sonin.mn
Даварсан даатгалын компаниуд ард иргэдийг шулахын тулд сүүлдээ бүр төрийн байгууллагатай үгсэн хуйвалдаж иргэдийн халааснаас боловсон аргаар хулгай хийх болжээ. 
Өнгөрсөн хугацаанд борооны дараах мөөг шиг олширсон даатгалын компаниудын тоог цөөлөх гэж холбогдох газруудаас нь арга хэмжээ аваад ч амжилтанд хүрээгүй. 
Гэтэл одоо иргэдийн халаасыг тэмтрээд зогсохгүй боловсон аргаар хулгай хийж байгаа даатгалын компаниудтай Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хүртэл үгсэн хуйвалдаж хууль бус үйл ажиллагаа явуулдаг болжээ. 
 
Өөрөөр хэлбэл, орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд ШӨХТГ-аас шалгалт хийхэд нэлээд олон ноцтой зөрчил илэрсэн юм. Энэхүү хяналт шалгалтанд орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Хаан даатгал”, “Ард даатгал”, “Улаанбаатар хотын даатгал” зэрэг ХХК-иуд хамрагдсан байгаа юм.
Гэтэл эдгээр нэр бүхий компаниудтай төрийн өмчит нэгэн байгууллага хүртэл оролцон хууль бусаар иргэдээс мөнгө авсан нь тогтоогдсон байна.
 
Тодруулбал, Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь “Хаан даатгал” ХХК-тай өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр ХА150186 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар Харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгалын үйлчилгээний хураамж 1500 төгрөгийг хэрэглэг­­чийн өөрийнх нь зөвшөөрөл­­гүй бичгээр байгуулсан гэрээгүйгээр, бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байсан зэрэг ноцтой зэрэг зөрчил илэрсэн байна. 
 
Товчхондоо тус төрийн байгууллага хувийн даатгалын компанитай дээрх хууль бус үйлдлийг хамтран хэрэгжүүлсэн гэсэн үг. Мөн “Ард даатгал” ХХК иргэдийн халаасыг хууль бусаар тэмтэрч 246.5 сая төгрөгийн орлого олсон нь ч ШӨХТГ-ын шалгалтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл тус компани Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулсан нэрээр орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуц­­лагын даатгалын үйлчил­­­гээний хураамж 1000 төг­­­рөгийг хэрэг­­­­лэгчийн өө­­р­­ийнх нь зөв­шөөрөл­гүй, бич­­гээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр сууц өмчлөгчдийн холбооны төл­­бөрийн хамт шууд тооцон авч байсан зөрчил илэрчээ. 
 
Түүнчлэн тус даатгалын компанийн үйл ажиллагаанд даатгалуулагчийн шилжилт хөдөл­­гөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалыг хураам­­жийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илрээд зогсохгүй иргэдэд маш их хэмжээний хохирол учруулсан байна. Тодруулбал, тус компани хэрэглэг­­чийн эрхийг хам­­гаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль, Иргэний хууль Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны хууль гээд маш олон холбогдох журмуудыг зөрчиж доорх их хэмжээний мөнгөн дүнгийн орлого олсон байна. 
 
Тэд 2013 онд 11872, 2014 онд 12485, энэ оны эхний таван сарын байдлаар 4074 өрхөөс тус тус даатгалын хураамжийг авчээ. Ингээд шал­­­галтын багийнхан хэрэг­­лэгчээс авсан дээрх даатгалын хураамжийг, бичгээр хийгдэж, баталгаажсан гэрээт өрхтөй харьцуулж шалгахад 2013 онд 9627, 2014 онд 9790, энэ оны таван сард 3380 өрхтөй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүйн улмаас 2013 онд 115.5 сая, 2014 онд 117.5 сая, энэ онд 13.5 сая төгрөг нийт 246.5 сая төгрөгийг хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан болох нь тогтоогдоод байна. Мөн “Улаанбаатар хотын даатгал” ХХК ч дээрхтэй адил зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдсон байна. 
 
Энэ мэтээр даатгалын компаниуд иргэд аж ахуйн нэгжээс асар их хэмжээний даатгалыг жил болгон авдаг. Зүгээр нэг давхардсан тоогоор ийм их мөнгөн дүн гарч байгаа юм чинь нарийн шалгаад үзвэл асар их тоо гарах нь дамжиггүй. Ямартай ч төрийн байгууллага болон даатгалын компаниудад мөнгөө хулгайлуулсан иргэд тэднээс хохирлоо авах болж байх шиг байна. Тэдний энэхүү хууль бус үйлдлийн талаар ШӨХТГ-аас холбогдох газруудад нь албан бичиг илгээж иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-аас дээд шатны байгууллага болон албан тушаалтнуудад доорх шаардлагыг хүргүүлсэн байна. 
 
1.Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон “Хаан даатгал” ХХК-ийн энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ХА150186 дугаартай хууль бус хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох.
 
2.Зөрчлийг арилгуулах хэрэглэгчдэд уч­­руулсан хохир­­лыг барагдуулах улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг зөрчил гаргасан “Ард даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК Нийслэлийн орон сууц аж ахуйн удирдах газруудад хүргүүлэв. 
 
3.Албан тушаалаа урвуулан ашиглаж хэрэг­­лэгчдийг хохироосон Нийс­­лэлийн орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын удир­­длагад хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах саналыг дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлэв гэжээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд иргэдийг төөрөг­­дүүлж хууль бусаар ашиг орлого олж байсан нэр бүхий даатгалын компаниудад энэ удаа хатуухан хариуцлага тооцохгүй бол цаашид ч иргэдийг шулсаар байх бололтой.
 
Эх сурвалж: