sonin.mn

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Б, Н, X нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байсан.

Тодруулбал, тэд Булган, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад олон удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтрэх, арилжааны банкнуудын дохиолол хамгаалалтыг салгаж, банкнаас их хэмжээний мөнгө хулгайлсан, мөн хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Сум дундын IV шүүхээс шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10-11 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид тус тус ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Гэтэл гэмт этгээдүүд дээрх ялыг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Харин Эрүүгийн давж заалдах шатны VII шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Эх сурвалж: