sonin.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод шүдний өвчний эмчилгээ оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Энэ талаар нийслэлийн эрүүл мэндийн газрын Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Н.Цогбадрахаас тодрууллаа.

-Шүдний эмнэлгүүдэд хийсэн шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?

-2013 онд Мэргэжлийн хяналтын газар шүдний эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Шалгалтаар 80 гаруй шүдний эмнэлгийн үйл ажиллагааг дахин хянах шаардлагатай байсан. Үүний дагуу бид дахин шалгалт хийлээ.

Шапгалтаар ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн тариур, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаг зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн.

-Хэчнээн эмнэлэгт шалгапт хийсэн бэ. Одоогоор хэдэн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоогоод байна вэ?

-Улаанбаатар хотод шүдний өвчний эмчилгээ оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 241 шүдний эмнэлэг байдгаас 84 нь хяналт шалгалт хийсэн. Үүнээс ноцтой зөрчил илэрсэн арван эмнэлгийн үйл ажиллагааг зөрчил дутагдлаа арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон.

Мөн ноцтой зөрчил гаргасан зөрчил дутагдлаа арилгаагүй эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Эдгээр эмнэлэгг стандартын хэрэгжилт, халдвар хамгааллын дэглэм, багаж тоног төхөөрөмжийн ариутгалын асуудлаар Анагаах ухааны үндэсний их сургуулийн Шүд, эрүү нүүрний тэнхимтэй хамтран сургалт явуулсан.

-Эцсийн шийдвэр нь хэзээ гарах вэ?

-Эцсийн шийдвэр нь энэ сарын сүүлээр гарах байх. Эрх зүйн баримт дутуу байгаагаас хурал хийхгүй хүлээгдэж байна. Цаашид НЭМГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад МХГ болон Цагдаагийн байгууллагынхантай хамтарсан шалгалт зохион байгуулна.    

М.Энх

Эх сурвалж: