sonin.mn
 
Монгол Улсын Их Сургуулийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын улсын ахлах байцаагч Ч.Батбаатар, Ц.Цэгмид, улсын байцаагч К.Жархынбек нарт холбогдох захиргааны хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хянан хэлэлцээд ШӨХТГ-ын нэр бүхий улсын байцаагч нарын Дүгнэлт, Албан шаардлага нь хууль бус болохыг тогтоож, тэдгээр байцаагч нар МУИС-аас 2013-2014 оны хичээлийн жилд оюутан шилжүүлсэн шилжилтийн төлбөр болох 347 сая 182 мянган төгрөгийг буцаан олгож хохирол барагдуулахыг шаардсан нь үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх тогтоон, хүчингүй болгон шийдвэрлэсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.
 
Гэтэл хариуцагч болох ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хуралдаан болж, тус шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ны 62 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн дээрх үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм.
 
Нэхэмжлэгч МУИС давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг эс зөвшөөрч МУ-ын Дээд Шүүхэд хандан 2015 оны 03 сарын 10-нд гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд Шүүхийн хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж гомдол гаргагч МУИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хууль зүйн үндэслэлийг хүлээн авч хариуцагч ШӨХТГ-ын улсын байцаагч нар өөрт хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлэн улсын байцаагчийн Дүгнэлт, Албан шаардлага гаргасан болохыг тогтоон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ны 62 дугаар Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэгч МУИС-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 100% ханган шийдвэрлэлээ.
 
Ингэснээр МУИС-д шилжин суралцаж буй болон цаашид суралцах оюутнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж, МУИС-ийн хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож улмаар МУИС-аас асар их хэмжээний хохирлыг гаргуулах гэсэн этгээдүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон ач холбогдолтой юм.
 
МУИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль Зүйн Сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор А.Эрдэнэцогт ажиллажээ.