sonin.mn

 

Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд “Дэлхий нийтийн замын хөдөлгөөний аюулгүй байлын 7 хоногийн аян”-ыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил уг арга хэмжээ нь “ХҮҮХЭД БА ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдвийн дор 5 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд дэлхий даяар явагдах гэж байна. Энэхүү ажлын хүрээнд “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХҮҮХДИЙН ТУНХАГ”-т 100000-аас доошгүй дэмжигчээр гарын үсэг зуруулан тус арга хэмжээний өдрүүдэд төрийн удирдах хүмүүст гардуулан өгч хүүхдийн аюулгүй байдлын төлөө шийдвэр гаргуулах зорилготой ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Иймд “Та” бүхнийг уг тунхагт нэгдэж хүүхдийн аюулгүй байдлын төлөө саналаа өгөхийг уриалж байна. “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХҮҮХДИЙН ТУНХАГ” Юуны учир дэлхий даяар өдөр болгон мянга мянган хүүхэд амь насаа алдаж гэмтэж байна вэ? Учир нь тэдний аюулгүй байдлыг хангуулахын төлөө авч байгаа арга хэмжээ хангалтгүй байна. Биднийг манлайлагч, улстөрчид, тэргүүлэгч “Та” бүхэн хүүхэд бидний үгийг зайлшгүй сонсож үйл хэрэг болгож эхлээч. Иймд хүүхдүүд ээ! Ирээдүйд бид дуу хоолойгоо хүргэх боломжтой боловч энэ цаг үед тэр боломж нь “Та” нарын гарт л байна. Хойшлуулшгүй арга хэмжээ авахгүй бол олон хүүхэд дуу хоолойгоо хүргэх насандаа хүрч чадахгүй нь байна. Биднийгээ дагуулж яваа томчууд та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааны энэхүү уриалгыг дэмжихэд одоо л туслалцаа үзүүлж чадах билээ. Бид бүгдээрээ зам, замын орчинд аюулгүй байх эрхтэй. Хүүхдүүд амар тайван сургуульдаа явж байхын тулд ЗАМ АЮУЛГҮЙ байх хэрэгтэй. Бидний сургууль руугаа очих зам нь хаа сайгүй явган хүний болон унадаг дугуйн аюулгүй замтай, бидний сургуулийн орчимд тээврийн хэрэгслийн хурд сааруулах хиймэл байгууламжтай, явган зорчигчийн аюулгүй гарцтай байж, ингэснээр айх аюулгүй, осол эрсдэлгүй хичээл сургуульдаа явдаг байхыг хүсч байна. Манай дэлхийн хаана ч бай хүүхэд тээвэрлэж буй БҮХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ нь аюулгүй байхыг бид уриалж байна. Бүх машин, автобус нь хамгаалалтын бүсээр тоноглогдсон байвал зохино. Хүүхдүүд насанд хүрэгчдийн хамт мотоцикл болон мопедоор зорчихдоо тэдгээрийг болзошгүй ослын үед хамгаалж чадах хамгаалах малгайтай байх ёстой. Хамгаалах бүс малгай хэрэглэх нь амь насыг хамгаалдгийг бид мэднэ. СОГТУУРУУЛАХ УНДАА хэрэглэж автомашин жолоодох нь аюултай, ХУРД ХЭТРҮҮЛЭХ нь мөн л аюултай. Хүүхдэд санаа тавьдаг хүмүүс болон ер нь хэн ч байсан, хэзээ ч ийм үйлдэл хийх ёсгүй. Хурд хэтрүүлдэг, жолооны ард согтуурдаг хүмүүсийг хазаарлаж биднийг хамгаалахын тулд цагдаагийнхан илүү ихийг хиймээр байна. Бид эцэг эхтэйгээ амарч зугаалж байхдаа ч, найз нөхөдтэйгээ тоглож байхдаа ч, сургуульдаа явж байхдаа ч цаг ямагт аюулгүй нөхцөлд байх ёстой. Хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой хууль дүрэм нь батлагдсан, тэдний дуу хоолойг сонсч хүлээж авсан, хүүхэд нэг бүрийн төлөө дэлхий нийтээрээ замын аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авагдсан байх ёстой. Зам дээр амь насаа алдах явдалтай тэмцэх асуудлыг дэлхийн хөгжлийн зорилтод оруулж өгөхийг бидний тэргүүлэгч, манлайлагч болсон Та бүхэндээ уриалж байна. Хүүхдүүд бид манай гаригийн хаана ч бай, анд нөхөддөө, гэр бүлдээ, өөрсдөдөө ч замын хөдөлгөөнийг аюулгүй байлгахыг хүсэн хүлээж байдаг билээ. Бид чинь хүүхдээрээ байгаа болохоор бидний дуу хоолой тэр болгон сонсогдож хүрдэггүй. Тиймээс цаашдын арга хэмжээ авахад “ТОМЧУУД” та нарын туслалцаа бидэнд хэрэгтэй байна. Та бүхэн замыг аюулгүй байлгахад тусалснаар бид хойч үедээ зөв үлгэр дуурайлал үзүүлж чадах болно. Биднийг сонсож, бидний төлөөх энэ үйл хэргийг хэрэгжүүлж, хүүхдүүдийнхээ амь насыг хамгаалцгаая. УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР