sonin.mn
Найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож амийг нь хөнөөсөн ялтан Г.Алтанхүүгийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж түүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнийг талийгаачийг үхэлд хүргээгүй харин биед нь гэмтэл учруулсан тогтоогдсон гэж гурван жилийн хорих ялыг ногдуулж байсан юм.  Шүүхийн энэхүү шийдвэрийг талийгаач бүсгүйн ар гэрийнхэн эсэргүүцэж Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаснаар өчигдөр ийнхүү хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон гэсэн үг. 
 
Уг нь тухайн үед талийгаач охинд хийсэн шүүхийн шилжилгээний дүгнэлт удаа дараа буруу гарсан талаар хохирогч талынхан болоод өмгөөлөгчид хэд хэдэн удаа мэдээлэл хийж, эсэргүүцэж байсан билээ. Шүүхийн шинжил­­гээний үндэсний хүрээлэнгээс талийгаачид хоёр ч удаа задлан шинжилгээ хийсэн. Эхний дүгнэлтээр талийгаач бүсгүйг “гадны нөлөөгүй” амь насаа алдсан гэх хариу гаргасан. Харин энэхүү шийдвэрийг ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь эсэргүүцэн дахин задлан шинжилгээ хийлгэх хүсэлт тавьснаар хоёр дахь удаагаа ийнхүү шинжилгээ хийхэд талийгаачийг архины гүн хордлогод орсон буюу таван цул эрхтний дутмагшил гэх оношоор амь насаа алдсан гэсэн дүгнэлт гаргаж ялтан Г.Алтанхүү гурван жилийн ял авах болсон юм. 
 
Өөрөөр хэлбэл, шүүхээс Г.Алтанхүү нь талийгаачийг зодож, бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан нь талийгаачийн үхэлд шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэсэн. Учир нь талийгаачийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эдсийн макро микро шинжилгээний дүгнэлтүүдээр тогтоогдоогүй юм. 
 
Ингэснээр ялтан Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 буюу бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцоод зогсохгүй тэрбээр хоёр жилийн дараа суллагдах боломжтой байсан юм. 
 
Тиймээс хэргийг хэрэг биш болгосон хэмээн хуулийн байгууллагын зарим хүмүүс хүртэл үзэж байсан юм. Тодруулбал, дүүргийн прокурор Б.Баян-Очир хэрэгтний талаар мэдээлэл хийхдээ "Г.Алтанхүү нь 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож олон тооны шарх сорви үлдээж амь насыг нь бүрэлгэсэн болохыг прокуророос тогтоосон. Харин шүүхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжил­­гээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан. 
 
Прокуророос дахин хян­аад талийгаачийн амь насаа алдсан буруутан нь Г.Алтанхүү гэж үзэж шүүхэд шилжүүлээд байгаа" гэж байсан юм. Тэгэхээр энэ удаад ялтан Г.Алтанхүү дахин ял завших боломжгүй гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байсан. Хамгийн гол нь үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг Г.Алтанхүү анхан шатны шүүх хурал дээр хүний санаанд оромгүй үг хэлж байсныг монголын ард түмэн бүгд харсан. Харин түүнд ял завших боломж олгосон хүмүүс нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн. Тодруулбал, энэ хэрэг өнөөг хүртэл шийдэгдэж чадахгүй явж байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвтэй холбоотой. Учир нь тэд “гадны нөлөөгүй” хэмээн удаа дараа мэдэгдэж түүнд гурван жилийн ял ногдуулах боломжийг олгоод байсан. 
 
Энэхүү хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татаж байсан. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж, хэн нэгэнд “үйлчилдэг” байсан нь ч тогтоогдсон гэдгийг хуулийнхан өөрсдийн амаараа хэлж байсан удаатай. 
 
Ямартай ч олон нийтийн анхааралд ороод байсан уг хэргийн үнэн зөв нь одоо л нэг олдох нь бололтой. Хууль хяналтынхан ч гэсэн энэхүү харгис залуугийн гэр бүлийн нөлөөнд авталгүй шударга үнэнээр шүүж одоо л нэг зохих ёстой шийтгэлийг нь түүнд үнэн зөвөөр ногдуулна гэж олон нийт харж байна.
 
Эх сурвалж: