sonin.mn

Сүүлийн үед хуурамч рубль гүйлгээнд оруулах нь ихэссэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан , цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулсан хичнээн хэрэг илрүүлэв?

-Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкинд хуурамч    рубль солиулсан хэрэг гарсан. Тодруулбал, ОХУ-ын иргэн 7000 хуурамч рубль солиулсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн энэ сарын 10-нд Монгол Улсын хоёр иргэн 14 мянган хуурамч рублийг банкинд солиулсан нь илэрсэн. Үүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын мөнгөн тэмдэгт буюу юанийг Монгол Улсад хуурамчаар оруулж ирж гүйлгээнд оруулсан хэргүүдийг илрүүлсэн. Ихэнх тохиолдол нь тухайн мөнгөн тэмдэгтийг авсан Монгол Улсын иргэн хуурамч гэдгийг мэдэхгүйгээс хохирсон хэрэг гарсан. Тиймээс тухайн рублийг хуурамч гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан уу, хууртсан уу гэдгийг тодруулахаар ажиллаж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүйн тулд юуг анхаарах вэ?

-Хуурамч мөнгөн тэмдэгтийг жинхэнээс нь ялгаж сурах зайлшгүй шаардлагатай байна. ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсонтой холбоотой худалдаа наймаа хийж, рубльтэй байнга харьцах явдал их гарч байна. Тиймээс рублийг жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг шалгаж мэддэг болох шаардлагатай юм. Их хэмжээний валют худалдан авах болон зарах гэж байгаа бол банк, санхүүгийн байгууллагаар дамжуулах хэрэгтэй.

-Хуурамч рубль гэдгийг мэдсээр байж санаатайгаар гүйлгээнд оруулсныг нь тогтоовол хуулийн ямар арга хэмжээ авах вэ?

-Эрүүгийн хуулийн 176.1-д зааснаар тухайн мөнгөн тэмдэгтийг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар ашигласан, борлуулсан нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв гадаад иргэн энэ төрлийн хэргийг үйлдсэн нь тогтоогдвол иргэний харьяалал харгалзахгүйгээр, аль ч улсын иргэн болон бүртгэлгүй ч Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу шийтгэнэ.

М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн"