sonin.mn

Иргэний нийгмийн идэвхтэн, доктор Л.Баярсайхантай Ноён уул болон Урт нэртэй хуулийн талаар ярилцлаа.

-Монголчууд Ноён уулаа ухуулахгүй гэж тэмцэж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Уул бол ариун нандин юм. Олон жил уул хадаар аяллаа. Сүсэг бишрэлтэй нэгний сүм хийдийг ухвал яах вэ, би тэгж хүлээж авсан. Уул уурхайн нөхөн сэргээлт гэж байдаггүй, зөвхөн өнгөлөн далдлалт бий гэж боддог. Ноён уул бол байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, олон амтай, ам болгоноос нь гол горхи урссан, гол усны эх сав газар. Бид очоод байдалтай нь танилцаж, “Сентерра гоулд” компани, Гацууртын ордыг үзсэн. Уурхай эхлэхэд бүх юм бэлэн болсон байна. Хэрэв энд уурхайн ажил өрнөвөл байгалийн өвөрмөц тогтоцтой газарт нөхөж баршгүй хохирол учрах нь маргаангүй юм. Эхнээс нь энэ сайхан уулаа дархалж улсын хамгаалалтад авахгүй яагаад өдийг хүртэл байлгаад байв аа гэдэг асуулт гарна.

Газар нутгийн хэдэн хувийг лицензээр зарсан тухай яриад юу гэхэв. Ард түмний өмчийг эрх мэдэлтнүүд луйвардсан гэж шууд хэлэх хэрэгтэй. Эхнээсээ хууль зөрчиж, өөрчилж хийсэн тул ажил хэвийн явдаггүй. Улсын төлөө биш, нам гэдэг эдийн засгийн бүлэглэлд, хувьдаа ашиг олохоор уралддаг учраас ямар ч баян орд ашиглаад иргэдэд хүртээлгүй, бизнесийнхэн ч учраа олдоггүй. Ийм зорилгоор Ноён уулын алтыг хэдийнэ лиценз нэрээр зараад идчихсэн, одоо ухуулахаас өөр сонголт үлдээгүй юм шиг санагдсан. Эрх мэдэлтнүүдийн луйврын төлөөсийг ард түмний өмчөөр төлөх ёсгүй юм. Тэгэх тусмаа Ноён уул шиг бүх монголчуудын язгуур гарвалын баталгаа болсон түүхэн дурсгалт газрыг наймаалах эрх ямар ч Засгийн газарт байх ёсгүй.

-Энэ асуудалд гадаадын хөрөнгө оруулагчдын байр суурь чухал байна. Тэдний “нүүдлийн хүү” нь хэн байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газартай гэрээ хийж ашиг олохын тулд ажилладаг. Үнэндээ төр засаг нь төр шиг байгаад, гэрээ шиг гэрээ хийгээд ажиллах ёстой юм. Тэрнээс гадаадын хөрөнгө оруулагч гээд муугаар дуудуулж, бас сургууль, цэцэрлэг бариад байх албагүй.  

“Нүүдлийн хүү” гэвэл намаар зангидсан Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд. Үйл болгон мөртэй, үйлдэл болгон эзэнтэй. Өнөөгийн Төр засаг Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллахгүй болсон, ажиллахаасаа өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна.

-Та Киргиз улсын жишээн дээр Ноён уулын асуудлыг хөндөж бичсэн байсан. Манайхтай ижил төстэй юу байв?

-Киргизэд “Сентерра гоулд” компани дэлхийд гуравт орох том алтны ордтой. Би эмч хүн. Гэхдээ улс орны асуудал тулахад судлахгүй сэдэв гэж үгүй юм шиг байна. Их өрөнд унагадаг, иргэдийг ядраадаг, тэгээд чухам хөрөнгө оруулалт, уул уурхай л аварна гэдэг тархи угаалт их явуулсан нь ихээхэн танил байна.

Өнөөдөр Киргиз улс Кумторын ордын 235 тонн алтаа “Сентерра гоулд”-д тавиад туучихсан, нэмээд 500 тонн алтаа өгөх болчихсон. Эцэст нь өөрөө 3.4 тэрбум ам.долларын өрөнд орчихсон сууж байна. Төдөлгүй Тажикистан шиг газраа зарах вий.

Энэ луйврын гэрээг цуцлах даалгаврыг парламент нь таван удаа өгөөд нэмэр алга. “Ата Мекен” фракцын гишүүн Омурбек Текебаевын мэдэгдсэнээр “Сентерра гоулд” энэ улсад олон парламент, Засгийн газрыг огцруулсан ба ямар ч засаг гарсан хүүхэлдэй болдог. Хэвлэл мэдээллийг хяналтдаа авчихдаг, шүүмжилсэн гишүүдийг “популист”, ард түмний дайсан гэж харагдуулдаг гэнэ. Тэрээр одоо “Кумтор” ордын гэрээг хүчингүй болгох хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Засгийн газраа бас огцруулна гэнэ. Төстэй байгаа биз.

Ийм их алттай, тав гаруйхан сая хүн амтай Киргизийн нэг хүнд ногдох ДНБ нь Монголынхоос тав дахин бага байна.   

-“Сентерра гоулд” компанийн булхайтай бодлого улсыг сүйрүүлж буй талаар та бичсэн байна лээ. Монголд бас тэр аргаараа хандаж байна уу?

-Уг нь 1992 оны анхны гэрээгээр Киргиз Улс Кумтор ордынхоо 70 хувийг, Канадын тал 30 хувь эзэмшинэ гэж боломжийн сайн гэрээлсэн боловч татвараас чөлөөлөх бодлого, 2003, 2004 оны “Алт” хөтөлбөрийн бүтцийн өөрчлөлтийн гэрээ, “Сентерра гоулд” компани байгуулах, мөн Монголын Бороо ба Гацууртын орд орооцолдсон наймааны эцэст өнөөдөр Кумтор үндсэндээ “Сентерра гоулд” компанийн эзэмшилд шилжжээ. Монголын Ноён уул Гацууртын орд хэдийнэ борлогдчихсон юм шиг сэтгэгдэл төрсөн. 2004 онд Киргиз улсын хяналтгүй Камекогийн саналаар Бороо ба Гацууртын алтны ордын активыг 58.9 сая ам.доллараар хэт өндөр үнэлж авсан гэж алдагдлын шалтгаанаа тоочсон нь Киргизийн Засгийн газрын улсын комиссын “Кумтор Оперейтинг Компани”-ийг шалгасан 2013 оны тайланд бас дурдсан байна лээ.

-Энэ компани булхайгаа хуулийн дагуу хийдэг буюу “лобби” хийх тал дээр супер туршлагатай гэж та бичсэн байсан. Манайд энэ туршлагаа ашиглаж байхад төрийн түшээд мэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд байна уу?

-Гацууртын ордод эхлээд 50 тонн алт яригдсан, дараа нь 70 болсон, саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С1 телевизээр ярихдаа 90 тонн гэх шиг боллоо. Тэнд маш их алт байгаа нь илт. Ноён уул бүхэлдээ лиценз болж зарагдсан. Гацууртын орд зөвхөн нэг хэсэг нь. “Сентерра гоулд” 13 мэхээ хийсэн нь ойлгомжтой. Нэг эхэлбэл зогсохгүй биз.

