sonin.mn
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд  2015 оны 03 дугаар сарын 02-ноос 04 дүгээр сарын 02-ны хооронд 275 барилга, байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн юм.
Шалгалтын дүнгээс үзэхэд барилга, байгууламжийн чанар, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг “Эм Си Эс проперти” “Номин констракшн” “Эрин констракшн”, “Бутангууд констракшн” автозамын “Эсто” ХХК сайн хангаж байна.
Өргөх механизмын угсралт, ашиглалтын дотоодын хяналтыг хэрэгжүүлэх түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрэлт Импэкс”, “Зуншин”, “Хюндэй Элеватор Монгол”, “Шримэкс” ХХК өргөх механизмыг угсарч ашиглахдаа мэргэшсэн баг, хяналтын инженер, хөдөлмөр хамгааллын инженер ажиллуулан, дотоод хяналтын систем нэвтрүүлж осол аваар гарах эрсдэлийг бууруулжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай, Дорноговь, Өмнөговь, Ховд аймагт барилгын материалын нэгдсэн лабораторийн барилгыг шинээр барьж, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж эхэлсэн нь орон нутагт барьж буй бүх барилгын чанарт нөлөөлөх нөхцлийг бүрдүүлсэн байна.
Жил бүр орон сууцны ашиглалтын хугацаа дууссан болон ЭМСЯ-ны харьяа эмнэлгүүдийн 100 гаруй лифтийг шинэчлэж байгаа нь техник ашиглалт, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болжээ хэмээн шалгалтын хэсэг үзлээ.
Цаашид аж ахуйн нэгжүүд:
1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардлыг төсөвлөж зарцуулах, барилгын үйлдвэрлэлийн талбайн орчинд байх аюулгүйн бүсийн хилийг тогтоож аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа барилгын ажлыг эхлүүлэх, дотоод хяналтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж чанд мөрдөх
 
2. Барилга байгууламжийн зураг төсөл, угсралтын ажлын явцад хийх захиалагч , зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч болон дотоод хяналт шалгалтыг тогтмолжуулах
 
3. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйл, ажил олгогчийн эрх, үүргээр хүлээсэн шаардлагуудыг хэрэгжүүлэх, ажлын талбайн аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх
 
4. Өргөх зөөх машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага дохиоллын систем бүрдэл хэсгийн /ажлын байр, орц, гарц, шат, хашлага, хамгаалалт/ ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах
 
5. Ажиллагсдыг ажлын тусгай хувцас, чанарын шаардлага хангасан өндрийн бүс, ослын татлага, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй бүрэн хангах, хэрэглэж хэвшүүлэх
 
6. Барилга угсралтын ажлыг аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан мэргэжлийн ажилчнаар гүйцэтгүүлэх
 
7. Үйл ажиллагааны нийт зардлын нэгээс доошгүй хувь буюу “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/-ийн барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх нэмэгдэл зардлын жишиг нормд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг төсөвлөж хэрэгжүүлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.
 
Дээрх зөвлөгөөг бүрэн биелүүлснээр осол, аюул, хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх боломжтой юм.