sonin.mn
ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангид  331 эмэгтэй ял эдэлж байна. Хүний амь хөнөөсөн эмэгтэйчүүд ихэнх  нь байгаа бол сүүлийн үед хар тамхины хэрэгт холбогдон хоригдох нь ихэсчээ.
Тэдний 30 хувь буюу 97 нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл заалт буюу бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэг үйлдсэн бол 20 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэрэг үйлдсэн байна. Харин 26 хувь нь буюу 82 нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл анги буюу залилангийн хэрэг үйлджээ. Эдний  дотор хадгаламж зээлийн хоршооны гэх дуулиант хэргийн эзэд цөөнгүй. Бусдын биед гэмтэл учруулсан 27, хар тамхины хэрэгт холбогдсон 12 ялтан бий. Хар тамхины хэрэгтнүүд жил ирэх тутам нэмэгдэж байгаа, Филиппин улсын иргэн ч хар тамхины хэрэгт холбогдсон болохыг Хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж танилцуулсан.
 
Ялтнуудын 71 хувь нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бол 43 нь хоёр удаа, 24 нь гурван удаа, 21 нь дөрөв ба түүнээс дээш удаагийн давтан хэрэгтнүүд. Бүр 8 удаагийн үйлдэлтэй нэг ялтан байгаа аж. Ялтнуудын 21,1 хувь нь хүндэвтэр, 28,7 хувь нь хүнд, 50,2 хувь нь онц хүнд хэрэг үйлдэгсэд. Чанга дэглэмд ял эдэлж буй 68 эмэгтэйг онц хүнд хэрэг үйлдсэнд тооцно. Хар тамхины хэрэгт холбогдсон  Лена хэмээх бүсгүй орос хэлний багш мэргэжилтэй тэрбээр  гэр бүлээрээ аялалаар  гадаадад явахдаа хар тамхины хэрэгт холбогдож бүгдээрээ ялтан болжээ.  Тус хорих ангид түүний охин Онон, хүргэнийх нь эгч Навчаа нар хамт хоригдож байгаа. Хүргэн Наранбаатар ч  ялтан болжээ. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг