sonin.mn
Хуулиар ногдуулсан татвараа бүрэн төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, орлогоо дутуу мэдээлсэн гэх мэт олон үндэслэлээр аж ахуйн нэгжүүд татварын албаны шалгалтад бүдэрч, акт тогтоолгон, торгууль хүлээдэг явдал манай улсын хэмжээнд бишгүй бий. Гэхдээ тэд энэ асуудлыг /торгуулиа/ татварын албатай маргаан мэтгэлцээн хийлгүйгээр, даруухнаар төлөөд өнгөрөх тохиолдол бий. Тэр нь Татварын маргаан таслах зөвлөлд хандах. 
 
Хэрвээ татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар тухайн татварын байцаагчийн эсрэг гомдол мэдүүлэх нь эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг талаас татварын байцаагч, нөгөө талаас аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдлагууд Татварын маргаан таслах хурлын танхимд уулзаж, учраа олно гэсэн үг. Энэ зарчмаар өнгөрсөн 2012 оны нэгдүгээр улиралд л гэхэд 30 гаруй компанид холбогдох 400 гаруй тэрбум төгрөгийн татварын маргааныг хянан хэлэлцжээ. 
 
Тухайлбал уншигчдын сайн мэдэх “Петро чайна дачин тамсаг” компани л гэхэд 2012 онд 300 тэрбум төгрөгийн татварын өрийн асуудлаар маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн байдаг. 
 
2012 онд болсон Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нийт маргааны 70 хувьд Татварын алба ялалт байгуулж, татварын байцаагчийн тавьсан акт, торгууль хуулийн хүрээнд байсан бөгөөд, тухайн аж ахуйн нэгжүүд тухайн татварын өрийг төлж, төрийг хохиролгүй болгосон. Харин үлдсэн 30 хувьд нь татварын маргаан татвар төлөгчдийн талд шийдвэрлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээрх 30 хувьд тооцогдсон аж ахуйн нэгжүүдэд акт тавьсан татварын байцаагч нар буруу ажилласан гэсэн үг. 
 
Магадгүй зарим хүн бага хэмжээний татварын маргааныг ингэж шийдвэрлэдэг мэтээр бодож байж болох юм. Гэвч үгүй. Энэхүү шийдвэрийг аль нэг тал эсэргүүцэж байвал Иргэний хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ зарчмаар явж шийдвэрлэгдсэн хэргүүд ар араасаа хөвөрсөн байдаг. Тэдгээр нь олны анхаарлыг ихээр татаж байсан “Иточу” ХХК, “Монгол газар” ХХК, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Орон нутгийн Тавантолгой” ХК зэрэг татвараас бултсан аж ахуйн нэгжүүдтэй холбоотой хэргүүд. Тухайлбал шүүхээс Япон улсын “Иточу” корпораци л гэхэд Монгол Улсад 300 гаруй тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарч байсан.
 
 “Алтан Дорнод Монгол”-ын хувьд 75 тэрбум төгрөгийг энэ жил хүртэл төлөхөөр шүүхээс шийдвэрлэсэн байдаг. Тиймээс татварын маргаан таслах чиглэлээр ажиллаж буй байцаагч нар зөвхөн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилдээ сайн байхаас гадна, хууль, эрхзүйн чиглэлээр ч шилдэг нь байх шаардлагатайг харуулж буй хэрэг. үүний хамгийн сүүлийн жишээ нь “Саусгоби сэндс” ХХК-тай холбоотой хэрэг. үндсэндээ тухайн мэргэжилтнүүдийн дүгнэлт энэ хэргийг ямар байдлаар шийдвэрлэх вэ гэдэг анхны шанг нь татдаг гэсэн үг юм. 
 
“Саусгоби сэндс”-ийн хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх шаардлага байсан уу
 
“Саусгоби сэндс” ХХК-тай холбоотой 35 тэрбум төгрөгийн татварын асуудлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь яах аргагүй олон нийт болон гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаас аргагүйд хүргэж байгаа юм. Түүнчлэн дээр дурьдсанчлан татварын маргаан таслах чиглэлээр ажиллаж буй байцаагч нар эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгээс гадна хууль, эрхзүйн чиглэлээр мэргэших зайлшгүй шаардлага тулгарч байгаа нь энэ хэргээс илт мэдрэгдэж байгаа юм. 
 
Тодруулбал нэлээд хэдэн жилийн өмнөөс “авлига өгсөн гэж” шалгаж эхэлсэн тус компанитай холбоотой хэрэг эцэстээ татварын хэрэг болж 234 тэрбум төгрөгийн талаар яригдаж эхэлсэн байдаг. Харин эцэстээ үнийн дүн нь 35 тэрбум болж буурсныг хүн бүр мэдэж байгаа. Энэ асуудлыг тус компанийнхан болон Саусгоби сэндс ХХК-тай холбогдох хэрэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж буй өмгөөлөгч нь ч баталдаг. Тэдний үзэж буйгаар шинжээчдийн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд компанийг зориуд буруутгах гэсэн санаатай ажиллагаа байсан аж. 
 
Яагаад гэвэл нийт 35.3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх дүгнэлтийн 24.3 тэрбум төгрөг нь буюу 70 хувь нь татвар ногдуулах орлогоо бууруулахын тулд хуурамч өглөг үүсгэсэн гэх “зөрчил”. Энэ дүн нь Саусгоби сэндс ХХК өөрийн толгой компани Саусгоби Ресурс компаниас авсан 693.9 сая ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлсэн дүнд валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн бодит бус алдагдал гэдэг нь баримтаар нотлогдсон байдаг. Сүүлийн жилүүдэд доллартай харьцах төгрөгийн ханш унасаар байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын тушаалын дагуу тайлан гаргахдаа ам.долларыг тухайн үеийн буюу тайлан гаргах өдрийн ханшид шилжүүлэн тайлагнадаг. Валютын зээлтэй бүх аж ахуйн нэгж санхүү татварын тайлангаа энэ журмаар гаргадаг. Толгой компаниас орж ирэх болон тайлан гаргах үеийн ам.долларын ханш өөрч­лөгдсөнөөс төгрөгийн өглөгийн дүнг өсгөж тайлагнадаг. үүнийг хуурамчаар өглөг өсгөсөн гэж үзэж байгаа юм.
 
Бусад 10 тэрбум төгрөгний хувьд бараа бүтээгдэхүүнийг бусдад үнэ төлбөргүй шилжүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгасан байгаа юм. Энэ нь шатсан экскаватор, актлагдаж устгасан дугуй, мөн орон нутгийн хил, гаалийн байгууллагын контор, склад, цэцэрлэг барих, малчдад өвөлжилтийн бэлтгэлд зориулж өвс, нүүрсний үнэ зэрэгт өгсөн мөнгөн хандив юм. Шатсан эксковаторын сэг компанийн хашаанд уурхай дээр байгааг АТГ-ынхан очиж бүртгэл, бичиг баримтыг нь үзээд зургийг нь авч баримтжуулсан. Мөн даатгалын компани эрсдэлийг төлсөн, бүх баримт нь хавтаст хэрэгт нь байгаа аж. Хэрвээ хууль хяналтын байгууллагаас томилогдсон шинжээчдийн багийнхан дээрх баримтуудад тулгуурлан Хуулийн хүрээнд дүгнэлт гаргасан бол өдгөө энэ асуудал Эрүүгийн хуулийн хүрээнд яригдахааргүй байсан гэдэг нь мэдэгдэж буй биз ээ. 
 
Уг нь шинжээч нь дүг­нэлт гаргахдаа мэргэжлийн өндөр ур чадвартай хэнээс ч хараат бус, бие даасан байж, хуульд захирагдах үүрэгтэй байдаг. Харамсалтай нь тэд үүргээ биелүүлээгүй, тэр байтугай “Саусгоби сэндс” ХХК-д татварын хяналт шалгалт хийг­дээгүй, томилог­дсон шинжээчид нь дүгнэлт гаргахдаа санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрэн үзээгүй, анхны шинжээч нь компаний балансыг өөрөө зохиож, түүндээ үндэслэн дүгнэлт гаргасан зэрэг нь шүүх хурлын үеэр нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр “Саусгоби сэндс” ХХК-тай холбоотой хэргийг яагаад заавал Эрүүгийн хуулиар шийдвэрлэхээр зүтгээд байгаа нь хачирхалтай санагдахаас аргагүй байгаа юм. 
 
Эх сурвалж: