sonin.mn
 
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус гэж үзэн шаардах бичиг хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг арилжааны 13 банкны удирдлагууд эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж, асуудлыгэнэ сарын 11-нд Захиргааны хэргийн давж заалдах шүүхээр хянан хэлэлцэж ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан билээ. Энэ талаар ШӨХТГ-ын Эрх зүй, дотоод хяналтын газрын дарга Ж.Хичээнгүйгээс тодрууллаа.
 
-Банкуудын нэхэмжлэл хэрэгсэхгүй болж, ШӨХТГ давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгууллаа. Шүүх хурлын талаар тодруулна уу? 
 
-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг буюу гуравдугаар сарын 11 -нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр ШӨХТГ-аас нэр бүхий есөн банкинд тавьсан шаардлагын эсрэг шүүх хурал болсон. Шүүх хурал банкуудын гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгож, манай талд шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүх тийм ч амар болсонгүй. Дөрвөн цаг үргэлжилсэн. Асуулт, хариулт, мэтгэлцээн гээд нэлээд ширүүхэн хурал болсон. Нэр бүхий есөн банкаас зөвхөн “Хас” банк манай байцаагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүчин төгөлдөр бус гэж маргасан. Дээр хэлсэн давж заалдах шатны шүүхээр улсын
 байцаагчийн шаардлага үндэслэлтэй гэж гарсан.
 
-Банкууд Дээд шүүхэд хандах бүрэн боломжтой шүү дээ?
 
-Банкууд дахиж Дээд шүүхэд гомдол гаргах боломжтой. Дээд шүүхэд гомдол гаргаагүй тохиолдолд иргэд Иргэний хэргийн шүүхээр дамжуулан банкуудад нэхэмжлэл хүргүүлэх боломжтой. Ийн нэхэмжилбэл авсан зээлийнхээ шимтгэл болох нэг хувийг буцааж авах эрхтэй болж байна. Одоохондоо эцсийн шийдвэр гараагүй. Банкууд давж заалдсан ч манайх ялна гэдэгт итгэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр баталгаажсаны дараа банкууд 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй. Тиймээс энэ 14 хоногт хэрхэхийг харж байна даа.
 
-Дээд шүүхийн шийдвэр нөгөө талд гарвал яах вэ. Энэ асуудал нэлээн удаан үргэлжилж байна. Хэзээ дуусгавар болох бол?
 
-Дээд шүүхээс манай талд шийдвэр гарна. Эсвэл давж заалдах шатны шүүх рүү буцаана. Өөрөөр хэлбэл нэг бол эцсийн байдлаар шийдвэрлэгдэнэ. Нэг бол сунжирна гэсэн үг. Бид Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэснийг гол болгож байна. Энэ заалтын хүрээнд ШӨХТГ арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт , хийж, зээлийн үйлчилгээний талаар үнэн байдлыг гуйвуулсан, зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн гэх хууль бус үйлдэл, бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлийн дагуу албан шаардлага хүргүүлсэн. Харин банкууд эдгээр заалтыг зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан. Энэ хэргийн Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Түүнээс өмнө хяналт шалгалтын ажлыг бараг жилийн хугацаанд хийсэн. Ерөнхийдөө хоёр жилийн турш явж байгаа хэрэг шүү дээ.
 
Ц.Заяа
Эх сурвалж: