sonin.mn
“Босоо хөх Монгол” ТББ, Сэлэнгэ аймгийн иргэд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлэн энэ сарын 9-ний өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж, 11-нээс өлсгөлөн зарласан билээ.
 
Өнгөрсөн шөнө 00.00 цагт Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус дүүргийн Засаг даргын захирамжаар Хэлмэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж буй иргэдийг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
 
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс өлсгөлөн зарлаж буй “Босоо хөх монгол” бүлгэмийн гишүүн П.Шинжинравдан, Г.Батбаяр, Г.Алтанзаяа, Д.Пүрэвжав, Д.Алтангэрэл, С.Гантогтох, Я.Борхүү нарын 7 иргэний эрүүл мэндийн байдал доройтож, амиа алдаж болзошгүй нөхцөл үүссэн тул эмнэлгийн байгууллагад яаралтай шилжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.
 
Үүнтэй холбогдуулан иргэдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэхэд цагдаагийн бүрэлдэхүүн хамгаалалтад гарсан. Иргэдийг эмнэлэгт шилжүүлэхэд ямар нэгэн эсэргүүцэл гараагүй. Одоо эмчилгээ хэвийн үргэлжилж байна хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүү хэллээ.
 
Тэрбээр, Олон нийтийн сүлжээгээр цагдаагийн байгууллага өлсгөлөнг албадан тараасан мэтээр мэдээлэл түгээсэн байна. Иргэдэд эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг танилцуулахад өлсгөлөн зарлаж буй иргэд болон “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд, дэмжигчид бидний хүсэлтийг хүлээн авч, эсэргүүцэл үзүүлэлгүйгээр сайн дураараа эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн” гэлээ.
 
Мэдээллийн үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.
 
-Өлсгөлөн зарлаж байсан иргэдийг байцаасан уу?
-Байцаалт явуулаагүй.
 
-Иргэдээс цуглуулсан гарын үсэг болон бусад бичиг баримтыг нь хураан авсан гэсэн мэдээлэл гарсан байсан?
-Бичиг баримт болон цуглуулсан гарын үсгийг нь хурааж аваагүй. Бүх бичиг баримт нь өөрсдөд нь байгаа. Цагдаагийн байгууллага иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй. Ингэх нь Үндсэн хуулиар хориотой.
 
-Эмнэлгийн байгууллагад шилжүүлэх үйл ажиллагааг яагаад шөнө зохион байгуулсан бэ?
-Өлсгөлөн зарлаж газар нь хотын төв хэсэг. Тиймээс тухайн орчинд байгаа аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассан үед зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гадна Замын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн бидний үйл ажиллагаанд оролцож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан.
 
-Өлсгөлөн зарласан иргэдийн гэрийг цагдаа нар буулгасан гэдэг үнэн үү?
-Үгүй. Биднийг иргэдийг эмнэлэг рүү шилжүүлэхэд “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд өөрсдөө буулгасан.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг