөлөгч маань:

-Телевизээр Алтанхуяг, сайд хоёрын бичлэг гарсан биз дээ. Энэ чинь шууд эрүүгийн хэрэг үүсгэх мэдээлэл ш дээ. Тэгэхээр энэ чинь танайх шалгах ёстой биз дээ гэж сөргөв.

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байсныг эрх зүйн шинэчлэл нэрээр байхгүй болгоод татан буулгачихсан. Хэрэв тэр байгууллага байсан бол энийг чинь шалгаад саналаа прокурорт өгөх, дүгнэлт гаргах боломжтой байсан. Харин ЭБШ хуулинаас хасаад Авилгалтай тэмцэх газар, цагдаад эрхийг нь өгчихсөн ш дээ.

-Нээрээн тийм. Тэгээд Дорлигжав гуай Тэмүүжин сайдтай үзээд байсан. Тэр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэдэг чинь их хэрэгтэй байсан юм байна. Одоо тэгээд ингээд хоорондоо бие биенийгээ буруутгаад байгаа чинь үүнээс үүдэлтэй юм байна.

-Авилгалтай тэмцэх газар Ерөнхий сайд, хууль зүйн сайд хоёрыг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаагаа телевизээр ярьж байсныг санаж байна. Бодвол саналаа прокурорт өгсөн л байгаа байх гэх мэтчилэн хөдөөгийн боргил эрийн асуултаас үүдсэн яриа өндөрлөв.

Харин асуулт тавьсан эр бидний юу яриад байгааг ойлгосонгүй. Ерөнхийлөгчөөр л загнуулах хэрэгтэй гэсээр суув. Тэр прокурор мөрдөнтэй байсан, байгаагүйг ч мэдэхгүй.

Прокурорын мөрдөн гэж хэрэгтэй л байгууллага байж. Хэрэв тэр байсан бол бие биенийгээ сөрж шалгана гэж манай мөрдөн байцаах чиг үүрэгтэй байгууллагууд хоорондоо тулахгүй л байсан байж. Чухам ямар учраас, хэний лоббигоор энэ байгууллага үгүй болчихов. Энэ нь хэнд ашигтай байсан бэ?

Эрх зүйн шинэтгэл гэж барьсан байшингаа энийг өөр барилгачин барьсан юм, тийм болохоор нураах ёстой гэж бодож л хийгээгүй баймаар юм даа. Бидний оролцож буй шинэтгэл зөвхөн иргэний сайн сайхны төлөө байх ёстойг л цаг үргэлж мартаж болохгүй. Түүнээс биш гоё харагдах, дүр эсгэх нь ч яамай. Эрх зүйн хөөсрөлийн хүчээр нэгэн чухал институт арчигдсан, түүний орон зай чухал байсан нь үүнээс харагдаж байна.

Хуульч Б. Гүнбилэг

Эх сурвалж: gunbileg1.blogmn.net