sonin.mn

Өнгөрсөн  амралтын өдрүүдэд бөх Г.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших болон хэсэг нацистууд Бурхан Халдун ууланд хадаг барин мөргөхөөр явсан БНХАУ-ын иргэн хэсэг ӨвөрМонголчуудыг дарамталж, буцаасан билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан албан ёсоор байр сууриа илэрхийлсэн юм.

 

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл : “Өнгөрсөн өдрүүдэд фэйсбүүк, цахим сайтуудаар Бурхан Халдун ууланд  жуулчилж явсан урд хөршийн Өвөрмонгол иргэдийг хэсэг монгол иргэд албадаж нэлээд зохисгүй үйлдэл гарган хууль зөрчиж, бүдүүлэг авирласан байна. Би үүнд та бүхнээс хүлцэл өчин уучлал гуйхаар өнөөдөр уулзаж байгаа юм. Энэ үйлдэл бол үнэхээр зохисгүй, бүдүүлэг явдал болсон. Манай Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт “Хүний эрх эрх чөлөө” гэсэн заалт бий.

 

 

Гэтэл зарим нэг ухар мөчид бодолтой иргэдээс болж зохисгүй үйл явдал болсон байна. Тэдгээр иргэд Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зохисгүй үйл ажиллагаа байсан гэдгийг би зориуд хэлье. Зарим нэг ийм нүүрээ нуусан эх орончид хууль бус үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Та бүхэн анзаарсан байх тэд өөрсдийгөө эх орончид гэдэг ч бичлэг, гэрэл зурагт нүүрээ нуун гарахгүй байгаа. Манай нийслэлчүүд ийм найрсаг бус харилцаа гаргадаггүй. Бид ийм найрсаг бус харилцаа гаргадаг иргэдийн өмнөөс ичиж байна. Би та бүгдээс уучлал хүсч байна.  Эдгээр үндсэн хууль бол бусад хуулийг зөрчсөн хүмүүст хуулийн хариуцлага ноогдуулна.

 

Тиймээс бид цаашид ийм үйлдэл гаргуулахгүйн тулд өөрсдийн бололцоо хүч чадлаа дайчлан ажиллах болно. Манай нийслэл Улаанбаатар хот бол “найрсаг” хот. Таван тивийн бүхий л иргэдийн ирж аялаарай хэмээн уриалах найрсаг хот байна. Найрсаг зан чанар бол монголчуудын брэнд. Бид энэ брэндээ алдахыг хүсэхгүй байна” хэмээв.

 
Харин Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны дарга Л.Баатар энэ тухай : “Энэ хэрэг фэйсбүүк, V chat гээд өргөн хүрээнд тарсан. Манай нутгаас олон хүн бидэнд хандан энэ асуудлын талаар асууж байсан. Тэрхүү хохирогч залуу ч бидэнд хандан энэ хэрэгт харамсаж, гомдон, сэтгэл гутарч нутагтаа ирсэн тухайгаа дуулгасан. Өнөөдөр Монголыг дэлхий даяар мэднэ. Аялал жуулчлал хөрөнгө оруулалтаар манай иргэд монголд ажиллаж, жуулчилж байгаа. Энэ мэт мэдээллүүд Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаад бид харамсаж байна. Монголын брэнд Чингис, түүний энэ сайхан орныг шүтэж ирсэн жуулчид хэдийн сайн мэднэ. Өвөрмонгол, Ордост байгаа Чингисийн онгонд олон улсын жуулчид болон монголын иргэд олноор очиж байгаа. Монголын Бурхан Халдун уул, Өвөрмонгол дахь Чингис хааны онгон энэ бүхэн монгол үндэстний өв, өмч, хэзээ ч баларшгүй түүхэн дурсгалт газрууд юм. Үүнийг шүтэж, мөргөж, дээш нь өргөж байгаа нь сайн хэрэг. Тиймээс үүнийг шүтэх, хүндэтгэх иргэдийн эрхийг хязгаарлаж болохгүй юм. Энэ хэргийн дараа нийслэлийн дарга Э.Бат-Үүл өөрийн биеэр бидэнтэй уулзаж, уучлал гуйж байгаад бид маш их баяртай байна. Бид таны хэлсэн үгийг хохирогч залууд болон Өвөрмонголчуудад дамжуулна. Төр засгаас энэ хэрэгт анхаарал хандуулж шийдэх юм бол энэ хэргийн сөрөг нөлөө багасна. Тиймээс байдал цаашид сайжирна гэж би найдаж байна. Бидний зүгээс энэ хэргийн тухайд ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа гол нь бус хүмүүсийн ухамсар, ойлголтын хүрээнд энэ асуудлыг сурталчилж өгвөл сайн байна. Тухайн хохирогч ч гэсэн үүнийг хүсэж байгаагаа бидэнд хэлсэн. Бид цаашдаа зөв талаас нь сурталчилан түгээх тал дээр хамтарч ажиллах болно” гэсэн юм.