sonin.mn
Монгол Улсын Засгийн газар, Канадын “Хан ресурс” компанийн хооронд дөрвөн жилийн турш үргэлжилсэн маргааныг олон улсын Арбитрын шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Олон услын Арбитрын шүүхээс “Хан ресурс” компанийн талд хэргийг шийдвэрлэж, 100 сая ам.долларыг манай талаас нэхэмжлээд байгаа. Энэ талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагватай ярилцлаа. 
 
-Олон улсын Арбитрын шүүхээс манай улсын Засгийн газар “Мон-Атом” компанийг хариуцагчаар татсан маргааныг хэлэлцээд Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс”-ийн талд шийдвэрийг гаргалаа. Олон улсын Арбитрын шүүхээс шийдвэрлэсэн хэргийг давж заалдах боломж бий юу?
 
-Дэлхийн 180 гаруй улс орон НҮБ-ын Олон улсын арилжааны эрхийн комиссоос гаргасан арбитрын загвар хуулийг удирдлагаа болгож, зөвлөмж байдлаар ашиглаж, хууль тогтоомжоо боловсруулсан байдаг. Тэгэхээр Парис дахь олон улсын Арбитрын шүүх ч дээр дурдсан зүйлийг удирдлагаа болгосон. Тиймээс тухайн улсын Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. 
 
Дэлхийн олон улсад нийтлэг байдлаар давж заалдах процессын шинжтэй асуудал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотойгоор тухайн улсын Арбитрын шийдвэрийг давж заалдах хэд хэдэн үндэслэл бий. Үндэслэлийг зөрчсөн бол давж заалдах шүүхэд хандан хүчингүй болгох боломж байдаг. 'Хоёр талын хооронд маргаан гарвал Арбитраар шийдвэрлүүнэ гэсэн гэрээ байгуулдаг. Гэхдээ гэрээнд заасан асуудлаас өөр зүйлийг хэлэлцэж, Арбитр шийдвэр гаргасан байвал тухайн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой. 
 
Арбитрын хэлэлцээгүй маргааныг Арбитрын шүүх шийдвэрлэвэл мөн харьяалал зөрчих, талуудыг арбитрчаа сонгох боломж нөхцөлөөр хангаагүй, нотлох баримт бүрдүүлэх, тайлбар гаргах боломжоор хангаагүй, шүүх хуралд оролцуулаагүй бол гаргасан шийдвэр нь хүчингүй болно. Арбитрын хэлэлцээр байгуулсан хоёр талын аль нэг нь эрхзүйн чадамжгүй бол Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдах боломжтой.
 
-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Манай улсад давж заалдах боломж бий” гэсэн. Хэдэн хоногийн хугацаанд олон улсын Арбитрын шүүхэд хандах эрх нээгддэг вэ?
 
-Дээрх хэрэгт оролцсон өмгөөлөгчид, Засгийн газрыг төлөөлж оролцсон албаныхан давж заалдах боломжтой гэсэн байр суурьтай байна лээ. Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор давж заалдах эрх нээлттэй байдаг. Тэгэхээр тухайн хэрэгт оролцсон хүмүүс иймэрхүү маягаар давж заалдах боломжтой. Боломж ч нээлттэй байна. 
 
-Та хэргийн үйл явцыг ажигласан байх. Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Арбитрууд аль нэг улсын Арбитрын шүүхээс гаргасан хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийн талаар дүгнэлт өгөх боломжгүй. Тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг яаж явуулсан. Хэрэгт холбогдох нотлох баримтыг хэрхэн дүгнэснийг нь тухайн бүрэлдэхүүний шийдэх асуудал. Нөгөө талаар Арбитрын шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэр хаалттай байдаг. Яагаад гэвэл бизнес эрхлэгчдийн нэр хүндтэй холбоотой учраас тэр. Тэгэхээр ийм хэрэгт ямар нэгэн хуулийн байгууллага, тухайн улсын Арбитрын шүүх хөндлөнгөөс дүгнэлт хийх боломжгүй.
 
-100 сая ам.долларыг төлөх шийдвэр гарчихсан. Давж заалдлаа гэхэд хэрэг манай талд шийдэхгүй бол нэхэмжилсэн мөнгийг нь өгөхөөс өөр гарцгүй болно. Нэхэмжилсэн мөнгийг төлөх хугацааг зааж өгдөг үү?
 
-Манай улс гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх буюу биелүүлэх конвенцод нэгдэж орсон. Тухайн конвенцод нэгдэж орсон 180 орчим улс аль нэг орныхоо гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, талууд сайн дураараа биелүүлэхгүй бол албадан биелүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд шийдвэрээ Монгол Улсад илгээнэ. Шийдвэр гарсан л бол нэхэмжилсэн мөнгийг нь нэн даруй төлөх л ёстой.
 
-Гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байвал яах бол?
 
-Хүлээн зөвшөөрөхгүй гэх ойлголт байж болохгүй. Гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гээд конвенцод нэгдсэн. Конвенцод нэгдсэн үүргээ биелүүлэх ёстой. Хэрэв шийдвэрээ хүлээн зөвшөөрөхгүй бол олон улсын давцанд Монгол Улсын нэр хүнд унана.
 
-Энэ хэрэгт ажилласан өмгөөллийн багийг хэрхэн дүгнэж байна вэ. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргыг энэ хэрэгт муу ажилласан гэх шүүмжлэл иргэдийн дунд байна. Та үүнд ямар бодолтой байна вэ?
 
-Энэ багийг сайн ажилласан, муу ажиллалаа гэж дүгнэлт гаргах ямар ч боломжгүй. Бүхэл боломж, бололцоогоо дайчилж ажилласан байх. Ж.Баярцэцэгийг зохион байгуулалт муутай ажилласан гэж бодохгүй байна. Тэгээд ч энэ хэргийг шүүн шийдвэрлэх ажиллагаа нээлттэй биш, хаалттай болсон. Хэрхэн, мэтгэлзэж, нотлох баримтаа яаж тайлбарласныг мэдэхгүй. Тиймдээ ч сайн, муу ажилласан гэж дүгнэж болохгүй л дээ.
 
-Олон улсын Арбитрын шүүхээр энэ төрлийн олон хэргийг шийдвэрлүүлж байсан. Ер нь манай талд шийдвэр гарсан тохиолдол байгаа юу? 
 
-Монголын томоохон компаниуд гадны хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахдаа Солонгос, Сингапур болон олон улсын Арбитрын шүүхийг сонгох тохиолдол байдаг. Монгол Улсын Засгийн газрыг Арбитрт өгсөн тав дахь тохиолдол энэ юм. Өмнө нь “Марубени, “Алтан-Дорнод”, “Номаранг” гэх зэрэг хэргийн хариуцагчаар татагдаж, ялж, ялагдаж байлаа. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний Арбитраар ч Засгийн газартай холбоотой хэрэг маргаан болон уул уурхайн лиценз, гадны хөрөнгө оруулагчтай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэж байна.
 
-Манай улсын Арбитрын шүүх өнгөрсөн онд хэчнээн хэрэг маргааныг шийдвэрлэсэн бэ. Дийлэнх нь ямар хэрэг зонхилдог вэ? 
 
-Жилд дунджаар 60-70 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байна. Ажил гүйцэтгэх гэрээ, уул уурхай, гадаад худалдаа гэх мэт хэрэг маргаан дийлэнх хувийг эзэлж байна. Маргаанаа шийдвэрлүүлж буй иргэдийн 50 хувь нь гадаадын иргэн. Тэд ихэвчлэн Монголын компанитай холбоотой гомдол гаргадаг. Гэтэл Арбитраар шийдвэрлүүлэх боломжтой 10 гаруй мянган хэрэг, маргааныг нийслэлийн зургаан дүүргийн шүүх шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр Арбитрыг хөгжүүлэх сурталчлах тал дээр Засгийн газар бодлогын хэмжээнд анхаарах цаг болсон. Өндөр хөгжилтэй гадаадын оронд иргэд нь бизнестэй холбоотой хэрэг маргааныхаа ихэнх хувийг Арбитраар шийдвэрлүүлдэг юм билээ. Маргаанаа Арбитраар шийдвэрлүүлэх үү, шүүхээр шийдвэрлүүлэх үү гэдэг нь талуудын сонголт л доо.
 
-Монголын компани гадны хөрөнгө оруулагчдын хоорондын маргааны эх үүсвэр юу вэ?
 
-Манайхан гадны хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулчихаад дунд нь хуулиа өөрчилдөг. Гэрээг хэрэгжүүлээд явж байтал Засгийн газар нь солигдоод бодлого журмаа өөр болгодог. Энэ л маргааны гол эх үүсвэр болоод байна. Гэрээ байгуулаад ажиллаж байхад хууль нь өөрчлөгдөөд дүрэм, журам нь хэрэгжихгүй болчихдог. Дүрэм, журам нь өөр болчихоор лицензээ буцааж авна гэх мэтээр маргаан үүсч эхэлдэг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын найдвартай, гэрээний тогтвортой байдалд Засгийн газар анхаарал хандуулах хэрэгтэй.
 
-Манай улсын Арбитрын шүүхийн нэр хүнд олон улсад ямар байдаг юм бол?
 
-НҮБ-аас гаргасан Арбитрын загвар хуульд хуулиа нийцүүлж гаргасан. Тэгэхээр манай хууль олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Монголын 45 арбитрчдаас гадна гадаадын нэр хүндтэй 11 арбитрын шүүгч ажиллаж байна. Манай улсын Арбитрын шүүх олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Хангалттай сайн ажилладаг.
 
-Арбитрын шүүхийн ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Иргэд энэ талаар ойлголт муутай байдаг?
 
-Тухайн хэргийг мэргэшсэн хүмүүс хянан шийдвэрлэнэ. Гарсан шийдвэр эцсийнх байдаг. Үүнийг л иргэд ойлгох хэрэгтэй. Шүүхийн ачаалал ч багасна. Шүүхээр хэрэг шийдвэрлүүлэхэд гурван шат дамждаг. Ингэхээр тодорхой хэмжээний зардал орно. Харин Арбитрт нэг л удаа хураамж төлнө.
 
-Гадаадын хөрөнгө оруулагч компанитай манай бизнес эрхлэгчид гэрээ байгуулахдаа мөнгөн дүнгийн хэмжээг л нягталж хардаг. Гарах сөрөг үр дагаврын талаар төдийлөн анхаардаггүй юм шиг. Ер нь гэрээ байгуулахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
 
-Ашиг, авч өгөхөө бодож гэрээ байгуулдаг нь үнэн л дээ. Гол зүйл болох маргаан гарвал яах вэ гэдгийг бодолцож үздэггүй. Анхаарал хандуулдаггүй. Жишээлбэл, Монгол, Хятад компани гэрээ байгуулж ажилладаг. Монголын тал хэдэн төгрөгийн ашигтай ажиллах, ямар хэмжээний хөрөнгө оруулалт авах талд л анхаардаг. Тэгээд маргаан үүслээ гэхэд Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гээд гэрээнд заасан байх жишээтэй. Бүр улсынхаа Арбитраар шийдүүлнэ гээд гэрээнд тодорхой заалт оруулдаг. Үүнээс болоод Хятадын хуулийг судлах хэрэггэй болно. Хятад руу явах зардал, орчуулагч гээд давхар давхар л олон зардал бий болдог. Манай улсад ч гэсэн олон улсын Арбитр байна. Гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахдаа Монголынхоо Арбитраар шийдвэрлүүлэх талд анхаарал хандуулаасай гэж хэлмээр байна. Биднээс хэзээ ч зөвлөгөө авах боломжтой.
 
-Арбитр, шүүх хоёр аль аль нь хэргийг хянан шийдвэрлэдэг. Тэгвэл арбитрын үйл ажиллагаа дахь шүүхийн оролцоо хэр байдаг вэ?
 
-Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь хүн болон компанийн эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдах, албадан биелүүлэх асуудлыг ярьдаг. Харин үүнд Арбитр өөрөө төрийн бус байгууллагын статустай учир эд хөрөнгийг битүүмжлэх, хил гаалиар гарах зэрэгт хориг тавих эрх байдаггүй. Энэ эрх нь зөвхөн шүүх, шүүгчийн шийдвэрт байдаг. Тэгэхээр шүүх процессын шинжтэй асуудалд оролцоно уу гэхээс хэргийн агуулга талаас шүүх оролцохгүй гэсэн үг.
 
-“Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн. Гэвч тус компани нь Монгол Улсад барагдуулах ёстой 35 тэрбум төгрөг төлөхөөс татгалзаж, давж заалдах шатны шүүхэд хандсан. 35 тэрбумыг заавал төлөх шаардлагатай биз дээ?
 
-Жастин Капла “Саусгоби Сэндс" компанийн гүйцэтгэх захирал. Тиймдээ ч компани нь үүргээ биелүүлээд 35 тэрбум төгрөгийг төлөх ёстой. Гүйцэтгэх захирал нь эх орондоо очно уу, байна уу огт хамаагүй. Учир нь, “Саусгоби Сэндс” компани манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна.
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: