sonin.mn

Монгол улсад үйлдвэрлэдэг, эмийн ховор ургамлаар хийдэг тарваган шийр эмийг улсын хилээр их хэмжээгээр гаргахыг завдсан этгээдийг Дорнод аймаг дахь хилийн отрядынхан саатуулжээ. Тус аймгийн Эрээнцавын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн баасан гарагт ОХУ руу гарах гэж байсан Чулуут хороот сумын иргэн Ч-ын "Истана" маркийн машинаас 500 боодол буюу 6000 ширхэг эм нуусан нь илэрчээ. Өмнө нь ч тус боомтоор зарим иргэн тарваган шийр эмийг бас ийм маягаар хил давуулах гэж оролдоод баригдсан тохиолдол гарсан. Тарваган шийр эмэнд мансууруулах төрлийн эфедрин бодис агуулагддаг бөгөөд оросууд дахин боловсруулаад "Крокодил" гэх бодис гарган авдаг тухай холбогдох шинжилгээний байгууллага мэдээлжээ. Тиймээс оросууд их хэмжээгээр авдаг тул уг эмийг хил гаргах сонирхол байдаг байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: