sonin.mn
 
Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд ажилласан алба хаагчид Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрээс 2009 оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд удаа дараагийн үйлдлээр иргэдийн олон тооны бод малыг хулгайлсан бүлэг этгээдэд холбогдох гэмт хэргийг илрүүлэн шалгажээ.
 
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Г, М, Б, Өмнөдэлгэр сумын харьяат Г, С, Н, Б, Цэнхэрмандал сумын харьяат Ш нар үгсэн тохиролцож, бүлэглэн өөрсдийн эзэмшлийн 09-47 УНГ улсын дугаартай ногоон өнгийн “Истана”, 52-85 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Бонго жи-2”, 30-10 ХЭҮ улсын дугаартай хар ногоон өнгийн “Делика”, 27-56 УНВ улсын дугаартай цэнхэр өнгийн “Бонго” маркын автомашинуудыг ашиглан Мөрөн сумын нутаг дэвсгэрээс дөрөв, Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээс дөрөв, Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрээс хоёр, Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрээс нэг , нийт 11 удаагийн үйлдлээр иргэдийн 43 тооны адуу, 13 тооны үхрийг хулгайлж иргэдэд 59.0 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.
 
Дээрх этгээдүүд мөнгөний хэрэгцээ бий болох үедээ өөр хоорондоо утсаар холбогдож, хоног тохирч уулзан, нэг сумын нутаг дэвсгэрээс хулгайлсан малаа тээврийн хэрэгсэлд ачин сум дамжуулан зөөж, “ченж” нэртэй хүмүүст худалдан борлуулдаг байсныг илрүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг хуулийн дагуу хураан авч битүүмжлэн гэмт хэргийн хамтран оролцогчдыг онцлон шалгах ажлыг эрчимжүүлж эхлэжээ.
 
Эх сурвалж: