sonin.mn
Манай улсад эрүүдэн шүүх ажиллагаа улам их гаарч байгаа талаар албаныхан онцлон хэлж байх юм. 
Энэ нь ч үнэний ортой. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-т маш олон гомдол санал ирсэн байдаг юм билээ. Энэ нь голдуу эрүү шүүлт тулгаж дарамталсан гэх асуудал. Тодруулбал, өнгөрсөн онд хүний эрхийн комисст эрүүдэн шүүхтэй холбоотой 710 гаруй гомдол ирсэн байна. 
Түүний 330 буюу нийт гомдлын 45 хувийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, ялтан нараас ирсэн гомдол эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Цагдан хорих газарт хоригдож байгаа сэжигтэн болон яллагдагч нарт хилс хэрэгт эрүүдэн шүүлтийн хэрэгт гүтгэгдсэн нь 65 хувийг нь эзэлж байгаа бол эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа нь 22 хувь эзэлж байгаа гэнэ. Түүнчлэн хугацаа хэтрүүлэн хорьж байгаа нь нийт гомдлын 8 хувийг эзэлж байгаа бол өвчний учир ялаас чөлөөлөгдөх гомдол 2 хувь, батлан даалтад гарах гомдол 3 хувийг нь эзэлсэн байна. Тэгвэл улсын ерөнхий прокурорын хийсэн судалгаагаар 2014 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 26 гомдол ирсэн байгаа аж. Гомдлыг нягталж үзэхэд 50-аас дээш хувь нь эрүүдэн шүүх ёстой хүмүүс биш байсан гэж үзжээ. Мөн иргэдийг сэжигтнээр баривчлах ажиллагаа хүний эрхийг зөрчиж байгаа төдийгүй тэдний хэрэг шийдвэрлэгдэхгүй удах, удаан хугацаагаар хорих, эргэлт уулзалт авах эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа гэнэ. Хамгийн ойрын нэгэн жишээ дурьдахад өнгөрсөн оны есдүгээр сард “АПУ” компанийн гэрээт борлуулагч “Ариун алтан тэвш” компанийн борлуулагч Б.Алтанхуяг гэх залуу бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрээр тухайн үед Хонхороос Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тараах гэж явахдаа ор сураггүй алга болж 15 хоногийн дараа түүний цогцосыг нэгэн уурхайгаас олж байсан билээ. Ингээд энэ хэрэгт Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгчийг сэжиглэн баривчилж түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91.2.1-т зааснаар хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөг хүртэл саатуулж байгаа. Тэгвэл энэхүү хэрэгт сэжигтнээр татагдан, цагдан хоригдоод буй П-ийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Сэжигтэн П-ийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд үйлчлүүлэгчээ хэрэг үйлдээгүй, хэлмэгдэж байгаа гэсэн бөгөөд цагдаагийн байгууллага П-г эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн ярьсан юм. Харин П-ийн эхнэр Б.Отгонханд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг үйл явдал болоогүй. Намайг тухайн үед машиныг нь Төв аймагт аваачсан, дотроос нь миний үс олдож сэжигтнээр татан байцааж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ бүгд худлаа. Гэтэл цагдаагийн байгууллага намайг болон миний нөхрийг гэмт хэрэг үйлдсэн юм шиг мэдээлэл түгээж, нэр хүндийг минь гутааж, миний сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчлөө.” гэсэн юм. Ямартай ч сэжигтэн П-гийн ар гэрийнхэн мөн цагдаагийн байгууллагыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэж байна гэлээ. 
Тэгвэл энэхүү хэрэгт гэрчээр байцаагдаж буй Налайх дүүргийн иргэн Дэлгэрцэцэг, Б.Отгонцэцэг нарыг мөн л мөрдөгч нар эрүүдэн шүүж хэрэг тулгаж байжээ. Тодруулбал, Дээрх хоёр бүсгүй болсон үйл явдлын талаарх мэдээллийг “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнд гаргаж тэдэнтэй цуг сэтгүүлчдэд өнгөрсөн сарын 16-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлан дараах зүйлийг ярьж байсан юм. 
Хөдөлгөөнийхөн хэлэхдээ “Өнгөрсөн нэгдүгээр сард Б.Отгонцэцэг, Г.Дэлгэрцэцэг нар цагдаагийн алба хаагчид гэрчийн мэдүүлэг авахдаа биед нь халдсан талаарх гомдлыг бидэнд ирүүлсэн. Энэ асуудлаар бид Улаанбаатар хотын цагдаагийн газар болон, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзахаар очсон. Биднийг удирдлагууд нь хүлээж аваагүй. Харин дээр хоёр байгууллагын хэвлэлийн ажилтнууд нь хүлээж авч, уулзсан. Тэдэнд учир байдлаа хэлсэн ч хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хоёр байцаагчийнхаа нэрийг нийтэд зарлаагүй. Тэд хэлэхдээ “Хэрэг прокурорт шилжсэн. Хэрэв мөрдөн байцаах үйл явцтай холбоотой нотлох баримт байгаа бол прокурорт гомдол гаргах хэрэгтэй. Нотлох баримт үндэслэлтэй бол нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой” гэсэн. Үүнээс гадна хоёр гэрч эмэгтэйн өргөдөл, нотлох баримт болох бичлэгийг дарга нартаа өөрсдийн биеэр өгнө гэдгээ дамжуулсан” гэж ярьж байсан. 
Энэ мэтээр манай цагдаа нарын дунд мэр сэр хүний эрхэнд ноцтойгоор зөрчиж буй олон асуудал байгаа. Мэдэгдсэн нь л энэ болохоос биш маш олон хүн хохирч байсан тохиолдол өмнө нь ч гарч байсан түүхтэй. Эрүүдэн шүүх бусдад гэмт хэрэг тулгах явдал нь өөрөө гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, мөрдөгчид гарсан хэргийн нэг сэжүүрээс нь барьж аваад түүнийгээ баталгаажуулахын тулд илрүүлдэг олон арга байдаг юм билээ. Товчхондоо, Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүх ажиллагааны ямар хэлбэр зонхилдог , иргэдээс ирүүлсэн өргөдлөөс нэр дурдахгүйгээр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Бичиг үсэг мэдэхгүйг нь далимдуулж гарын үсэг зуруулдаг”, “Чамайг шоронд хатаана”, “Эхнэртэй чинь шоронд хийнэ.” Хэргээ хүлээхгүй бол чамайг цонхоор шидчихээд өөрөө үсэрсэн гэж хэлнэ”, “Өвчтэй ээжийг чинь шоронд хийнэ шүү гэж тулгадаг” гэх зэрэг мэдээллүүд ирдэг гэсэн. Соёлтой орны мөрдөгчид хэрэг илрүүлэхийн тулд уг хэргийн эргэн тойрныг нь судалж, хөдөлшгүй нотлох баримтыг үндэслэн буруутныг олж тогтоодог. Харин манайхны шилдэг арга бол хамгийн түрүүнд өөрийг нь барьж аваад өөрөөр нь яриулах. Эсвэл бусдаар яриулдаг. Тиймээс эрүү шүүлтээс ангид байх, эрүү шүүлтийн эсрэг байхыг олон улсын хүний эрхийн байгууллагууд нэхээд, шаардаад байгаа нь цаанаа учир холбогдолтой. Энэ тал дээр их хатуу байр суурьтай байж, хүн гэдэг талаас нь хандах ёстой. Гэтэл энд нэг мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн нэр гарахгүй. Харин Монгол Улсын Засгийн газар ийм үйл ажиллагаа явуулдаг гээд олон улсад хардагддаг. Эдгээр нь үнэн гэж хүлээн зөвшөөрөх, эсхүл худлаа гэж батлах зорилго алга. Ямар ч гэсэн ийм дохио энэ хүмүүс өгөөд байна. Энэ үйл ажиллагааг эрхэлдэг төрийн албан хаагчид дүгнэлт хийгээсэй л гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм” гэсэн. Ямар­тай ч энэхүү эрүүдэн шүүх­­тэй хол­­боотой асууд­­лыг хаврын чуулганаар хэлэлцэх, эрүүдэн шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнд хүний эрх зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцдог байх зэрэг зөвлөмжийг хүний эрхийн үндэсний комиссоос гаргаад байна. Хэрвээ энэхүү асуудлыг холбогдох газрууд нь авч хэлэлцвэл эрүүдэн шүүлт тулгаж буй төрийн албан хаагчдад хариуцлагын механизм гэж нэг зүйл яригдаж эхэлвэл ядаж л хүний эрх зөрчиж байгаа болчимгүй зарим нэг байцаагч нарын бусармаг үйлдэл зогсох бололтой. 
Эх сурвалж: