sonin.mn
Монголдоо ганцад тооцогддог Гэрлэх ёслолын ордныг үгүй хийхээр төлөвлөж эхэлжээ. Ингэхдээ Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ашиггүй ажиллаж эхэлсэн гэдэг шалтгаанаар, хувьчлах санал гаргаж, үүнийгээ ирэх долоо хоногт НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр зэхэж байгаа аж. Тус ордныг Монгол түмний гал голомтыг бадраан хуримын ёслолын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор 1976 онд байгуулж байсан түүхтэй. Зөвхөн өнгөрсөн жил ашиггүй ажилласан гэдэг шалтгаанаар ийн хувьчлагдах “Хар данс”-нд бүртгэгдчихээд байгаа нь тун хачирхалтай асуудал юм. 
 
Гэрлэх ёслолын ордны сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг харвал 2012 оны арванхоёрдугаар сард 67 сая 766 мянган төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Харин 2013 оны арванхоёрдугаар сард 248 сая 858 мянган төгрөгийн ашигтай ажилласан гэсэн тайлан байгаа юм. Тэгснээ гэнэт 2014 оны зургаадугаар сард 46 сая 112 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан гэх тайланг гаргасан байна. 
 
Тус байгууллагын хувьд 32 ажилтан, албан хаагчтай бөгөөд Орон нутгийн өмчит аж ахуйн төсөвт үйлдвэрийн газар /ОНӨААТүГ/. Тиймээс улсын төсвөөс санхүүждэггүй. Өөрсдийгөө болгоод, боломжийн ашигтай ажиллаж ирсэн байдаг. Харин хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цаг, амралтын өдрөөс шалтгаалан 759-869 мянган төгрөг байдаг. Мөн Балжинням, Дашням давхацсан өдөр буюу намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 3-ны билэгт сайн өдрүүдэд бол 1 сая 276 мянган төгрөгөөр үйлчилдэг аж. 
 
Гэрлэх ёслолын ордны ажилчдын ярьж буйгаар тус газар бараг л улирлын чанартай ажилладаг гэнэ. Учир нь монголчууд билэгдлээ бодон тухайн жил гэр бүл болоход ямар нөлөө үзүүлдэг, тэр жилийн өнгө зэргээс шалтгаалахын зэрэгцээ намрын улиралд голчлон хуримладаг. Тиймээс арваннэгдүгээр сарын сүүлчээс зургаадугаар сарыг дуустал цөөн тооны хуримын ёслол болдог аж. 
 
Гэсэн ч тус ордноор үйлчлүүлсэн хосуудын тоо гэнэт ашиггүй ажилласан гэж тайлагнасан шиг огцом буураагүй болох нь ч харагдаж байгаа юм. Тухайлбал 2008 онд 1340, 2009 онд 1180, 2010 онд 734, 2011 онд 1989, 2012 онд 1581, 2013 онд 1401 хос тус тус хуримын ёслолоо хийсэн бол өнгөрсөн жил 1563 гэр бүл үйлчлүүлжээ. Гэхдээ эдгээр хуримын ихэнх нь буюу 80 хувь нь дээр дурьдсанчлан зун, намрын улиралд болдог. Тиймээс л 2014 оны зургаадугаар сарын санхүүгийн тайланд алдагдалтай гарах нь тодорхой аж. Харин жилийн эцсийн тухайд арай өөр тоо гарах юм билээ. Өмнөх жилүүдэд ч ийм л байж ирсэн гэнэ. Оны эхний хагаст алдагдалтай, сүүлийн хагаст ашигтай. 
 
Тус байгууллагын ажилчид жилийн цөөнгүй хоногийг өдөр тутмын цэвэрлэгээ, дотоод ажлаа хийх байдлаар өнгөрөөж, Гэрлэх ёслолын ордон ажин түжин байдаг гэнэ. Нэгэнт ОНӨААТүГ учраас үйлчилгээний зардлыг тухайн үеийн зах зээлийн ханштай нийцүүлэн тооцож, бодож гаргадаг ажээ. Тиймээс жил бүр тодорхой хэмжээгээр өсгөдөг. Гэсэн ч төрийн өмчит бусад аж ахуйн нэгжүүд шиг олон жилийн туршид алдагдалтай ажиллаж, ажилчдынхаа цалин хөлс, үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй болтлоо тартагтаа тулчихаагүй байгаа гэнэ. 
 
Уг нь Гэрлэх ёслолын ордны барилга анх баригдан ашиглалтад орох үедээ Монголд төдийгүй Төв Азид анхных байсан гэдэг. Гэтэл өдгөө ганцхан жил ашиггүй ажилласан шалтгаанаар хувчьлалын “хар данс”-нд орсныг нь НИТХ-ын хурлын зарим төлөөлөгч “Барилгын газарт шунаж байна” хэмээн хардаж байгаа аж. Энэ нь үнэний хувьтай. Угаас хотын А зэрэглэлд, Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнтэй хаяа залган оршдог энэ байгууллагын эзэмшил газар олон хүний шүлсийг савируулж, шуналыг хөдөлгөж байгаа биз. 
 
Гэрлэх ёслолын ордон 15 өрөө тасалгаа бүхий 1878 м.кв талбайтай, гурван давхар барилга зэрэг нийтдээ хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй. Харин газар эзэмшил газар нь бараг нэг га буюу 10526 м.кв юм билээ.  Энэхүү газраас өмнөх дарга Х.Оюунчимэг нь бусдад хууль бусаар шилжүүлсэн байсныг гурван жил гаруйн дараа буцаан тус байгууллагын нэр дээр болгосон. Тодруулбал Х.Оюунчимэг дарга 2010 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ордны газрын 2600 гаруй м.кв-ыг “Эй Пи Эм Си” компанид шилжүүлэх хүсэлтээ Нийслэлийн газрын албанд гаргаж байжээ. Түүнийг нь гурван жилийн дараа одоогийн удирдлага нь буцаан байгууллагынхаа нэр дээр болгож авсан нь саяхан. 
 
Түүнчлэн Х.Оюунчимэг дарга Гэрлэх ёслолын ордны урд талын талбайг мөн л хувийн аж ахуйн нэгжид 800 м.кв-ыг нь гэрээгээр эзэмшүүлсэн байдаг. Одоо Өмчийн харилцааны газартай тохиролцсоны дагуу гэрээгээр түр ашиглагдсан хэвээр байгаа юм байна.  Ямартай ч “Гэрлэх ёслолын ордон”-ыг хувьчлах эсэхийг энэ сарын 13-ны НИТХ-ын тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийднэ. Хэрвээ энэ санал дэмжигдвэл хувьчлалын ямар хэлбэрээр гэдгийг ч зааж өгөх учиртай. 
 
Хэдий хувьчлалын хэлбэр нь их л чухал мэт харагдаж байгаа ч энэ нь ердөө л халхавч байдаг нь тодорхой. Өөрөөр хэлбэл Улсын циркийг л гэхэд 2007 онд анх менежментийн хувьчлалаар Их аваргад өгсөн байдаг.Гэтэл өнөөдөр бодит байдал ямар байгаа билээ. үндсэн чиглэлээр нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ гэж заасан гэрээний хэрэгжилт аль хэдийн үгүй болж, цэнхэр дээвэртэй байсан циркийн байгууламжид өдгөө үзэсгэлэн худалдаа, экспо л зохион байгуулагддаг болсон. Түүнчлэн бүхэл бүтэн банк байрлачихаад цирк байтугай энэ үгийг ч мэдэхгүй шахам болчихоод байна. Циркийн амьтад бүү хэл, алиалагч, жүжигчид ч үгүй болчихсон. Эзэмшил газар нь ч ялгаагүй бусдын мэдэлд шилжчихсэн шүү дээ.  Тэгэхээр энэ удаа Гэрлэх ёслолын ордныг хувьчлах санал цаад утгаараа хэн нэгний газрын наймааны лобби хөвөрч яваа бололтой. 
 
Эх сурвалж: