sonin.mn

Тахарын ерөнхий газрын олон нийттэй харилцах ажилтан Г.Батпүрэвтэй ярилцлаа.

-Тахарын алба байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил хийв. Энэ асуултаар яриагаа эхэлье?

-Тахарын албаны тухай хууль өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр батлагдсан. Үүнтэй зэрэгцэн Гэрч, хохирогчийн тухай хууль батлагдсан. Эдгээр хуулиуд өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Хуулийг дагаад Тахарын алба буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг нэгдүгээр сарын 7-ны өдөр байгуулсан.

Ингэж байгуулагдсанаас хойш хуулийг дагаж мөрдөх, дүрэм журмыг батлуулах гээд олон ажил хийж хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар арав гаруй дүрэм журмыг боловсруулан мөрдөж байгаа. Мөн шүүхийн байруудыг хамгаалалтад авч, гэрч хохирогчийг хамгаалалтад авах, тусалцаа үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.

Мөн өнгөрсөн долдугаар сарын 20-ноос улсын хэмжээнд мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байгаа. Үүний дараа үндсэн чиг үүргийнхээ хүрээний бүх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Мөн аравдугаар сарын 15-наас улсын хэмжээнд Тахарын албаны үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн.

-Энэ албаны үндсэн үүрэг юу юм бэ. Гол чиг үүргийн нэг нь гэрч, хохирогчийг хамгаалах асуудал биз дээ?

-Ерөнхийдөө Тахарын албаны гол чиг үүрэг нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүхээс оргон зайлсан этгээдийг мөрдөн шалгаж эрэн сурвалжлах, шүүхээс цагдан хорих байр, цагдах хорих байрнаас шүүх рүү хуяглан хүргэх ажиллагаа болон олон улсын гэрээнд заасны дагуу ялтан шилжүүлэх ажиллагааг Тахарын албаны тухай хуулийн дагуу зохион байгуулна.

Эдгээр чиг үүргүүд нь шүүх хуралдааныг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх юм. Өмнө нь эдгээр чиг үүргүүдийг цагдаа, шүүхийн шийдвэр гэх зэрэг газрууд нийтлэг чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байсан.

Тухайлбал, Цагдаагийн газрын үндсэн чиг үүрэг нийгмийн хэв журмыг сахиулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн ялтан, ялагдагч аль эсвэл тухайн хэргийн хариуцагчид тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүрэгтэй байсан юм.

-Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар хичнээн хүнийг хамгаалалтад авсан бэ?

-Одоогийн байдлаар гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр нийтдээ 27 хүнд туслалцаа үзүүлж, хамгаалалтад аван ажиллаж байна. Эдгээр тусалцаа үзүүлж байгаа хүмүүсийн хувьд янз бүрийн асуудал байдаг.

Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүний наймаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах төрлийн бодистой холбогдох гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэх зэрэг хэргүүд зонхилж байна.

-Хамгаалах ажиллагааг хаана явуулдаг юм бол?

-Одоогоор Тахарын алба хамгаалах байртай болоогүй байна. Харин Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа гэрч, хохирогчийг хамгаапах байр нээгдээд үйл ажиллагаа явуулж байгаа.

Өнгөрсөн есдүгээр сард Тахарын алба дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх буюу хуучнаар Баянзүрх дүүргийн шүүх дээр гэрч хохирогчийг шүүх үйл ажиллагааны явцад хамгаалалтад авах жишиг өрөөг байгуулсан.

Энэхүү жишиг өрөөг дагаад бусад шүүхүүд ийм өрөө байгуулах ёстой. Ингэснээр шүүхийн хурлын гэрч, хохирогчийг тухайн өрөөнөөс шууд шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаж өгөх юм.

Иймээс тухайн гэрч хохирогч өөрийгөө төрийн хамгаалалтад байгаа гэдгээ ухамсарлаж, шүүх хуралдаанд оролцохдоо ямар нэгэн төлөөлөлгүйгээр мэдүүлэг өгөх боломжтой болох юм.

-Жишиг өрөө байгуулагдснаас хойш гэрч, хохирогчийг хамгаалсан шүүх хурал болсон юм уу?

-Энэ шүүх хурлын тоог гаргах боломжгүй.

-Яагаад?

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээр маш олон төрлийн эрүүгийн хэрэг очиж байгаа. Ер нь гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалалтад авч тусалцаа үзүүлдэг. Мөн шаардпагатай гэвэл тухайн гэрч хохирогчийн нүүр царайг хувиргах, сэтгэлзүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч байгаа.

-Ялтан солилцох болон оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Ер нь эрэн сурвалжлах ажиллагааг хэр явуулсан бэ?

-Шүүх үйл ажиллагааны явцаас оргон зайлсан нийт 20 гаруй иргэний хэргийг холбогдох байгууллагад хүргэх ажлыг зохион байгуулсан. Энэ нь эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдох хэргүүд байгаа.

Эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдох хэргүүдийн дунд шүүхийн үйл ажиллагааны явцаас оргон зайлж долоон жилийн хугацаанд ор сураггүй алга болсон этгээдийг мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулаад арав хоногийн дотор олсон.

Мөн төрсөн он, сар, овог нэрээ сольж, өөрчилсөн хүнийг ч илрүүлж, холбогдох газруудад хүргэж өгсөн байгаа. Эдгээрээс гадна иргэний хэргийн нэхэмжлэлтэй хэргээс 50 гаруйг илрүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар болсон.

Тухайлбал, н.Жанчив гэдэг өндөр настан дөрвөн жилийн өмнө хүүхдийнхээ явуулсан 400 мянган долларыг хүнд зээлээд залилуулчихсан. Авч чадахгүй болохоороо шүүхэд хандсан байдаг. Гэвч нөгөө авсан хүн нь хаягаа солиод алга болчихсон байсан.

Тухайн хохирогч Хууль зүйн яаманд хандсан байсан бөгөөд яамнаас манайх руу шилжүүлсэн. Үүний дагуу бид шуурхай ажиллаад тухайн иргэний хаягийг олж, тогтоож өгсөн байгаа.

-Ялтан солилцох ажиллагааг мөн танай алба хийж байгаа. Одоогийн байдлаар хичнээн ялтан солилцох ажиллагааг хийсэн бэ?

-Хуульд заасны дагуу ялтан солилцох ажиллагааг хийх чиг үүрэгтэй. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд Тахарын алба саяхан Тува улсын гурван иргэнийг ялтан шилжүүлэх олон улсын гэрээний дагуу шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Эдгээр гурван иргэн долоон жилийн ял авчихсан байсан. Энэхүү ялынхаа тал хувийг нь манайд эдэлчихсэн байсан юм. Ер нь аль ч улсын иргэн өөрөө хүсэлт гаргавал бид шилжүүлэхчиг үүргийнхээ хүрээнд хийдэг юм.

-Гадаадад ял эдэлж байгаа манай улсын иргэд ялтан солилцоогоор ирсэн үү?

-Одоогоор ирээгүй байна.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: