sonin.mn

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс сүүлийн үед гарсан хэрэг зөрчлийн талаар тодрууллаа.

-Байлдааны зориулалтаар ашигладаг АКА бууны сумыг иргэдэд зарж байсан хүмүүсийг баривчилсан гэсэн. Хэдэн ширхэгийг борлуулсан байсан бэ?

-“Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн орчим энэ сарын 17-нд Чингэлтэй дүүргийн VII хороонд оршин суух 47 настай эмэгтэй М болон Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суугч эмэгтэй А нар АКА бууны 80 ширхэг сумыг зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан. Энэ хэргийг БЗД-ийн цагдаагийн I хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийж байна.

-Их хэмжээний самрыг хууль бусаар тээвэрлэж явсан иргэнийг баривчилсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 16-нд “Нарс модны самрыг их хэмжээгээр авч явж байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийхэд Истана маркийн автомашинд 45 настай Г гэгч 50 кг-аар савласан 38 шуудай самарыг хууль бусаар тээвэрлэж явсныг нь саатуулж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Өнгөрсөн долоо хоногт хүн амины хэрэг хэд хэд гарсан гэсэн. Чухам юунаас болсон юм бол?

-Баянхонгор аймгийн Богд сумын Ханхны ам гэх газар тус сумын IV багт оршин суух 62 настай эрэгтэй О гэгчийг Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын харьяат 26 настай эрэгтэй У гэгч зодож амь насыг нь хохироосон.

Хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Мөн “Налайх дүүргийн III хороонд нас барсан хүн байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийсэн.

Шалгалтын ажиллагаа хийхэд тус дүүргин III хороонд оршин суух Э нь согтуурсан үедээ 23 настай У-г зодож амь насыг нь хохироосон байсан. Энэ хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

С.Хорлоо

Эх сурвалж: