sonin.mn
 
Өнөө цагт баян хүн гишүүн болж, байшин болгон ломбард болсон юм уу гэлтэй. Хотын гудамжаар явахад хаа сайгүй л ломбард гэсэн хаяг харагдана. Дээр нь 4-6 хувь, эсвэл 6-8 хувь гэсэн бичиг хадаастай. Мөн өөр нэг компанийн нэр аль нэг газар нь бичээстэй. Энэ олон ломбард өнөөдөр иргэдэд түргэн шуурхай үйлчилж, эд зүйлийг нь янз бүрийн хугацаанд барьцаалж, хэрэгцээтэй мөнгийг нь өгч байна. Нэлээн дээхнэ үеэс л бид ломбардаар үйлчлүүлсээр ирсэн. Зарим нэг нь мөнгө хэрэгтэй яарч сандарсан үед хэрэг болдог хэмээн ам сайтай байдагч сайны хажуугаар саар гэдэг дээ.
 
Мөнгө хүүлэгчид Монголд
Гар утас, пүүз, үнэт эдлэл, автомашин гээд төрөлжсөн, төрөлжөөгүй ломбардын цаана янз бүрийн увайгүй үйлдэл яваад байх шиг. Үүний нэгэн жишээ гэвэл, иргэд хувь хүнээс мөнгө зээлэх нь ихэсчээ. Эхлээд тэд хоорондоо гэрээ байгуулна. Үүний дараа мөнгийг шууд өгдөг ба мөнгө авсан өдрийн маргаашаас эхлэн өдөр бүр эргэн төлөлтөө хийгээд явдаг аж. Тодруулбал, хоёр сарын хугацаатай нэг сая таван зуун мянган төгрөгийн зээл авбал өдөр бүр 30 мянгыг төлөх жишээтэй. Тухайн иргэн эргэн төлөлтөө хийж чадахгүй бол тухайн өдөр бүрт алданги тооцно. Ингэснээр төлж дийлэхгүй их мөнгөний өрөнд орсон хүн олон байна.
 
Автомашин барьцаалж мөнгө зээлнэ
“Автомашин барьцаалж зээл олгоно. Автомашинаа зогсоол дээр тавих болон барьцаалсан автомашинаа унаад явж болох нөхцөлтэй, хэрэглээний болон бизнесийн зориулалтын зээл олгоно. Зээлийг хувь хүн мөн аж ахуйн нэгж авах боломжтой. Бид таны зээлийг ажлын 1-6 цагийн дотор шийдвэрлэнэ", 'Та машинаа унаад болон зогсоолд байрлуулан зээл авахыг хүсч байна уу? Зээлийг өдөрт нь багтаан шийдэж өгнө" гэсэн зар сонин, сэтгүүл, сайтаар дүүрэн байх юм. Эдгээр газрын байршил, машин барьцаалах гэрээ чухам ямар байдгийг мэдэхээр 880097,. дугаар руу залгасан юм. Уг хүн нь автомашин барьцаалж, иргэдэд мөнгө олгодог бөгөөд автомашиныг харж байж үнээ хэлнэ гээд хаягаа зааж өгөхгүй хаширлав.
 
Иргэдийн мэдэх “Сайн" ломбардын автомашин барьцаалж зээл олгох үйлчилгээг сонирхов. 2004 онд үйлдвэрлэсэн, 2012 онд оруулж ирсэн автомашин ойролцоогоор 4-5 саяд хүрэх ба 14 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй зээл өгдөг аж. Гэхдээ хүүгээ төлөөд сунгаад явж болно гэв. Тэднийх том хашаатай бөгөөд барьцаалсан машинаа унаж явах боломжгүй юм байна. Тус ломбардад хугацаа нь хэтрээд хураагдсан автомашин зардаг гэнэ. Автомашин барьцаалж" зээл олгоно гэсэн зарын дагуу дахин нэг дугаар руу залгалаа.
 
Тус газар хорооллын эцсийн “Уулзвар" төвийн хажууд байдаг гэнэ. Тодорхой нэр, хаяггүй, элдэв журам энэ тэр байхгүй аж. Автомашинаа унаж очоод шууд тохиролцоод барьцаа мөнгөө авч болно. Харин хүү нь 5-8 хувь. 10 хүртэлх хоногийн дотор зээлсэн мөнгөө буцааж өгвөл таван хувь. Хэтэрвэл найман хувь болоод явчихдаг" гэсэн хариулт өглөө.
 
9911, 8811-тэй дугаар барьцаалж зээл олгоно
Дугаарын үнэ өсч буйн шалтгаан  юу вэ. Та "Мобиком, Юнителийн гайгүй дугаар зарна, авна" гэсэн зарыг байнга хардаг биз. Магадгүй дугаараа зараар худалдан авсан байж болно. Гэхдээ “9911, 9909, 9999, 9908, 9919, 8811" гэсэн дугаарыг барьцаалан зээл олгоно гэсэн зарыг харж байв уу. Гэтэл ийм зар телевиз, FМ, радио, зарын томоохон сайтаар сүүлийн үед нэлээд явж байна. Ингээд дугаар барьцаалж шуурхай зээл олгох зарыг сонирхов.
 
9911, 9909, 9908, 9919, 9999... зэргээр эхэлсэн дугаарыг барьцаалж, зээл олгоно гэсэн зарыг хараад үнэ ханшийн талаар асуулаа. Зарын дагуу 919159.. дугаар руу залгав,
 
-Сайн байна уу.
 
Зарын дагуу холбогдож байна. 9911.... дугаар хэдэд барьцаалж, зээл олгох вэ?
 
-Зургаан сая. Гэхдээ дугаарыг тань бүтнээр нь сонсч байгаад үнээ нэмэх боломжтой.
 
-9919, 9909, 9908-ыг? -9919-ыг гурван сая. Харин 9909,9908-ыг нэг саяар тавих боломжтой байгаа. 
 
-Танайх хаана байрладаг вэ?
 
-Хуучнаар Тээврийн товчооны дэргэд ирээд залга гээд утсаа салгасан юм.
 
9911-тэй дугаар барьцаалж, зээл олгоно. 991572.. Энэхүү зарын дагуу ярихад “Хугацаа хамаарахгүй долоон сая төгрөгөөр барьцаална. 14 хоногийн хүү зургаан хувь".
 
8811-тэй дугаар барьцаалж, зээл олгоно гэсэн зарын дагуу 959598., дугаар руу залгаж ломбард нь хаана байрладгийг асуухад “Би дугаараа барьцаалах хүмүүстэй "Теди-3" дээр уулзчихдаг юм. Тэнд хүрээд ирэх үү" гэж байна. "Ломбардан дээр чинь л очмоор байна" гэхэд "Тэгвэл та барьцаалах гэж байгаа дугаараасаа залгачих" гэснээ утсаа салгачихав.
 
Хувь хүн, ломбардаас гадна лавлах утаснуудад 9911-тэй дугаар зарах, барьцаалах зар нэлээд ирдэг юм байна.
 
Хамгийн гол нь энэ луйврын золиос нь иргэн та. Учир нь хойр иргэн хоорондоо гэрээ байгуулаад хожмоо мөнгөө төлж чадахгүй эд зүйлээ алдах тохиолдолд гэрээтэй учраас шүүх, хуулийн байгууллага хууль зөрчсөн гэж үзэхгүй, хоёр иргэний хоорондын асуудал гээд орхидог байна. Энэ мэтээр хуулиас гадуурх луйвар ийнхүү хүчээ авч, цэцэглэж байна.
 
Ц.Заяа
Эх сурвалж: