sonin.mn
Саяхан даа, танилын маань найзыг хамтран амьдрагч нь хөнөөгөөд хоёр хоног гэртээ нууж байгаад баригдсан тухай сонслоо. Сайн танихгүй болохоор “ямар аймаар юм бэ” гэж шогшроод л өнгөрсөн. Хэдий би сайн таньж, мэдэхгүй ч тэнд нэгэн халуун амь тасарч, бүлээн цус царцаж, ах дүү, амраг садан нь гансарч, цөхөрч байна. Гэтэл бид харуусахаас өөрийг хийж чадахгүй, тухайн үедээ шогширч, халаглаад л сууж байх.  Дөрөвхөн настай бяцхан охин нийгэмд цочроо өгч, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг яаравчлахыг сануулан хорвоог орхиод бүтэн сар болох гэж байна. Гэтэл иргэний нийгмийнхэн, энэ асуудалд эмзэглэсэн хүмүүс зул өргөж, хуулиа яаравчлахыг шахамдуулсаар байхад дахиад л нэг эмэгтэй хүчирхийллээс болж амиа алдлаа. 
 
Эр, эм хоёрын хооронд илжиг бүү жороол гээд орхих уу 
 
Гэр бүл дэх хүчирхийллийг иргэд “эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол” гэдэг юм, айлын хэрэг маньд падгүй гэх байдлаар сонссон ч сонссогүй мэт, харсан ч хараагүй юм шиг хажуугаар нь нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөсөөр ирсэн. Гэвч энэ нь цаагуураа хүчирхийллийн далд хэлбэр өрх, гэрт ужгирсаар хүний амь эрсдэх байдалд хүргэсээр байгааг хууль хяналтынхан болон иргэний нийгмийнхэн хэлж, сануулсаар байна. Сайн хөршийн холбоо гэдэг гуйсан сонгино, давсыг нь өгчихөөд, хэсэг хугацаанд түлхүүрийг нь хадгалахын нэр бус. Шаардлагатай тохиолдолд ямар ч байдлаар тус дэм болохыг хэлдэг байлтай. 
 
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ихэнх хохирогч “гомдолгүй” гэдэг үгээр өөрийгөө улам бүр эрсэдэлд оруулдаг. Өөрөөр хэлбэл гудамжинд нөхөр /эсвэл найз залуудаа/ зодуулж буйг эмэгтэй хэн нэгэн хүн өмөөрч асуудалд оролцвол хохирогч гэнэтхэн л хүчирхийлэгчийнхээ талд орж хэрүүл, зодоон гурвалжин, дөрвөлжин болж орхидог. Ийм байдлаар гэр бүлийн хүчирхийлэл улам бүр далд хэлбэрт орж явсаар эцэст нь хатуухан хэлэхэд нэг нь шороонд, нөгөө нь шоронд орж, амьдрал дуусдаг. Тиймээс энэ байдлыг таслан зогсооход иргэд, олон нийтийн оролцоо нэн чухал байдаг ажээ. үгүй ядахад илжиг болж жороолохгүй гэж байгаа бол 102, 108, 107 дугаарын утсанд залгаж мэдээлэл өгч, тусламж дуудаж байвал бид хэн нэгнийг аюулаас аварч буй хэрэг гэх ухамсартай болмоор байгаа юм. 
 
Тиймдээ ч манай улсад гэр бүлийн хүчирхийллийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг ЦЕГ-ын судалгаанаас харж болно. 2010-2013 оны судалгаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 эмэгтэй амиа алдсан гэх тоо дурайж байна. 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ. Албан бус судалгаагаар бол нэг хүний цаана багаар бодоход нуугдмал хүчирхийлэлд өртсөн 10 хүн байна гэж тооцдог аж. Ингээд бодоход монголчууд бид гэр бүлдээ амар тайван амьдрах нөхцөл ямар байгаа нь илэрхий. Угаас хохирогч нарын мэдүүлгээс харахад “цагдаа болон бусдад хэлвэл ойр дотны хүнийг нь ална гэсэн” учраас нууцалсан гэх үг дурайж байдаг. Тэгэхээр хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй төдийгүй хохирогч хамгаалуулах эрхтэйг иргэн бүрт ойлгуулах бас нэгэн шаардлага гарч ирж байгаа бололтой. 
 
Нэн шаардлагатай хуулийг “Дэмбэрэлтээд” өнгөрөөчихгүй юмсан 
 
“Дэмбэрэлтэх” гэдэг үгийг бид гэр бүлийн хүчирхийлэл гэдэг үгнээс ч илүү хэлж, мэддэг болсон. Тэгвэл Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг “дэмбэрэлтэж” дуугүй суугаад өнгөрөөмөөргүй байна. “Гэр бүлд хүчирхийлэл байх ёсгүй. Гэхдээ хүчирхийлдэг юм, монголчууд” гээд харсаар суух уу. 
 
Уг нь хоёр жилийн Ерөнхийлөгч нэгэн уулзалтын үеэр “Гэр бүлийн хүчирхийлэгч гэм зэмгүй явдаг цаг өнгөрсөн. Энэ 2013 он бол тэр хүмүүст сүүлчийн он байх болно. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно. Гэр бүлдээ хүчирхийлэл, зовлон учруулдаг хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээдэг болно гэдгийг энд хэлье” хэмээн анхааруулж байв. Тиймээс ч энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд гаарч, олны анхаарлыг дахин татсан. Гэсэн ч хууль нь хэлэлцүүлгийн шатандаа хүлээгдсээр л байв. Энэ хугацаанд хэд хэдэн хүн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, нөгөө хэсэг нь шоронд орж, бүүр зарим нь гэмгүй царайлан нийгэмд амьдарсаар байна. 
 
Мөн саяхан болсон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Өглөөний цай” уулзалтад оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар би санаачилга гаргаж Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, өөрөө үг хэлээд, тулгамдаж байгаа асуудлуудыг ярьж байсан. Бид тохироод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг тусад нь хууль болгож гаргая гэж тогтож байсан. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар болоод Х.Тэмүүжин сайд байхдаа өргөн барьсан. Д.Дорлигжав сайд гарч ирээд буцаагаад татсан. Энэ хууль Эрүүгийн хууль бусад хуультайгаа зохицох, нийцэх ёстой гэсэн. Эдгээрийг нийцүүлээд дахин өргөн барих боломжийг харж байгаа. Яг хэрэгтэй хууль ингээд хойшлоод байгаа. Хойшлоод байхаараа амин сүнс болсон гол заалтууд нь суларчихдаг. Зохицуулалтгүй болдог. Эсвэл алга болдог. Ийм аюул байдаг. Сая нийгэмд шуугиан дэгдээсэн асуудлыг хоёр жилийн өмнөөс яриад, зохицуулалтуудыг нь оруулаад, хийгээд, ингэж анхааръя гээд явсан байсан. Эцсийн шийдвэр болж батлагдаагүй л байна. үүн дээр бүгдээрээ нэгдмэл ойлголтод хүрвэл яасан юм бэ. 
 
Бүр болохгүй бол би УИХ-ын хаврын чуулган эхлэхийг хүлээлгүйгээр өргөн баримаар байна. Хаврын чуулганаар Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулмаар байна. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар бид ярьсаар байгаад Эрүүгийн хуульд нэлээд хэдэн заалт оруулсан. Гудамжинд явж байгаад нэг хүн алгадчихад гэмт хэрэг болж байдаг. Гэтэл гэртээ эхнэрээ зодчихсон байхад ахуйн зөрчил гээд орхидог. Одоо үүнийг аль алийг нь гэмт хэрэг гэж үздэг байя. Эрүүгийн хуульд оруулсан зүйл зарим нь нэлээд бүдэг байгаа. үүнд би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын зарим эмэгтэй гишүүн үүнийг нэлээд анхаарсан байна лээ. Гэр бүлийн хүчирхийлийн асуудлаар сэтгэл зүрх нь өвддөг гишүүд ажлын хэсэгт хамтарч ормоор байна.
 
Эрүүгийн шинэ хуульд хүний эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудал, хар тамхитай холбоотой асуудал маш их бүдэг орсон. Тийм байх юм бол учир утга алга. Эрүүгийн хууль дээр Ерөнхийлөгчөөс өгөх санал байж болно” гэсэн. Түүнчлэн энэ хуулийг Ерөнхийлөгч өөрөө өргөн барихаар болсон. Юутай ч энэ хууль ийнхүү олны анхаарлыг татсан шигээ улстөрчдийг ч яаравчлуулахад хүрсэн нь сайн хэрэг болов ч дахин хэн нэгний амиар сануулга авахгүй байхыг л хүсэхсэн. 
 
Гэр бүлийн хүмүүжил, хуулийн мэдлэг хомс байна
 
Хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарах хэрэгтэй гэж байгаа ч өнөө цагт эцэг, эхчүүд ихэнхдээ цэцэрлэг, сургуульд нь даатгаад орхичихдог. Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд элдэв муу, муухай үг хэлж, нэгнийгээ хазаж, маазжсан тохиолдол бүрт багш нар загнаж, эцэг, эхчүүд өөр өөрсдийн хүүхдээ өмөөрөөд, өөгшүүлээд өнгөрдөг. Угтаа бол хүүхэд маань яагаад ийм муухай үг хэрэглээд байна, хачин үйлдэл гаргаад байна гэдэгт өөрсдөдөө дүгнэлт хийх учиртай. Бид өөрсдөдөө дүгнэлт хийхийн оронд бусдыг буруутгасаар ирсэн нь гэр бүлд хүчирхийлэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн сэтгэл зүйчид үздэг.  Тэр ч утгаараа хүүхдийг бага наснаас нь хүчирхийлэлгүй, зөв хүмүүжилтэй болгохын тулд эцэг, эхчүүд багаас нь анхаарах хэрэгтэй болж байгааг дор бүрнээ ухамсарлах нь зүйн хэрэг. 
 
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд ихэнхдээ хуулийн зөв ойлголтгүй байдаг. Тэр дундаа хохирогчийг хамгаалах тухай хуулийн заалтууд байгааг мэддэггүй. Тиймээс л цагдаад хандахаар хэд хоног саатуулагдаж гарч ирчихээд, буцаж ирээд улам бүр дарамтална гэсэн сэтгэхүйтэй болчихсон учраас тухайн үед нь намжаагаад багахан зодуулахсан гэж боддог болдог гэнэ. 
 
Тиймээс гэр бүлийн хүмүүжил болон энэ талын холбоотой хуулийн талаарх мэдлэг, мэдээллийг боловсролын системд зайлшгүй оруулж өгөх шаардлагатай мэт. Угаас хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй гэдэг ч чухам хэн ямар тохиолдолд өмгөөлүүлэн, хамгаалуулах, шийтгүүлэх гэдгийг мэддэггүйгээс хохирч байгаа иргэд нийгэмд олширсоор байгааг тунгаах нь зүйтэй болов уу. Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг гэдэг. Тэр ч утгаараа хүүхдийн хүмүүжилд хүчирхийлэл болон түүнтэй холбоотой хуулийг багаас нь ойлгуулж, таниулах нь нийгэмд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхээс бага ч атугай сэргийлдэг гэж олон улсад дүгнэдэг ажээ.
 
Эх сурвалж: