sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. АНУ-ын Бостон хотод болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр халдлага үйлдсэн нь тогтоогдсон Жохар Царнаевт тус хотын тангарагтны шүүх баасан гарагт цаазаар авах ял оноолоо. Долоон эмэгтэй, таван эрэгтэй шүүгчийн бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх 21 настай Царнаевт оноох шийтгэлийг 14.5 цагийн турш хэлэлцжээ.
АП агентлагийн мэдээлснээр, цаазаар авах ялыг тусгай эм тариа хийх замаар гүйцэтгэнэ. Давж заалдах гомдол мэдүүлсэн тохиолдолд ялыг хэдэн жилийн дараа гүйцэтгэх боломжтой болно гэж телевизийн “CNN” компани онцлон тэмдэглэжээ.
 
Телевизийн сувгуудын зураглаачдыг шүүх танхимд оруулаагүй байна. Шүүх хурал болохын өмнө тангарагтнууд Царнаевын үйлдсэн гэмт хэрэг болон түүний хувийн мэдээлэлтэй холбоотой 24 хуудас бүхий асуултуудын жагсаалтыг уншжээ. Эцсийн шийдвэр гаргахын өмнө тангарагтнууд эдгээр асуултад заавал хариулах ёстой байв. Ялын тогтоолыг унших үед Бостон хотын шүүхийн гадна хэдэн арван хүн цугласан байжээ. Шүүх танхимд байсан хүмүүсийн хэлснээр, Царнаев толгойгоо бөхийлгөн ялын тогтоолыг сонссон байна.
 
2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд Бостон хотын төвд марафон гүйлтийн тэмцээний барианы шугамын ойролцоо 12 секундийн зайтай хоёр дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алдаж, 260 хүн гэмтэж шархадсан байна. Халдлага үйлдсэнээс хэд хоногийн дараа цагдаа нар уг халдлагыг зохион байгуулагч ах дүү Царнаевын мөрөөр оржээ. Баривчлах ажиллагаа явуулах үеэр ах Тамерлан нь амиа алдсан юм. Жохар шархдаж, баривчлагдсан байна.
 
Бостон төдийгүй Массачусетс муж улсын бүх хотод цаазын ялыг 30 гаруй жилийн өмнө халсан хэдий ч цаазаар авах ял оноох тухай тусгасан холбооны улсын хуулийн дагуу Царнаевт ял оноожээ.
 
Д.Жаргал
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг