sonin.mn
Одоогоос таван жилийн өмнө нөхрийнхөө хардалт, дарамтаас залхсан эмэгтэй хоёр настай хүүгээ тэврээд, арван настай охиноо хөтлөөд нутагтаа очжээ. Хөгшин аав дээрээ ирсэн эмэгтэй “Санаа амарч, нөхрөөсөө саллаа” гэж бодож байтал нэг л өдөр охиныг нь төрсөн аав нь орондоо оруулчихсан, оролдож байхыг хараад тэссэнгүй, аминд нь хүрсэн байна. Амьдрал энэ мэт санаанд оромгүй зүйлээр дүүрэн байдаг. Хүн л болсон хойно ямар ч аавын хүү, ээжийн охин алдаж, эндэнэ. Ийм л хяслантай ч гэмээр хувь тавилан “эмэгтэйчүүдийн” гэх тодотголтой хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдэд оногджээ. Тус хориход 327 эмэгтэй хийсэн гэм, нүглийнхээ төлөөсийг төлж, тэр хэрээр эрх чөлөөт амьдралыг мөрөөдөн өдөр, хоногийг өнгөрүүлж сууна. Тэдний 253 нь жирийн, 68 нь чанга дэглэмтэй ангид ял эдэлж байгаа бөгөөд баривчлах ялтай зургаан хүмүүжигч хоригдож байгаа аж. Манай сурвалжлах баг өчигдөр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцахаар хотоос холгүйхэн байх тус газрыг зорьсон юм.
 
ӨРГӨСТ ТОР, ӨНДӨР ХАНАНЫ ЦААНА
 
Улсдаа ганц байдаг гэх эл хорих ангид мэргэжил нэгтнээ харанхуй орцонд онц хэрцгийгээр хөнөөсөн татварын байцаагч эмэгтэйгээс эхлүүлээд эр нөхөр, хамтран амьдрагч, хойд эцэг, төрсөн дүү, ахынхаа аминд хүрсэн хүмүүжигч олон бий. Тэднийг хийсэн хэрэг, нийгэмд учруулсан хор, хохирлоос нь хамаарч жирийн болон чанга дэглэмтэй ангид ял эдлүүлдэг байна. Үнэндээ анх шорон гээчийг төсөөлөхдөө “зэрлэг”-үүдийг хатуу гараар хүмүүжүүлдэг газар гэж боддог байв. Тэнд зоргоор амьсгалах салхи нь хүртэл хязгаартай гэдгийг олон удаа сонсож байсан болохоор хамгаалалтын зурвас нэвтрэхэд нэг л айдас, түгшүүртэй санагдсан. Дотроо “Ямар орчин угтах бол” гэж бодож зогссон надад хянагч эмэгтэй хүмүүжигчдийг сэтгэл санаагаар унагахгүй, мартах гэж хичээж байгаа аймшигт дурсамжийг нь сануулж, ямар хэргээр орж ирснийг нь асуухгүй байхаас гадна тасарч явахгүй, ганцаарчилж харьцахгүй байхыг хатуу анхааруулав. Ингээд дотогш орлоо. Гэтэл миний таамаглал бодит байдал дээр эсрэгээрээ байлаа. Харин ч тэд хамтлаг байгуулаад дуулж, хуурддаг төдийгүй хатгамал, гар урлал, оёдол, үсчин гоо сайхан гээд төрөл бүрийн ажил хийдэг аж. Тэгээд ч тус ангийн удирдлагууд тэдний ажиллах орчинг нь маш сайн бүрдүүлж чаджээ. Үүнээс гадна хүмүүжигчид чөлөөт цагаараа номын санд сууж, өдөр тутмын хэвлэлээс мэдээ, мэдээлэл унших боломжтой бөгөөд хорих ангийн номын санд уран зохиол, улс төр, гэгээрэл, бясалгалын бүтээлүүд хэдэн зуугаараа өрөөстэй харагдав. Жирийн дэглэмтэй ангид ял эдэлж буй эмэгтэйчүүд зургаа зургаагаараа төмөр сараалжин хаалгатай, хоёр давхар ортой өрөөнд байрлах аж. Өрөө болгоны хананд “Эвтэй байцгаая” гэх бичиг хадсан нь нүдэнд их л содон туслаа. Эмэгтэйчүүд хүмүүждэг гэсэндээ цэвэрхэн, тохилог гэж жигтэйхэн. Бүх өрөөний орыг ногоон өнгийн бүтээлгээр ижилсүүлж, цэмцийтэл нь засчээ. Харин чанга дэглэмтэй ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн хувьд арай өөр. Учир нь, энд дандаа хүн амь, хар тамхи, авлигын хэргээр ял сонссон эмэгтэйчүүд хоригддог юм байна. Тэдний хувьд жирийн дэглэмтэй ангид ял эдэлж буй хүмүүжигчдийг бодвол эрх чөлөө нь хязгаарлагдмал байх аж. Наад зах нь, жирийн дэглэмтэй ангид ял эдэлж буй эмэгтэйчүүд сард, чанга дэглэмтэй ангийн хүмүүжигчид хоёр сард нэг удаа тусгай өрөөнд ар гэрийнхэнтэйгээ 72 цаг байх эрхтэй гэнэ. Харин бүх хүмүүжигч долоо хоногт нэг удаа таван минут гэрийнхэнтэйгээ утсаар ярьдаг байна.
 
ГАРАА ХУМХИН ЗҮГЭЭР СУУХ ГАНЦ Ч ХҮМҮҮЖИГЧ БАЙХГҮЙ
 
Өргөст тор, өндөр ханаар эрхээ хязгаарлуулсан хүмүүжигчдийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Мэдсэн ч цэрвэж, цээрлэх нь бий. Тэгвэл эдгээр ял эдэлж буй 300 гаруй эмэгтэйн амьдралын хэвшил энгийн хэрнээ эцэс, төгсгөлгүй хөдөлмөрийн талбарт өрнөдөг юм билээ. Өөрөөр хэлбэл, энд гар хумхин зүгээр суух ганц ч хүмүүжигч байхгүй. Хорих ангийн хашаанд оёдлын үйлдвэр байрладаг болохоор хүмүүжигчид хуваарийн дагуу тэнд ажиллаж, бусдад учруулсан хохирлоо төлөхийн хажуугаар ар гэртээ тав, арван төгрөг явуулдаг байна. Оёдлын үйлдвэр нь ашиглалтад ороод удаагүй ч шулуун оёдлын 34 машин, тусгай зориулалтын тав, эсгүүрийн хоёр машинтай төдийгүй дөрвөн уурын индүү бүхий тоног төхөөрөмжтэй аж. Хүмүүжигчид өглөө 07.00 цагт босч тоондоо орно. Тоонд орсон даруйдаа цайгаа ууж, өөрсдийн хийх ёстой ажилдаа гарцгаадаг аж. Ээлжийн дагуу өдрийн найман цаг оёдлын үйлдвэрт ажиллаж, завсар чөлөөгөөр нь гар урлал, ном унших зэргээр өөрсдийгөө хөгжүүлэх зүйл хийнэ. Ингээд оройн хоолоо идэж, дахин тоонд хамрагдсаны дараа буюу 23.00 цагт бүгд орондоо ордог байна. Тус хорих анги нь энэ оны I улирлын байдлаар зургаан байгууллага, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Улмаар гэрийн цагаан бүрээс, ажлын хувцас, дээл, хантааз, толгойн гоёл, эсгий болон арьсан улавч зэрэг захиалгат бүтээгдэхүүний дамжлагыг гүйцэтгэдэг тухай тус хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж ярьж байлаа. Тэрбээр “Өнгөрсөн онд нийт ялтны 86 хувийг ажлын байраар хангаж байсан. Энэ жил үйлдвэр, гар урлалын хэсгүүдэд 108, аж ахуйн үйлчилгээнд 64, гэрээт байгууллагад 80 нийт 252 хүн буюу 77 хувийг тогтмол ажлын байраар хангаж байна” гэв. ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн чанга дэглэмтэй хэсэгт 68 эмэгтэй ял эдэлж буй. Тэдний нэг нь гадаадын иргэн аж. Филиппин эмэгтэй хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс 18 жилийн ял сонсчээ.
 
“БИДНИЙ ЭНЭ ЗОВЛОН БИДНЭЭР Л ДУУСАГ”
 
Анх хорих ангийн хамгаалалтын зурвас нэвтрэхэд хянагч эмэгтэй хүмүүжигчдийг сэтгэл санаагаар унагахгүй, мартах гэж хичээж байгаа аймшигт дурсамжийг нь сануулж, ямар хэргээр орж ирснийг нь асуухгүй байхыг хатуу анхааруулсан талаар дээр дурдсан. Гэхдээ бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс нэг ч гэсэн хүмүүжигчээс хийсэн хэргийнх нь талаар тодруулахгүй бол хорих ангийг зорих шалтгаан юусан билээ. Ингээд хянагч эмэгтэйн нүдийг хариулж, зарим хүмүүжигчтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
 
Хүмүүжигч Г: ХҮҮГЭЭ ХАРААГҮЙ ЗУРГААН ЖИЛ БОЛЖ БАЙНА
 
-Ямар хэргээр хэдэн жилийн ял сонссон бэ?
 
-Нөхрийнхөө амийг санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр 11 жилийн ял авсан. Энд ирээд зургаан жил болж байна.
 
-Яагаад нөхрөө хөнөөчихсөн юм бэ?
 
-Талийгаач нөхөр маань архи ууж ирээд зодож, нүддэг байсан. “Архи битгий уугаач” гэж олон удаа гуйсан. Аргадаж, уйлж, загнаж ч үзсэн. Сүүлдээ нөхөртэйгээ хамт архи уудаг болсон. Гэхдээ 10-аад жил эр хүний дарамт, шахалт, хүчирхийлэлд байсан ямар ч эмэгтэй нэг л өдөр тэсэрдэг юм билээ.
 
-Тухайн үед яг юу болсон юм?
 
-Талийгаачтай 30-хан мянган төгрөгөөс болж хэрэлдсэн. Би нялх хүүхэдтэй, ажил хийдэггүй байсан. Яг нэг өдрийн хоолны мөнгөөр маань тэр хүн архи аваад уучихсан. Нөхөртөө зодуулж хутгаар сийчүүлээд хэвтэж байхдаа ямар ч хамаагүй аргаар өөрийгөө, хүүгээ хамгаалах ёстой гэх бодол тэрхэн мөчид орж ирсэн. Тэгээд хутгыг нь аваад л... Шүүх эмнэлгийн дүгнэлт “Тараагуур судас нь зүсэгдсэний улмаас дотуур цус алдаж нас барсан” гэж гарсан.
 
-Хүү чинь хаана, хэн дээр байгаа вэ?
 
-Хүү маань хадмынд байгаа. Харин бага охиноо асрамжийн газарт өгсөн. Охинтойгоо жилд дөрвөн удаа уулздаг. Энд ирснээсээ хойш хүүгээ нэг ч удаа хараагүй. Уулзалгүй зургаан жил болж байна. Одоо ч хүү маань том эр болсон доо. Шоронгоос суллагдаад хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарна гэж боддог.
 
Хүмүүжигч Б: БАГА ДҮҮ МААНЬ ТАЛИЙГААЧИД ГАР Ч ХҮРЭЭГҮЙ
 
-Таныг хоёр дүүтэйгээ нийлж нөхрийнхөө амийг егүүтгэсэн хэргээр ял эдэлж байгаа гэж сонслоо?
 
-Тийм ээ. Хоригдоод зургаан жил болж байна. Хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр шүүхээс 15 жил нэг сарын ял сонссон. Хоёр дүү маань 17-20 жил хоригдох байх.
 
-Тухайн үед яг юу болсон юм бэ. Яагаад нэг айлын гурвын гурван хүүхэд ял эдэлж байгаа юм бэ?
 
-Талийгаач нөхөр маань согтуу ирээд намайг дөрвөн цагийн турш зодож тамласан. Тэгэхдээ хаалга үүдээ түгжиж байгаад их л зэрлэг балмад асуултуудыг тавьж үргэлжлүүлэн зодсоор байсан. Тэр хүнийг намайг алж байж л салах юм байна санагдаад хэн нэгнээс тусламж гуйх хэрэгтэй гэж бодоод дүү рүүгээ залгасан. Гэтэл дүү маань намайг зодуулж байгааг зөн совингоороо мэдсэн юм шиг ахыгаа дагуулаад ирсэн. Тухайн үед хоёр дүү маань 22, 23 настай байсан. Үнэндээ нэг дүү маань талийгаачид гар хүрээгүй. Зүгээр л хажууд нь зогсч байсан ч түүнд 17 жилийн ял оноосон. Хэрэв шүүх үнэн зөвөөр нь шийдсэн бол нэг айлын гурван хүн яллагдахгүй байлаа. Намайг өмгөөлж хамгаалсны төлөө бид гурвуулаа ялтан болсон.
 
Хүмүүжигч У: ТАЛИЙГААЧ АРХИ УУСАН ҮЕДЭЭ АРААТАН БОЛЧИХДОГ БАЙСАН
 
-Энд ирээд хэдэн жил болж байна вэ?
 
-Өнгөрсөн 2009 оны гуравдугаар сард ирсэн. Ирээд зургаан жил болох гэж байна. Дархан-Уул аймгийн шүүхээс 11 жилийн ял сонссон.
 
-Нөхрийнхөө аминд хүрэх болсон шалтгаан нь юу байв?
 
-Талийгаач миний хоёр дахь амьдрал байлаа. Гурван жил гаран хамт амьдарсан. Анхнаасаа л архи уудаг, архинд донтчихсон хүн байсан. Архи уусан үедээ араатан болчихдог. Маш хэрцгий авир гаргана. Зодож нүднэ. Тэр болгонд нь цагдаа дуудаад өгчихдөг байлаа. Гэвч ямар ч нэмэр болоогүй.
 
-Хэрэг гарах үед талийгаачаас өөр хүн байсан уу?
 
-Байгаагүй. Талийгаач нөхөр маань 2009 оны наймдугаар сарын 16-нд 08.00 цагт гэрээсээ гараад 22.00 цагийн үед архи уучихсан ирээд агсам тавьж, зодож эхэлсэн. Тухайн үед ширээн дээр талх зүсэж байгаад орхисон хутга харагдсан.
 
-Тэгээд л хутгалчихсан хэрэг үү?
 
-Уг нь би хутгалья гэж бодоогүй. Нөхрийнхөө гараас арай хийн мултарч гэрээсээ гарах гэж байсан юм. Архи уучихаараа юу ч хийж байгаагаа мэдэхгүй тасардаг болохоор нь би ширээн дээр байсан хутгыг нуух санаатай авсан. Гэтэл намайг хутга авах тэрхэн хооронд араас ирээд бариад авахад нь би цочсондоо хойшоо эргэж нөхрийгөө хутгалчихсан. Энэ хэргийг үнэхээр санамсаргүйгээр үйлдсэн. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн. Тэрбээр “Нэгэнт хийсэн хэргийнхээ горыг амсаж сууна. Гэхдээ залууст хандаж хэдэн үг хэлмээр байна. Хүн ганц олдох амьдралдаа хань ижлээ зөв сонгож чадахгүй бол цаашид бүдэрдэг юм байна гэдгийг ой ой тойндоо ортол ухаарлаа. Бидний энэ зовлон биднээр л дуусаг” хэмээн ярьсан юм.
 
Түүний сүүмгэр харцанд харуусал, ухаарал хосолсон харагдсан. Хэдийгээр ажил мэргэжил эзэмшүүлж, цалин мөнгө өгдөг, дарамт шахалт байдаггүй гэж байгаа ч эрх чөлөөгөө хасуулж, дөрвөн хананы дунд зэвсэгтэй харуулаар цагдуулж байна гэдгийг яахан тайван амьдрал гэж хэлж болох билээ. Тэгээд ч хүний эрхэнд жаргахаар, өөрийн эрхээр зов гэдэг. Энэ газрыг яаж ч тордлоо гээд эрх чөлөөнөөс илүү жаргал мэдрүүлнэ гэж үгүй. Нөгөөтэйгүүр өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд хуулийн мэдлэг хомс, эдийн засгийн хараат байдлаас болж эр нөхөр, хамтран амьдрагчдаа дарамтлуулсны улмаас ялтан болж амьдралдаа хар толбо үлдээж, алдаж эндэж байгаа гэдгийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс энэхүү сурвалжлагыг бэлтгэн хүргэлээ.
 
Б.Төрбат
 
Эх сурвалж:   unen.mn