sonin.mn
Сар шинийн өдрүүдэд Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хандах иргэдийн тоо ихэсдэг. Энэ талаар тус төвийн ахлах дэслэгч Ч.Уртнасантай ярилцлаа.
 
-Сар шинийн баярын өдрүүдэд ачаалал хэр байв. Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хэчнээн дуудлага ирсэн бэ?
 
-XVII жарны хөхөгчин хонин жилийн сар шинийн мэндийг Монголынхоо ард түмэнд хүргэе. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ачаалал харьцангуй бага байлаа. Мэдээлэл шуурхай удирдлагын төвд сар шинийн баярын амралтын өдрүүдэд 36267 дуудлага бүртгэж авсан. Цагдаагийн хэлтэс буюу 102-т 15959 дуудлага ирсэн. Үүнээс гэмт хэрэг зөрчлийн 5913, зам тээврийн ослын 1242, гэмт хэргийн 149 дуудлагыг бүртгэлээ.
 
-Түргэн тусламжийн хэлтэс ачаалал ихтэй ажилласан гэсэн. Дийлэнх нь ямар шалтгаанаар хандав?
 
-103 дугаарын утсанд 16580 дуудлага ирлээ. 16580 дуудлагын 903 нь бодит дуудлага байсан. Иргэд мэдээлэл шуурхай удирдлагын төвийн утсаар тоглож, худал дуудлага өгдөг. Үүнийг болих хэрэгтэй. Төрөхийн 66, осол гэмтлийн 144, согтуу 62, ухаангүй согтсон 28, зөвлөгөө авахаар 244 дуудлага ирснийг бүртгэсэн байна. Хоолны хордлого авсан иргэд зөвлөгөө их авч байна.
 
-101, 105 дугаарт хэр олон дуудлага ирсэн бэ?
 
-3728 дуудлага бүртгэлээ. Гал түймэр аврах ажиллагааны 85, обьектын 86, ой хээрийн нэг, гал түймэр зөрчлийн 26, аврах ажиллагааны гурван дуудлага ирсэн байгаа юм.
 
-Гал түймэр гарч байгаагийн шалтгаан юу байв?
 
-Иргэд аливаа зүйлд хайхрамжгүй хандаж байна. Золгоно гээд сандраад гэрээсээ гараад явдаг. Цахилгаан хэрэгслээ салгадаггүй. Эзэнгүй айлд гал гарлаа гэсэн нэлээн хэдэн дуудлага ирсэн. Мөн хүүхэдтэйгээ хамт шатаж амь насаа алдсан хэрэг ч гарлаа. Гэр оронгүй хоцорсон тохиолдол таван ч удаа бүртгэгдлээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийнXIX хороо, Зүүн Алтан-Өлгийн гудамжинд байрлах нийтийн байр энэ сарын 21-нд шатсан. Гэр л гэхэд 3-5, байшин 5-10 минутын хугацаанд бүрэн шатаад дуусдаг. Онцгой байдлынхан цаг алдалгүй очиж галыг нь унтраасан.
 
-Хүйтний эрч чангарч байна. Зарим аймагт цасан шуурга болж автозамыг хязгаарласан шүү дээ. Орон нутгийн замд осол гарч байна уу?
 
- Баярын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, зарим аймгийн нутгаар цасан шуурга боллоо. Үүнээс шалтгаалж зарим чиглэлийн автозамыг түр хязгаарласан. Онцгой байдлын газраас ч манайд мэдээлэл ирүүлсэн байгаа. Энэ сарын 21, 22-нд дараах хязгаарлалтыг хийж ажиллалаа. Үүнд, Налайх дүүргийн нутагт орших А4, Хүүрийн ухааг зэрэг постод тус дүүргийн Онцгой байдлын ес, цагдаагийн хэлтсийн таван албан хаагч хоёр автомашинтай үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэх явцад 475 тээврийн хэрэгслийг бүртгэсэн байна. Мөн Багануур, Багахангай дүүргийн зарим постод цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн ажилласан. Орон нутагт ч гэсэн цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байгаа.
 
-Золгүй байдлаар амь насаа алдсан хэд хэдэн хэрэг гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-Сар шинийн баяраа тэмдэглэж яваад 18 иргэн золгүй байдлаар амь насаа алдлаа. Тухайлбал, Архангай аймгийн Ихтамир сумын нутагт аксент маркийн машины жолооч дөрвөн настай хүүг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарав. Өмнөговь аймгийн Хонгор сумын Хондод багийн нутагт 50 настай эрэгтэй мөн Говь-Алтай аймгийн Цогт сумын 31 настай иргэн мотоциклтой явж байгаад осолдож амь насаа алдсан. Хэргийг тухайн аймгийн цагдаагийн хэлтэс болон холбогдох газрууд шалгаж байгаа. Иргэддээ хандаж хэлэхэд, өвлийн улиралд, цас ихтэй хүйтэн байхад мотоцикл унах хэрэггүй. Хятад мотоцикл нь амь насаа алдах эрсдэлийг үргэлж дагуулж байдаг.
 
-Осгож амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн үү?
 
-Осгож хөлдсөн тохиолдол нэлээд гарлаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 47 настай эрэгтэй осгосон байдалтай нас барсан байна гэсэн мэдээлэл манайд ирсэн.
 
-Согтуугаар танхайрсан, согтуугаар автомашин жолоодсон гэх дуудлага хэр олон ирсэн бэ?
 
-Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлага их ирсэн. Өдөрт л 600 гаруй дуудлага хүлээн авлаа. Энэ сарын 18-21-ныг хүртэл дөрвөн өдөр 2424 хүртэл бүртгэсэн. Ер нь согтууруулах ундаа хэрэглэсэн л бол автомашин жолоодох хэрэггүй. Согтуугаар автомашин жолоодсоноос болж осолдож, гэмтэх тохиолдол их гардаг.
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: