sonin.mn

Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн Малайзын цагдаагийн ажилтан асан Сирул Азар Умарыг Австралийн цагдаа нар мягмар гаригт Брисбен хотноо саатуулжээ. Түүнийг Интерполын мэдэгдэл ирсний дараа цагдаа нар саатуулсан байна.

Эргэн сануулахад Малайзын Ерөнхий сайдыг хамгаалж байсан цагдаагийн тусгай ажилтан Сирул Азар Умар, Азиллах Хадри нарт Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэй нь холбогдуулан 2009 онд шүүхээс цаазаар авах ял оноосон. Удалгүй хэрэгтнүүд давж заалдсанаар дараагийн шатны шүүх хурлаас тэдний ялыг түдгэлзүүлжээ. Харин өнгөрсөн долоо хоногт Малайзын Дээд шүүхээс тэдэнд цаазын ял оноосон шийдвэрийг хүчин төгөлдөр болгох тухай шийдвэр гаргасан.

Гэвч Сирул Азар Умар уг шүүх хурлаас урьтаж, Австрали руу оргон зайлсан аж. Австрали, Малайзын улс хэрэгтэн харилцан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байдаг. Гэвч одоо Ш.Алтантуягийн амийг хөнөөсөн Сирул Азар Умарыг Малайзын талд шилжүүлж өгөхгүй байх магадлалтай болсныг тус улсын хэвлэлүүдэд бичсэн байна. Учир нь Австралийн холбогдох хууль тогтоомжид зааснаар хэн нэгэн цаазаар авах ялтай бол тус улсын Ерөнхий прокурор тухайн хүнийг хүлээлгэн өгөхгүй байх боломжтой гэнэ.

Д.Болд
Эх сурвалж: "Монголын үнэн"