sonin.mn

 

Зөвлөх гэсэн зар сонин, хэвлэлийн нүүр хуудсуудыг дүүргэх болжээ. Богино хугацааны зөвлөх шалгаруулж авна, үндэсний зөвлөх шалгаруулна, хуулийн зөвлөх авна, барилгын зураг төсөв боловсруулах ажлын тухай битүүмжилсэн зөвлөх үйлчилгээний санал авна, авлигатай тэмцэх төсөлд зөвлөх авна, мэдээлэл сурталчилгааны зөвлөх байгууллага шалгаруулна, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулна, төслийн зөвлөх компанийг шалгаруулна, судлаач зөвлөх сонгон шалгаруулна, дүн шинжилгээ хийх зөвлөх авна гээд л зөвлөх авна, сонгон шалгаруулна гэсэн зар хаа сайгүй ярайна. Мөн гаднаас өндөр өртөг бүхий цалин, хангамж амлан байж зөвлөхүүдийг урьж ажиллуулна.

Арга ч үгүй юм даа, уул уурхай, банк санхүү, барилга, дэд бүтэц, тэр байтугай төр засгаа хэрхэн жолоодох арга хэлбэрээ олохгүй яваа монголчууд бидэнд гадны том том зөвлөхүүд үнэтэй зөвлөгөө хайрлавал сонсоод, хэрэгжүүлээд л байхаас өөр яах билээ. Хэрэв чи чадахгүй бол чаддаг нэгнийг чадварлагаар хуулбарла, суралц гэдэгчилэн үнэхээр удирдагч таны толгой хүрэхгүй бол бусдын тархийг ашиглаж, бусдаас суралцахад юуны буруу байх билээ.

Ганц хүн сэтгэснээс арван хүн ярилцаад шийдвэл илүү бодитой, нухацтай, чанга шийдвэр гарах нь тодорхой л доо. Гэхдээ аливаад хэмжээ хязгаар гэж бий. Зөвлөх авна гэсэн төрийн байгууллага, хувь компаниудын зар үнэхээр хэтэрчихлээ. Манай аль нэг яам ганц төсөл хэрэгжүүлэхийн тулд л түр хугацаагаар тийм, ийм зөвлөх авна гэсэн зар түгээдэг болж.

Юун төлөө тэр яаманд сайд, дэд сайд, газар, хэлтэс хариуцсан дарга, зөвлөхүүд байдаг билээ. Даргаасаа илүү чадвар, туршлагатай мэргэжилтнүүд ч чамгүй бий. Тийм байхад заавал түр хугацааны зөвлөх авна, зөвлөгөө өгөх компани шалгаруулна гэж хөрөнгө, мөнгө, төсөв төлөвлөгөөгөө хэтрүүлэх шаардлага бий гэж үү.

Хувийн компаниуд нь ч өнгөрч. Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү бидэнд хамаа алга. Үүнээс үзвэл чадваргүй, урагшгүй, унхиагүй, мэдлэг, туршлагагүй баг, бүрэлдэхүүн төрийн байгууллагуудаар чигжчихсэн байдаг бололтой. Ер нь элдэв янзын зөвлөхгүйгээр удирдан чиглүүлж, шийдвэр гаргаж, сэтгэж, бүтээж, хийж чаддаггүй дарга нараар Монгол Улс яах юм бэ. Хэн нэгний нөхөрсөг зөвлөгөөг дарга нар авч болно.

Гэвч өөрсдийнхөө хийх ажлыг бусдаар хийлгэхийн тулд ахин дахин мөнгө төлж, зөвлөх гэдэг орон тоог янз бүрээр бий болгох шаардлагагүй санагдана. Үнэхээр ажиллаж чадахгүй, шийдвэр гаргах хэмжээний мэдлэг, туршлагагүй болоод л сүүлийн үеийн дарга нар зөвлөх гэдэг албан тушаалд тендер зарлаж, орон тооны болоод орон тооны бус зөвлөхүүдээр өөрсдийгөө тойрон хүрээлүүлдэг болсон байж таарна.

Нэгэнт хийж чадна гэж тухайн ажлыг авсан бол хүч, чадал, мэдлэг боловсролоо дайчлан байж хийх л хэрэгтэй. Харин чадахгүй бол зөвлөөд байгаа тэр хүмүүстээ ажлаа өгчихмөөр юм. Зөвлөх гэдэг үг нь бусдаас санаа эрэн асууж, хэлэлцэх, хэрэг зөвлөх, зөвлөн хэлэлцэх гэсэн нэгдүгээр утгатай юм билээ. Мөн хүний оюун, хүчин хүрэлцэн чадах, дөнгөх гэсэн агуулгатай.

Атешше гэх дипломат албан тушаалтныг бид мэднэ. Гадаад харилцааны яаманд голцуу ажилладаг атешше нар дипломат байгууллагуудад тусгай ажил хариуцдаг бөгөөд зөвлөх үүрэгтэй албан тушаалын хүн юм. Худалдааны атешше, цэргийн атешше, соёлын атешше гэх мэтчилэн. Зөвлөх гэдэг үг цаашаа задарвал зөвлөгөөн, зөвлөл, коллеги гэхчилэнгээр утга, агуулга нь өргөснө. Зөвлөгөөн хаа сайгүй өрнөж, зөвлөл, коллегийнхон аливаа байгууллагыг зайнаас чиглүүлж байдаг.

Харин янз бүрт зөвлөхүүд яам, газар, цаашилбал төр засгийн эрх барих дээд байгууллагуудын удирдлагуудын ажлыг өмнүүр нь орж хийх нь зохисгүй хэрэг. Зөвлөгөө авч, зөвлөлдөж болно. Тэгэхдээ шинэ төсөл, хөтөлбөр, бодлого хэрэгжих болгонд хэрэгтэй, хэрэггүй зөвлөхүүдээс зөвлөгөө авч, ажлаа хийлгээд байх нь утгагүй. Хамгийн аюултай нь өөрийн толгойгүй мэт гадны зөвлөхүүдээр ажлаа хэт заалгаж байж нүхэнд унах вий.

Муугаар бодоход амиа хорлох зөвлөгөө өгч байгааг ч бид мэдэхгүй шүү дээ. Ядаж л хамаг тайлангаа тавиад, зөвлөмж, зөвлөгөө аваад байвал Монгол Улсад төрийн нууц, нууцын хэмжээний бодлого гэж үгүй болох юм шиг ээ. Тэгэхээр болсон, болоогүй зөвлөхүүд монголчууд бидэнд хор өгөх, эсвэл эм болох эсэхийг тэнгэр л мэдэх биз ээ. Сонирхуулахад төрийн гурван өндөрлөгөөс хамгийн цөөхөн зөвлөхтэй нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл юм билээ.

Монгол Улс парламентын засаглалтай орон хэрнээ Д.Дэмбэрэл дарга шиг авсаархан зөвлөх багтай дарга алга. Түүний Эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр Д.Даваасамбуу, Улстөрийн бодлогын зөвлөхөөр Д.Батмөнх, Олон нийт, хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр Б.Золбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Ж.Нарантуяа нар ажилладаг байна. Харин орон тооны бус зөвлөхөөр С.Нарангэрэл, Ж.Хатанбаатар, Н.Дашзэвэг нар ажилладаг юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон тооны есөн зөвлөхтэй. Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөхөөр П.Цагаан, Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөхөөр А.Ганбаатар, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Л.Дашдорж, Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр Л.Эрхэмбаяр, Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр Ч.Сосормаа, Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, Гадаад харилцааны бодлогын зөвлөхөөр Л.Пүрэвсүрэн, Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөхөөр Р.Болд, Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөхөөр Э.Зоригт нар ажилладаг аж. Орон тоны бус зөвлөхүүд мэдээж цөөнгүй бий биз ээ.

Ерөнхий сайд С.Батболдын хувьд 16 зөвлөхтэй. Ерөнхий сайдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын зөвлөгөө өгөх, Эдийн засгийн бодлогын зөвлөгөө өгөх, Нийгмийн бодлогын зөвлөгөө өгөх, Хуулийн бодлогын зөвлөгөө өгөх, Улстөрийн бодлогын зөвлөгөө өгөх чиглэлтэй эдгээр зөвлөхүүдээс гадна орон тооны бус нэлээд зөвлөхтэй гэнэ лээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад Б.Долгор, О.Оч, Т.Гантөмөр, О.Одбаяр, С.Чинзориг, Г.Солтан, С.Энхбаяр, Г.Өнөрбаяр, Б.Асралт, Г.Хантулга, Ч.Энх-Эрдэнэ, С.Наранхүү, Д.Даваасүрэн, Ж.Уранзаяа, С.Ардак, Г.Билгүүн нар хүчин зүтгэдэг юм. Мэдээж Монгол Улсыг жолоодож буй төрийн гурван өндөрлөг чадварлаг зөвлөхүүдтэй байхаас аргагүй. Харин бусдын тухайд илүүц л байгаа юм даа. Ажлаа мэддэг л юм бол зөвлөхүүдээс зөвлөгөө авч, сандраад байх хэрэг юу байна аа.

С.Бэлэгмаа

Эх сурвалж: “Өглөөний сонин”