Киргизийн гайтай шинэчлэлийн гэрээг 2003 онд баталсан Байгаль орчны сайд асан Темирбек Акматалиев ба Сангийн сайд асан Болот Абилдаев нар Кумторын алт авлигын хэргээр гэмт хэрэгт татагдсан боловч үйлдсэнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн гэх тайлбараар хэргийг хэрэгсэхгүй болж хариуцлагаас мултарсан. Засгийн эсрэг босохгүй бол засаг чамайг өршөөнө гэгчээр эх орноо хохироогоод цайрна гэдэг энэ. Тус гэрээгээр “Кыргызалтын”-ы эзэмшлийн 66,67 хувь 33 болж навс буурсан. Одоо зөвшөөрлийг  нь 2026 он хүртэл сунгаж, Кумтор орчинд хайгуул хийх, дахин 200 тонн алт олборлох лицензийг “Сентерра гоулд”-д олгочихсон байна. Дээр үед зөвлөлтүүдийн тодорхойлсон 850 тонн алт урсаж гарах үүд хаалга нээгджээ. Манайх яг л араас нь орчихоод нэг загвараар яваад байна.

-Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан 2.3, 6.1.6 заалтууд Монголд бус гадаадын компанид ашигтай тусч байгаа гэх юм?

-Монголд одоогийн эрх мэдэлтнүүдийн зүтгэлээр Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 2.3-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж дээрх хуулийн луйвартай утга адил өөрчлөлтийг оруулж мөн 6.1.6-д ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар гэж тусгай шинэ газрын сангийн ангилал үүсгэхээр оруулсан нь Монголын газар шороо, байгалийн баялгийг самруулах нөхцөл бүрдүүлж байгаа юм. Ийм хууль батлагдаад, ийм газрын сантай болчихвол Киргизтэй адил нөхцөл үүсэхгүй гэх баталгаа алга. Тэгвэл Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан бусад хууль тогтоомж саад биш болно. Арай ч ийм өөрчлөлтийг УИХ-ын гишүүд батлахгүй болов уу гэж найдах юм.

-“Ноён уулыг “Сентерра гоулд”-д самруулахыг дэмжигч бол их мөнгө, том бизнесийн золиосны хүн байж болох юм. Харин Монголын төлөө цохилох зүрхтэй хүн хэзээ ч биш” гэж та олон нийтийн сүлжээнд бичсэн байна лээ?

-Өөр юу гэх вэ. Монгол Улсын Засгийн газрын өөрийнх нь өгсөн албан мэдээгээр 1.5 тэрбум ам.доллар зарж 1.7 тэрбум ам.доллар олно, ашиг нь 200 сая ам.доллар, түүний 20 хувь буюу 40 сая ам.доллар ч юм уу, нэг тонн хүрэхгүй алтны төлөө 70, магадгүй 90 тонн алтаа эхний ээлжинд алдахаар улс оронд бараг ашиггүй гэж болохоор бизнесийг дэмжээд байгаа хүн бол манай талын хүн биш. Хэрэв тэр хүн нь улс төрийн эрх мэдэлтэн бол урвагч гэж хэлэхээс өөр үг олдохгүй. Өөр улсад бол ийм илт дээрмийн шинжтэй наймааг шууд зогсоож, буруутанд хариуцлага тооцох байсан биз.

-Энэ бүгдийг хянаж хязгаарладаг, засч залруулдаг субьект, институт Монголд алга гэж үү?

-Миний хувийн бодол бол ямар ч их алт ам.долларын төлөө байсан ч сайхан уулыг хэнээр ч ухуулж төнхүүлж болохгүй. Улс дархалж цаазлан хамгаалаасай. За, тэгэхээр хувиараа алт олборлогч нарын үүд хаалгыг нээж байна, нураагаад өгнө гэж сүржигнэх юм. Луйврын гэрээ хийж бүх нийтийн өмчийг зарахаар завдах үед ийм нөхцөл байдал, зөрчилдөөн үүсгэж, шийдвэрлэх ганц зам нь гадны уурхай оруулах мэтээр олны тархи угаадаг нь бусад оронд хэрэглээд ирсэн хуучны арга юм. Хаана хувиараа олборлогч нарыг замбараагүй байлгаад байна тэр газар удахгүй гадны мэдэлд очино гэж таамаглаж болно.

Яг дор нь булш байгаа юм уу гэнэ. Яагаад Ноён уул гэсэн юм бэ. Тэр ууланд дээдсийн ариун цогцос шингэсэн баримт хангалттай биш үү дээ. Бүхэл бүтэн улс үндэстний язгуур гарвалтай хамаатай чухал хэргийг нэг, хоёр хэмжээсээр харж болохгүй. Бүх юм хоорондоо учир холбоотой, үр дагавартай. Өнөөдөр эрх мэдэлтний луйврыг нууж, тэдний хийсэн хямрал, өр ширийг шийдэхээр уулаа ухаад байлаа гэе. 100-200 жилийн дараа монголчууд хаана, хэнээс хэн болсноо гэрчлэх төрсний гэрчилгээгүй болчихсон явах вий.

Гадаадын хөрөнгө оруулагчид улс орноо худалдсан дөрвөн жил болоод зүсээ хувиргадаг нөхөдтэй биш, харин тогтвортой төр, түмнээ бодсон засагтай хамтарч ажиллахыг хичээмээр байна. Өнөөдөр ард түмнээ мэхлэж байгаа увайгүй улстөрчид, маргааш ямар ч хөрөнгө оруулагчийг мэхлэх нь тодорхой юм.

-Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд Монголын байгалийн баялгийг нээж өгсөн. Нээхийн тулд асар их хөрөнгө зарсан шүү дээ?

-Нөгөө л гадаадын хөрөнгө, уул уурхайгүй хөгжихгүй гэдэг шиг капитализмын дээд шат имперализм буюу түүний өнөөгийн хэлбэр либерал глобализмын түгээмэл суртал ухуулга. Эрт үеэс монголчууд хаана, юу байгаагаа маш сайн мэддэг, хаанаас юуг олборлох үгүйг хууль цаазаараа журамласан ард түмэн. Авах ёстой газраасаа алтаа авч гоёл чимэглэлээ хийж, харин ч нэг хүнд оногдох алт, мөнгөн чимэглэлээр дэлхийд тэргүүлж явсан.

Энэ Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Төмөрт, Алтат, Нүүрст, Тост гэх мэт байгалийн баялгаар оноосон олон нэр томьёо 1990 оноос хойш гэнэт гараад ирээгүй юм шүү.

XVIII зуунаас эхлэн алтны нөөц, усны сав газар, бэлчээрээ хамгаалж ирсэн.

-Улс орноо буруу удирдаж, буруу бодлого явуулсных нь төлөө сайдуудыг албан тушаалаас нь огцруулдаг. Энэ нь ял шийтгэлээс мултрах зальт арга гэсэн таны үг бас анхаарал татаж байна?

-Алтан дээр суусан гуйлгачин гэнэ. Өөрийгөө гуйлгачин гэж нэг бодсон хүн яаж ч баян болсон гуйлгачин шиг л байдаг юм. Тогтолцоо нь буруу байхад юуг ч огцруулаад онцын ялгаагүй. Харин ч зөв буруугаа тайлагнах байсан этгээд завшиж, гэм шийтгэлгүй амардаг, гадаадад гардаг. Төрийн өндөр эрх мэдэлтэн буруу зүйл хийсэн, улс орныг хохироосон гээд огцорсон бол даруй зохих шийтгэлээ эдэлж байвал сая хариуцлагатай зөв тогтолцоо руу шилжих цорын ганц нөхцөл бүрдэх юм. Өөрсдөө төлж чадахгүйгээ мэдсээр байж зээл авах нь хэнийг барьж өгнө гэж. Газар бол улсын өмч, байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Эрх мэдэлтний луйврыг энэ өмчөөр төлөх үү. Зөвхөн өршөөлийн хууль нэртэй цагаандаа гарсан хууран мэхлэлтийн төлөө хариуцлага тооцвол зохино гэж бодох юм. Ямар хуулийг хэн оруулж, хэн батлаад байна. Ямар ордыг хэний зүтгэлээр хаашаа алдаад байна гэдгийг иргэд хянаж хариуцлага тооцохоос өөр зам үгүй. Өмчийн эзэн нь иргэд шүү дээ.


Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин