sonin.mn


Хууль ардчилсан улс оронд шударгаар хэрэгждэг гэж үздэг. Гэхдээ манай улсад хууль хэрэгжиж буйг харвал ардчилсан улс оронд дарга бол иргэн бусад нь хэн ч биш гэсэн өнцгөөс л хэрэгжээд байх шиг.

Шинэ он гарахаас өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр УИХ-ын дарга З.Энхболдыг МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар шүүхэд өгч байлаа. Ямар үндэслэлээр шүүхэд өгч буйгаа ч хэвлэлийн хурал зарлан нийтэд мэдэгдсэн. Гэвч иргэн М.Наранбаатарын нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гаргасан өргөдлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна..

Харин он гарангуут УИХ-ын дарга З.Энхболд Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан. Гомдол гаргасны маргааш нь нөхөр М.Наранбаатарыг хэрэгтэн болгож, гуравхан хоногийн дараа яллагдагч хэмээн зарлав. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын дарга З.Энхболд “Би Монгол Улсын иргэнийхээ дагуу гомдол гаргаж байна” гэж хэлэнгүүт цагдаа, АТГ, Аудит, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд тэр аяараа, Төрийн байгуулалтын байнгын хороотойгоо хөдөлж эхэлсэн. Аягүй бол даргадаа “Хэт долигнох” вирусийн халдварт өртөцгөөж УИХ-ын гишүүд нь санаачлан тогтоол эсвэл зарлиг гаргаж, УИХ-ын даргын нэр хүндийг сэргээх аян ч өрнөж магадгүй шинжтэй болоод явчихав.

Хууль иргэн З.Энхболдод үйлчилнэ бусдад нь гэсэн хачин асуулт өдгөө нийгэмд бий болоод байна. Уг нь З.Энхболд бие жижигтэй л болохоос төрийн “гурван өндөрлөг”-ийн нэг. Тиймээс тэр хүний амнаас гарч байгаа үг буурь, суурьтай байх учиртай. Ойр зуурын хэрүүлд тэр хүний үг урсах учиргүй. Тэр өндөр суудлаас, төрийн нэрийн өмнөөс хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан нь үнэн тул тэрээр хариуцлага хүлээх учиртай.

Хэрэв үнэн гэж байдаг бол шүү. Хэрэв энгийн иргэн Дорж хөрш Батыгаа олон нийтийн газар доромжилсон бол иргэн Бат шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэх эрхтэй. Бүр хуулийн өмнө Дорж хариуцлага хүлээнэ. Харин УИХ-ын дарга бусдыг юу ч гэж доромжилсон байсан хариуцлага хүлээхгүй байна гэдэг ардчилсан ёс, нөгөө ариун явдал гээч нь мөн гэж үү.

Нэр төр гэдгийг эрхэмсэг оршихуй, хүнлэг байдал, хүндэтгэл хүлээх эрх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх баталгаа, нийгмийн өмнө тухайн хүнийг илэрхийлэх хууль ёсны өмч гэж ойлгож болно. Нэр төр гэдэг үгэнд хүний хүн байгаагийн учир утгыг илэрхийлэх олон агууламж бий. Тийм учраас Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа тус хуулийн 16,13-д “Хэн ч боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” хэмээж заасан байдаг.

Харин энэ эрхийг УИХ-ын дарга З.Энхболд зөрчсөн үү, зөрчсөн. Үүнийг хоёр сая 900 мянган монгол хүн үзсэн, харсан. Харин одоо эсрэгээр доромжлуулсан нь хуулийн хариуцлага хүлээх гээд доромжилсон нь ардын баатар болох шахаад явж байна.

Нөгөө шударга шүүх, авлигагүй нийгэм, дарга шүтдэггүй ардчилал хаана байна. Манай улстөрчдийн жишээ авах дуртай Герман улсын Үндсэн хуулийн 1.1-д “Хүний нэр төр, эрхэмсэг оршихуйд халдаж болохгүй. Хүний нэр төрийг хүндэтгэх нь төрийн үүрэг” хэмээн хүний мөн чанар, түүний үнэ цэнийг онцгойлон тодотгож, иргэний хүсэл, мөрөөдөл, нэр төр, эрхэм чанарыг хүндэтгэхийг төрдөө үүрэг болгосон байдаг байна.

Харин Монголд төр удирдаж буй хүнээс бусад нь нэр төргүй ч юм шиг. Тиймээс ч УИХ-ын дарга З.Энхболд буюу иргэн З.Энхболдын өргөдлийг хуулийн болон бусад холбогдох байгууллагууд гуравхан хоногийн дотор шат, шатандаа шийдэж, хэрэгжүүлж, шуурхай ажиллав бололтой. Төрийн тэргүүн буюу УИХ-ын дарга бол нэр төртэй, танд хууль үйлчлэх ёстой бусдад нь бол... гэснээс энэ нь өөрцгүй сонсогдож байна биш үү.

Д.Лхагва-Очир
Эх сурвалж: "Монголын үнэн"