sonin.mn

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Зам тээврийн осол өссөн үзүүлэлттэй байна. Он гарсаар хэчнээн хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан бэ?

 -Зам тээврийн ослоор өнгөрсөн онд л гэхэд 423 хүн, энэ оны эхний арван сарын байдлаар 500 гаруй хүн амь насаа алдсан харамсалтай тоо гарсан. Сүүлийн хэдэн жилийн судалгаанаас харахад, зам тээврийн осол буурахгүй нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараалсан ажлыг зохион байгуулж байна. Зам тээврийн осол гарч байгаа нь олон хүчин зүйлээс нөлөөлдөг. Тухайлбал, хүн амын өсөлт, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой.

Улаанбаатарт л гэхэд одоогоор 430 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл Замын цагдаагийн газрын 450 албан хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар ажилладаг.

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг 1000-10000 төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг нь хасаад өнгөрдөг. Иргэдийн зүгээс торгуулийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

 -Манай улсын хувьд зам тээврийн осол хурцадмал асуудлуудын нэг болж байна. Замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй байгаагаас зам тээврийн осол гардаг. Тэгэхээр иргэд явганаар болон автомашин барьж замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлаад явбал осол гарч, эрдэнэт хүний амь нас хохирохгүй.

Ер нь торгууль, шийтгэлийн арга хэмжээ нөлөөллөө алдсан юм шиг санагддаг. 1000-10000 төгрөгөөр торгож, зургаан сараас хоёр жилийн хугацаанд автомашин жолоодох эрхийг хасч байгаа нь жолооч нарт ямар ч нөлөө үзүүлэхгүй байна.

Гадны орнуудад л гэхэд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолоочийн торгуулийн хэмжээ нь өндөр байдаг. Нэг үгээр хэлэхэд, хууль хатуу үйлчилдэг юм билээ. Тиймээс манай улс ч гэсэн гадны орны жишгийг дагах цаг нь болсон.

-Гарцаар гараагүй иргэнийг торгоно гэсэн асуудлыг нэг хэсэг ярьсан. Гэтэл ногоон гэрэл, гарцаар гардаг явган зорчигч ховор байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ дагуулаад гарцгүй газраар гарч, муу үлгэр дуурайлал үзүүлдэг шүү дээ?

-Иргэн бүр замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг ажиглаж байхад дүрэм баримтлахдаа хойрог ханддаг. Ер нь эцэг эхчүүд гарцгүй газраар хүүхдээ дагуулаад зам хөндлөн гардаг шүү дээ.

Энэ нь хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Үүнээс болж зам тээврийн осолд хүүхэд өртдөг. Хүүхдүүд зам хөндлөн гүйж, тээврийн хэрэгсэлд саад учруулах үзэгдэл ихэсч байна. Тээврийн хэрэгслээр хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхдөө хамгаалалтын бүсийг нь бүслүүлдэггүй.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм гэсэн эрх зүйн баримт бичгийг баримталдаг иргэн Улаанбаатар хотын хэмжээнд цөөхөн байна. Дуртай газраараа зам хөндлөн гардаг иргэдийн хөдөлгөөний хязгаарлахын тулд автозамын голоор хайс, хашлага барьж байгаа.

-Оюутан залуусыг замын хөдөлгөөний дүрэм болон хотын соёлын сургалтад хамруулсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?

 -Тэгсэн. Оюутнууд “Замын хөдөлгөөнд зөв боловсон оролцъё” гэсэн лоозон барьж, иргэдийг гарцаар гарах ажлыг зохион байгуулсан. Оюутнууд гарцаар иргэдийг гарах шаардлага тавихад зугтаагаад гарцгүй газраар гарч байсан.

Нэг хүүхдээ тэвэрч, арай том хүүхдээ хөтөлчихсөн хэрнээ “Гарцаар гар” гэж шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн өмнөөс хэрэлдэж байна. Энэ бол иргэдийн ухамсрын асуудал шүү дээ. Хэрэв гарцгүй газраар гарч байгаад эрүүл мэндээрээ хохирвол яах юм.

Тиймээс иргэд замын хөдөлгөөний дүрмээ чандлан баримтлах шаардлагатай байна. Цагдаагийн байгууллага иргэдийг “Замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн, улаан гэрлээр гарлаа” гээд торгодог.

Торгоод байгаа нь зам тээврийн ослоос жолооч болон хөдөлгөөнд оролцож буй иргэнийг хамгаалсан үйл ажиллагаа юм шүү дээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байгаа үйлдлүүд нь зам тээврийн осол болж, эцэстээ хэн нэгний амь насыг хохироодог.

-ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт замын хөдөлгөөнд хэрхэн зөв боловсон оролцох талаар заадаг. Хүүхдүүд ч хичээлд хайхрамжгүй оролцдог гэсэн. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Үр хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг эцэг эхчүүдэд яагаад хариуцлага тооцож болдоггүй юм. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй хэрэгтэй.

ЕБС-ийн хөтөлбөрт замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар хичээл оруулахаар болсон. Гэтэл сонгон суралцах хичээлээр оруулсан болохоор хүүхдүүд сонирхохгүй байна. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрмийн эрх зүйн мэдлэгийг олгох зайлшгүй шаардлагатай.

Сургуулийн орчмын замын стандарт, сургуулийн автобусны стандартыг батласан. Гэтэл сургуулиуд эдгээр стандартыг одоо хүртэл биелүүлж өгөхгүй байгаа. Үүнээс харахад хүүхдийн амь насыг хамгаалах ажил цалгардаж байна.

-Өдөрт хэчнээн автомашин замын хөдөлгөөнд оролцдог вэ?

 -Иргэдийн зүгээс “Сүүлийн үед хэв журмын цагдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх гомдол их ирж байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд замын цагдаа л заавал торгох ёстой. Харин хэв журмийн цагдаа нар согтуу хүмүүсийг хариуцаж ажилах үүрэгтэй гэсэн буруу ойлголттой байх юм.

Цагдаагийн алба хаагч гэдэг нь нийтлэг үүргээрээ бүхий л захиргааны зөрчилд арга хэмжээ авах эрхтэй. Тэгэхээр үүнийг жолооч нар ойлгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байвал торгуулийн арга хэмжээ авахгүй шүү дээ.

-Та “School police” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ. Эцэг эхчүүд хэр идэвхтэй оролцож байна вэ. Саяхан л гэхэд II сургуулийн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас II cургуулийнхан “School police” хөтөлбөрт идэвхгүй оролцдог гэж байсан. Энэ талаар тодруулна уу?

-Журмаараа бол бүх сургууль “School police”-ыг гаргаж хагас өдрийнх нь цалинг олгох ёстой. Хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж, замын хөдөлгөөнд оролцох үеийнх нь аюулгүй байдлыг хангасан чухал ажил.

Зарим сургууль энэ ажилд идэвхтэй оролцдог. Гэтэл нийгмийн идэвх оролцоо сул сургуулиуд их байна. Хүүхдийг гэмт халдлагаас урьчилан сэргийлэх санаачлагагүй байдаг.

School police гаргадаггүй сургуулиудад хариуцлага тооцох хэрэгтэй байгаа юм. School police- оор ажиллаж байгаа эцэг эхчүүдийн шаардлагыг замын хөдөлгөөнд оролцогсод биелүүлэх ёстой.

-Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжээд гурван жил боллоо. Хуулийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол үнэхээр зайлшгүй гарах шаардлагын үндсэн дээр батлагдсан хууль. Хохирсон иргэн, холбогдогчдод мөнгөн хохирол учирсан бол богино хугацаанд хохиролгүй болгох арга хэмжээ авдгаараа давуу талтай.

Нийслэлийн Замын цагдаагийн газраас даатгалд хамрагдаагүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хяналтын улсын үзлэгт орохыг хориглох зэрэг хуулийг баримтлан ажиллаж байна.

Иргэд эдгээр зүйл, заалтыг зөрчин улсын бүртгэлд оруулсан бол тухайн албан хаагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох заалттай.

-Машинаа хяналтын улсын үзлэгт хамруулаагүй байж замын хөдөлгөөнд оролцоод байгаа жолоочид ямар хариуцлага тооцох вэ?

-Жолооч хуулийг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоод даатгалд хамрагдах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг нь тусгай хашаа, талбайд байлгадаг. Хашаа, талбайд байлгах хөлсийг нь тухайн жолооч өөрөө төлнө. Тиймээс л цаг хугацаандаа даатгалд хамрагдах хэрэгтэй.

-Торгуулиа төлөөгүй жолооч нарын эрхийг хасч байгаа. Одоогоор хэчнээн жолоочийн эрхийг хассан бэ?

-Зам дээр цагдаа байхгүй л бол жолооч нар дүрэм зөрчих гээд байдаг. Манай байгууллага зөрчил илрүүлэх камер тавьчихсан байгаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа тээврийн хэрэгслийн зургийг нь авч баримтжуулаад явуулдаг.

Тэгэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр олон төрлийн ажлыг хийж байна.

Олон удаа торгуулсан хэрнээ торгуулийнхаа мөнгийг төлөхгүй байгаа иргэдийн жолоо барих эрхийг нь хасч байна. Одоогийн байдлаар торгуулиа төлөөгүй олон удаагийн үйлдэлтэй 20 гаруй жолоочийн эрхийг хассан байгаа.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: