sonin.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарснаас нэг хүн амь насаа алдаж, 10 гаруй айлын гэр шатсан талаар өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн хошууч Ж.Базараас тодрууллаа.

-Эрдэнэцагаан суманд гарсан түймэр хэзээ дэгдсэн бэ. Нийт хэдий хэмжээний талбай хамарсан бол?

-Эрдэнэцагаан сумын баруун урд талын Жавхлант хар толгой гэж газраас түймэр дэгдсэн. Түймэр арваннэгдүгээр сарын 19- ний шөнө гарсан. Гал унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтэс Эрдэнэцагаан сумын мэргэжлийн ангиуд 19, 20-ны өдөр бүтэн ажилласан.

Салхины хурд 18- 19 метр секунд байсан нь гал унтраахад хүндрэлтэй байв Түймэрт өртсөн талбайн хэмжээг одоогоор тогтоогоогүй байна.

-Айлууд бууцандаа буусан байгаа. Тэгэхээр айлуудын хороо бууц мөн галд өртсөн үү?

-Тэгсэн. Салхитай, галын хүч их байсан учраас иргэдээ л аврахын төлөө ажилласан. Мөн түймэр шөнө гарсан учраас эрсдэл их байлаа. Хороо бууц, аргал хөрзөн бүгд шатсан. Тухайн бүст ажиллаж байсан хайгуулын компанийн дөрвөн гэр мөн галд өртсөн. Нийт 11 айлын гэр шатсан мэдээ байна.

-Галд амь насаа алдсан иргэн нь албан хаагч байв уу. Эсвэл малчин хүн байсан уу?

-Галд өртөж амиа алдсан хүний хувьд 72 настай байсан. Түймэр гарах үед гэрээсээ гарч чадалгүй амиа алдсан. Хүүхдүүд нь хамт байсан юм билээ. Гаргаж амжаагүй байх. Мөн түймрээс гарах гэж тэмцэж байхдаа нэг эмэгтэй түлэгдсэн.

Түлэгдэлтийн зэрэг нэлээд хүнд гарсан учраас одоогоор Эрдэнэцагааны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түймрийн шалтгааныг тодруулахаар аймгийн Цагдаагийн газар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар “Хүний санамсар болгоомжгүй, аюулгүй ажиллагааны улмаас гал гарсан” гэсэн дүгнэлт гарсан. Мөн тухайн түймэрт мал өртсөн. Одоогоор нарийн тоо гараагүй байна. Ямар ч байсан нэг айлын есөн адуу өртсөн гэсэн мэдээлэл байгаа.

-Хээрийн түймэрт Онцгой байдлынхан хүрч ажиллахад хугацаа алдах тохиолдол их гардаг. Эрдэнэцагааны түймэрт дуудлага өгснөөс хойш хэдий хугацааны дараа очиж ажилласан бэ?

 -Эрдэнэцагаан сум аймгийн төвөөсөө 240 гаруй километрт байдаг. Уг түймэр гарсан газар нь Эрдэнэцагаан сумаас 30 гаруй километрийн цаана байсан учраас манайхаас түрүүлж тус сумын мэргэжлийн ангиуд очиж ажилласан. Дараа нь манай хэлтсийнхэн очиж галыг бүрэн унтраасан.

Б.Дэлгэр

Эх сурвалж: