sonin.mn

Увс аймгийн Улаангом сумын III багийн нутаг дэвсгэрт "Цагаан хөшөө трейд" ХХК-ийн барьж байгаа таван давхар орон сууцны барилгын IV давхраас нэг хүн унаж бэртэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.

Тухайн аж ахуйн нэгж нь ган татлагатай дүүжинт өргүүрийнхээ өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагыг хангаагүйгээс тулгуурын өнхрүүлэг мултарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа.

Иймээс шаардлагыг хангах хүртэл улсын бай-цаагчийн акт гарган барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон байна. Тус компанид өнгөрсөн долоодугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шалгалт хийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байжээ.

Мөн дөрөвдүгээр сард барилгын салбарын удирдах ажилтан, ажилчдыг хоёр өдрийн сургалтад хамруулж, барилгын өндрийн ажил, өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагын талаар танилцуулан, аюулгүй ажиллагааны заавар, журам, гарын авлагаар хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Түүнчлэн өнгөрсөн пүрэв гарагт Баянзүрх дүүргийн II хороо, КТМС-ийн зүүн талд байрлах барилгын IV давхраас «Ариун-Очир» компанийн туслах ажилчин О.Б унаж нас барлаа.

Тэрбээр иргэн С.Даваасүрэнгийн захиалгаар барьж байгаа 13 давхар, 78 айлын орон сууцны барилгын тагтны хашлага суурилуулж байсан бөгөөд хамгаалах бүс хэрэглээгүй байснаас осолджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.